Ротаричууд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тоглоомын талбайг байгуулна
2018 оны байдлаар Монголд 105,730 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, үүнээс Улаанбаатар хотод 35,589 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдарч байна. Тэд бусдын адил ажиллаж хөдөлмөрлөж, инээн баясаж хүсэл мөрөөдлийнхөө төлөө амьдрах эрхтэй. Гэвч тэдэнд зориулсан нийгмийн халамж үйлчилгээ, эрүүл аюулгүй амьдрах орчин нөхцөл үргэлж л дутмаг байдаг. Үүний нэг тод жишээ бол улсын маань нийслэл хотод хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тоглоомын талбай огт байдаггүй явдал юм.
Гэвч саарын хажуугаар сайн зүйлс үргэлж гарч ирдэг шиг Монголд анх удаа “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд” зориулсан тоглоомын талбай барих санаачлагыг Монголын Ротари клубууд санаачлан хэрэгжүүлэх гэж байгааг дуулаад энэ талаар тодруулахаар олон улсын ротари 3450 дүүргийн Монголын 10-р бүсийн захирагч Э.Ганбаттай уулзаж ярилцсанаа та бүхэнд хүргэж байна.
-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Хоёулаа яриагаа яагаад энэ төслийг хэрэгжүүлэхээр болсон талаар эхлэе.
-Олон улсын Ротари байгууллага нь хүүхдийн эрүүл мэнд, байгаль орчны хамгаалал, цэвэр усны хангамж, өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, боловсролыг дэмжих зэрэг үндсэн чиглэлүүдээр хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг. Тийм ч учраас манай дэлхий даяарх 36,000 гаруй клуб тэдгээрийн 1,2 сая гишүүн бүр үргэлж сайн сайхан нийгмийг бий болгохын тулд үргэлж шинийг санаачилж түүнийгээ хэрэгжүүлдэг юм. Монголд дах ротари клубууд ч гэсэн үүсгэн байгуулагдсан цагаас хойш маш олон төслүүдийг санаачлан хэрэгжүүлж ирсэн. Энэ сэдэв бол яах аргагүй манай нийгмийн орхигдсон асуудлын нэг мөн байсан учраас манай ротаричууд ирэх жил болох 25 жилийн ойгоо угтан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан анхны тоглоомын талбайг барьж байгуулах санаачлагыг гаргасан юм.
-Энэ тоглоомын талбайг яг хаана барих гэж төлөвлөж байгаа вэ? Төсөв хөрөнгийг хэрхэн шийдэж байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?
-1995 онд Монголд анх Ротари хөдөлгөөн үүсгэн байгуулагдсанаас хойш маш олон төслүүдийг санаачлан хэрэгжүүлсэн. Тухайлбал 500 гаруй га газрыг ойжуулсан “Keep Mongolia Green” төсөл, 300 гаруй хүүхдүүдэд амьдрал бэлэглэсэн “Хүүхдийн зүрх” төсөл, Умайн хүзүүний хорт хавдрын илрүүлэг шинжилгээг 21 аймгийн 30,000 гаруй эмэгтэйчүүдэд 10 жилийн турш хэрэгжүүлж олон эмэгтэйчүүдийг хорт хавдрын эхэн үед нь оношлон эмчилсэн “Амьдралын төлөөх аян” гэх мэт эрүүл мэнд боловсролын салбарт нийтдээ 9,9 сая ам долларын өртөг бүхий төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн байдаг.
Энэ бүх төслийн санхүүжилтийг бид олон улсаас болон дотоодын сайн санаат байгууллага хамт олон, хувь хүмүүс мөн бидний хийж буй төслүүдийг ойлгон дэмждэг сангуудаас босгодог. Үүний адилаар бид энэ удаагийн төслийн санхүүжилтийн тодорхой хувийг өөрсдийн дотоод сангаас бүрдүүлж үлдсэн хэсгийг цэвэр хандиваар босгож байгаа. Төслийн байршлын хувьд хүүхэд бүр үнэ төлбөргүй очиж тоглох боломжийг бүрдүүлэх үүднээс “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д барьж байгуулахаар төлөвлөж байгаа. Энэ талаар албан хүсэлт явуулаад дэмжигдсэн. Нийтдээ 1700м2 талбайд хөгжлийн бэрхшээлтэй ямар хүүхэд ирээд тоглох бүрэн боломжтой талбайг барьж байгуулахаар төлөвлөж байна.
-Тоглоомын талбайг барьж байгуулах төсөв хөрөнгө бүрэн цуглаж чадсан уу? Одоогоор хэдэн хувьтай явж байгаа вэ?
-Одоогийн байдлаар 60%-тай тэнцэх хэмжээний мөнгийг дотоодоосоо босгож чадсан байгаа. Энэ төсөлд бидний тооцоолж байгаагаар нийтдээ 150 сая төгрөг зарцуулагдана. Бид үлдсэн мөнгийг босгохын тулд олон нийтэд зориулсан арга хэмжээнүүдийг шат дараатайгаар явуулахаар төлөвлөөд эхнээсээ хэрэгжиж байна. Үүний эхлэл болгож 11-р сарын 2-ны Бямба гарагт УДБЭТ-т дэлхийн алдарт “АИДА” дуурийг олон нийтэд толилуулж үүнээс олох орлогын 50%-ийг энэхүү төсөлдөө хандивлахаар төлөвлөж байгаа юм.
Тиймээс бидний хийхээр зорьж байгаа энэхүү төсөлд туслахыг хүссэн хүн бүр манай “Rotary Opera Charity Night” арга хэмжээнд маань оролцож нэгэн оройг сайхан дуурь үзэнгээ Монголынхоо ирээдүй болсон хүүхдүүдийнхээ төлөө гэсэн маш том хөрөнгө оруулалтад гар бие оролцоосой гэж уриалж байна.
Хувь хүний зүгээс та бүхний санаачилж байгаа энэ төслийг биеллээ олоосой гэж хүсэж байна. Бидний ярилцлагыг уншаад тусалж дэмжих юмсан гэж бодож байгаа хүмүүст хэрхэн та нартай холбогдох вэ?
-Баярлалаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ч гэсэн бидний ирээдүй. Тэд маань энэ тоглоомын талбайд ирж тоглоод аз жаргал дүүрэн инээмсэглэхийг хараад хүн бүхэн энэ төслийн маань зорилгыг ойлгох байх. Бидэнтэй хамтран ажиллаж туслахыг хүссэн хүн бүрт бидний үүд хаалга үргэлж нээлттэй байх болно. Манай Ротари клубын мэдээллийн төв Юнион бьюлдинг оффисийн 13 давхарт байрладаг. Мөн 94001333, 80114768 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Энэ дашрамд хэлэхэд манай хамгийн эхний эвент болох 11-р сарын 2-ны дуурийн театрт болох арга хэмжээнд маань та бүхнийг оролцоосой гэж хүсэж байна.
-Зав гаргаж ярилцлага өгсөнд баярлалаа. Та бүхний ажил үйлсэд өндөр амжилт хүсье. Тоглоомын талбайг нээх өдөр дахин уулзахын ерөөл тавья.
-Маш их баярлалаа. Тэр сайхан өдөр тун удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна.
Сэтгүүлч: Д.Энхчим
Эх сурвалж: gogo.mn
|