“Нэг хот-Нэг стандарт” анхдугаар зөвлөгөөн болно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы санаачилгаар “Нэг хот-Нэг стандарт” сэдэвт анхдугаар зөвлөгөөн зохион байгуулагдах гэж байна. Уг зөвлөгөөн хоёр өдөр болох бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 12-нд дүүрэг, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч, 14–ний өдөр нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтнууд оролцох юм.
“Нэг хот-Нэг стандарт” зөвөлгөөнөөр салбарын удирдлага, албан тушаалтнууд “Нэг хот-Нэг стандарт”, агаарын бохирдлыг бууруулах “Сайн түлш”-ний хэрэглээ, хяналт зохицуулалт, “Стандартын тухай ерөнхий ойлголт”, болон “Хотын тогтвортой хөгжлийн стандарт, техникийн зохицуулалтын баримт бичгийн тогтолцоог бий болгож мөрдүүлэх, хэвшүүлэх шаардлага” сэдэвт арав гаруй илтгэл тавьж, оролцогчид “Нэг хот-Нэг стандарт”-тай болох талаар санал хүсэлтээ илэрхийлнэ. Улмаар хотын дарга С.Амарсайхан зөвлөгөөнийг дүгнэж, үүрэг чиглэл өгөх юм.
Мөн 2019 онд Нийслэлийн хэмжээнд иргэдийн амьдрах орчныг сайжруулах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажил, бүтээн байгуулалтаараа манлайлсан “Манай хороо-Миний гудамж” аяны шилдгүүд ажлын арга туршлагаасаа хуваалцах юм.