“Улаанбаатар Смарт Карт” ХХК-иас МЭДЭГДЭЛ гаргалаа
2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “25 дугаар суваг” телевизийн “25 цаг” мэдээллийн хөтөлбөрөөр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч М.Халиунбат болон тус телевизийн бэлтгэн нэвтрүүлсэн үндэслэлгүй мэдээллийн тухай Улаанбаатар смарт карт ХХК-аас дараах мэдэгдлийг гаргаж байна.
“Улаанбаатар смарт карт” ХХК нь 2014 онд Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хот болон эрх бүхий этгээдийн сонгон шалгаруулалтаар шалгарсан Дата карт консерциум нарын төр – хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран байгуулсан, Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлж буй компани юм.
Гэтэл Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч М.Халиунбат нь Улаанбаатар смарт карт ХХК-аас ажил үүргийн шугамаар мэдээ, мэдээлэл авч мөн дээрх мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт, зөвлөмж гарсаар байтал 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 25 дугаар суваг телевизийн “25 цаг” мэдээллийн хөтөлбөрөөр тус компанийн нэвтрүүлсэн системийн “GPS систем ажилладаггүй, хааяа ажилладаг, хагас ажилладаг, үүнээс улбаалан машин цагийн зардал худлаа тооцогдож байна, ... хяналтын камер тавиагүй, сүүлд камержуулж эхэлсэн, ... зорчигч тоолох систем байхгүй ...” гэх зэргээр компанийн үйл ажиллагааг харлуулан буруутгах, тасалдуулах, зогсоох, улмаар тус компанийн бизнесийн болон ажил хэргийн нэр хүндийЙг гутааж, цаашлаад ард иргэдэд тус компани нь төслийг хэрэгжүүлэхгүй, нэвтрүүлсэн систем нь ажиллахгүй байгаа мэтээр бодит үнэнд нийцэхгүй худал мэдээллийг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр санаатайгаар, удаа дараа ийнхүү тарааж байгаа явдалд туйлын ихээр харамсаж байна.
Иймд бид Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч М.Халиунбат болон 25 дугаар суваг телевизийн 2019 оны 10 сарын 24-ний өдрийн “25 цаг” мэдээллийн хөтөлбөрөөр тус компанийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан, бодит үнэнд нийцэхгүй худал мэдээллийг олон нийтэд тараасан болохыг шалгуулахаар хууль, шүүхийн байгууллагад хандах болсоныг үүгээр мэдэгдэж байна.