“Богд уулын явган аяллын чиглэлд газрын маргаанаас үүдэлтэйгээр дэд бүтцийн ажлыг гацааж байна“
Богдхан уулын Зайсан-Дугуйцагаан-Баруун ширээтийн аяллын чиглэлд дэд бүтэц сайжруулахаар авто машины зогсоол байгуулах, нийтийн ариун цэврийн байгууламж барих ажил хийгдэх болсон ч газрын маргаанаас үүдэлтэйгээр сүүлийн хоёр жилийн турш ажил удаашралтай байгаа аж.
Маргаан тэмцэл болж барьсан 300 машины зогсоолын гуравны нэгийг хашиж, цоожлон иргэдээс төлбөр авч байгааг нь зогсоохоор удаа дараа мэдэгдэл өгсөн ч үл ойшоодог байна.
Түүнчлэн оюутнуудыг эсэргүүцэлд турхирч, Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргааны ажилчид болон оюутнуудын хооронд маргаан, зодоон хүртэл гарч байжээ.
Уг асуудлаар өнөөдөр Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Д.Батмөнх "БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын тушаалаар дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчсөн, газрын төлбөр төлөөгүй, үйл ажиллагаа явуулаагүй гэх үндэслэлээр
- Богдхан уулын Арцатын ам,
- Зайсангийн ам,
- Түргэний ам,
- Хүүшийн ам,
- Чандманий ам,
- Чулуутын ам,
- Хүрхрээгийн аманд 2018 онд 170, 2019 онд 54 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах эрхийг цуцалсан.
Тэдгээрийн зарим нь болох Монголын үндэсний их сургууль, Универсал политехник коллеж, Энигма ХХК-д олгосон нийт 32.7 га газрын ашиглах эрхийг цуцалсантай холбогдуулан эдгээр компанийн төлөөллүүд шүүхэд хандаж, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шүүхийн шүүгчдийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрхийг дуусгавар болгосныг хүчингүй болгож, нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн талд шийдвэрлэсэн байна. Ингээд бид дахин шүүхдэж уг газрыг ашиглах эрх олгосон тушаалыг хүчингүй болгох шийдвэрийг шүүхээс гаргасан.
Гэтэл эдгээр компаниуд дахин шүүхэд хандсан гээд нийтийн ариун цэврийн байгууламж барих ажлыг зогсоож, улсын хөрөнгөөр баригдсан зогсоолыг хашиж цоожлон, иргэдээс төлбөр авч байна.
БОАЖЯ-наас гаргасан шийдвэрийг шүүх хүчингүй болгох асуудал их байгаагаас болж төрийн ажил удаашрах асуудал их гардаг.
Богдхан уулын ДЦГ-аас иргэн, ААН-үүдэд ашиглуулахдаа га тутамд төлбөр авдаг бөгөөд яг уг бүсэд 1 га ашигласны төлбөр 19,200,000 төгрөг байдаг. Гэтэл боловсролын эрхтэй эдгээр компаниуд Газрын тухай хуулийн дагуу 2007 оноос хойш газрын төлбөрөөс чөлөөлөгдөж ирсэн.
Ийнхүү Богд уулын иргэд хамгийн ихээр зорчдог буюу амралтын өдрүүдэд хамгийн багадаа 2,000 иргэн ирдэг аяллын чиглэлд ариун цэврийн байгууламж барих ажлыг гацааж байгаа" гэв.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|