НХЭГ: “Ажил мэргэжлийн зөвлөх үйлчилгээг танилцуулах өдөрлөг” анх удаа зохион байгуулагдлаа
НХЭГ-ын Дүнжингарав салбарт байрлах Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд “Ажил мэргэжлийн зөвлөх үйлчилгээг танилцуулах өдөрлөг”-ийг өнөөдөр зохион байгууллаа.
Тус газраас 2019 онд нийт 35 удаагийн Ажлын байрны өдөрлөг, мөн онлайн зуучлалын арга хэмжээ зохион байгуулснаар 22000 орчим иргэнийг ажлын шууд ярилцлагад хамруулсан бөгөөд энэ удаад “Ажил мэргэжлийн зөвлөх үйлчилгээг танилцуулах өдөрлөг”-ийг анх удаа зохион байгуулж байгаагаараа ихээхэн онцлогтой юм.
Энэхүү арга хэмжээний хүрээнд Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн хамтран ажил мэргэжлийн зөвлөгөө, сэтгэл зүйн тест оношилгоо, мэргэжлийн сонирхол тодорхойлох оношилгоо, бие хүний зан төлвийн оношилгоо, хөдөлмөрийн харилцааны талаарх хууль зүйн зөвлөгөө, “Тогтвортой ажлын байр” сэдэвт ажил олгогчдын хэлэлцүүлэг зэргийг нэг дор үзүүллээ.
Мөн энэ үеэр “Үлэмж гросерс” ХХК-ийн Ажлын байрны өдөрлөгийг зохион байгуулж, 140 орчим нээлттэй ажлын байранд ажлын шууд ярилцлага хийгдлээ.
Түүнчлэн Дэлхийн банкны санхүүжилтээр ХНХЯ, ХХҮЕГ-аас хэрэгжүүлж буй "Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих туршилтын хөтөлбөр"-ийн хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалтанд иргэдийг бүртгэж байна.
Энэхүү сургалт нь сонгосон мэргэжлээс шалтгаалж 16-20 долоо хоног үргэлжлэх ба модульт сургалт, мэргэжлийн сургалт /8 мэргэжил/, ажлын байран дээрх дадлага, ажил хайх ур чадварын сургалт, сургалтын дараах дэмжлэг, чадамжийн хөндлөнгийн үнэлгээ зэрэг үе шаттай хэрэгжинэ.
Тус сургалтанд хамрагдсан иргэд тухайн мэргэшлийн 2-р түвшний чадамжийг бүрэн эзэмших, ажил эрхлэхэд шаардагадах цогц ур чадварт суралцах, 100% үнэ төлбөргүй хамрагдах төдийгүй сургалт дадлагын хугацаанд хоол унааны зардлыг өдрийн 5000 төгрөгөөр тооцож авах зэрэг боломжуудыг эдэлнэ.
Цогц сургалтад хамрагдахыг хүссэн иргэд 2019 оны 11 дүгээр сарын 25-ныг хүртэл хугацаанд Дүнжингарав дахь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв болон харьяа дүүргийнхээ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст хандаж бүртгүүлэх боломжтой юм байна.
/Бүртгүүлэхдээ байнгын, эсвэл түр оршин суугчийн хорооны тодорхойлолтыг авч ирэн, хөдөлмөрийн мэргэжилтнээс сургалтад суух хүсэлтийн анкетыг авч бөглөнө/
ШУУД ҮЗЭХ: