НИТХ: Ирэх онд 303 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлнэ
НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит XXVIII хуралдаан боллоо. Хуралдаанаар Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл, “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концевци” батлах тухай асуудлыг дэмжих талаар хэлэлцсэн юм.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард НИТХ-аас эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 453 ажил, арга хэмжээ тусган баталсан байна. Энэ оны III улирлын байдлаар 38 арга хэмжээ 40 хувь, 187 арга хэмжээ 70 хувь, 186 арга хэмжээ 100 хувийн гүйцэтгэлтэй, хэрэгжилтийн явц 80.2 хувьтай байгаа аж. Мөн цаашид хэрэгжих хэд хэдэн ажлыг IV улиралд хэрэгжих төлөвлөгөөтэй байгаа аж. 2020 онд нийслэлийг хөгжүүлэх 477 ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж, түүнд 1.5 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа аж. Мөн хуралдаанаар нийслэлд тулгамдаад буй хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн юм.
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Хотын удирдлага Засгийн газрын үйл ажиллагаатай холбогдуулан 2019 оныг “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил” болгон зарлаж төрийн үйлчилгээний, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сахилга бат, хариуцлагын тогтолцоог сайжруулах, орчны тохижилтод иргэдийн оролцоог нэмэгдүүлэхээр ажилласан” гэлээ.
Мөн Засаг дарга С.Амарсайхан үндсэн чиглэлийн төслийг өргөн барихдаа таван зүйлд онцгойлон анхаарсан талаар хэлэв. Заримаас нь дурдвал, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, ингэхдээ гудамж, зам талбайн гэрэлтүүлэг, камержуулалтыг сайжруулж, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, шинэ технологи нэвтрүүлэх, мөн эрүүл мэнд, боловсролын байгууллагын үйл ажиллагаа, орчны тохижилтыг сайжруулахаар төлөвлөжээ. Эдгээр ажлыг хийхдээ төсвийн ачааллыг бууруулж, төр хувийн хэвшлийн түншлэлийг шинэ төвшинд гаргаж, Улаанбаатарын эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.
Нийслэлийн Засаг даргын Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх "Эхний ээлжинд оноос урьтаж 200 такси оруулж ирэх бөгөөд одоо үйлчилгээнд явж байгаа таксинуудын нөхцөлийг сайжруулна. Үр дүнд нь 1000 гаруй такси үйлчилгээнд явах юм. Дараа дараагийн жилүүдэд 3000 гаруй такси үйлчилгээнд явуулдаг болгохоор ажиллаж байна. Чингэлтэйг Сонгинорхайрхан дүүрэгтэй холбох авто замын ажилд оролцох аж ахуйн нэгж байхгүй байна. Тиймээс хуулийн дагуу шууд худалдан авалт хийхээр төлөвлөж байгаа. Тэгэхээр он дамжин хийгдэх болно. Ер нь энэ жил жижиг авто замуудын сонгон шалгаруулалт компаниуд ямар нэгэн шалтгаанаар орохгүй байна." гэв.
Өнгөрсөн онд нийслэл 208 тэрбум төгрөгийг улсад татан төвлөрүүлсэн бол энэ жил 289 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх хуулиар хүлээсэн үүрэгтэй ажиллаж байгаа аж. Засгийн газраас өргөн барьсан төслийн хүрээнд 2020 онд 303 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх зорилттой ажиллаж байгаа юм байна.
НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү “Энэ онд нэг их наядаар нийслэлд хийсэн ажлыг дүгнэх эхний хуралдаан болж байна. Энэ хурлын хоёр дахь хуралдаан дээр нам, эвслийн бүлгүүд хуралдаад Нийслэлийн Засаг дарга хангалттай сайн ажлаа хийж чадаж байна уу, үгүй юу гэдгийг хэлэлцэнэ. Энэ хуралдааны төгсгөлд хангалттай ажилласан эсэхээс хамаараад Засаг даргад хариуцлага тооцох эсэхийг ярилцана. 2016 онд Нийслэлийн Засаг дарга төсвийн хөрөнгөөр шөнийн гудамжийг байгуулсан, Сүхбаатарын талбайд авто зогсоол барьсан. Үүний дараа одоогийн Засаг дарга эдгээр ажлыг мөн л төсвийн хөрөнгөөр буулгасан. Иргэд маань нийслэлд яг юуг шинээр хийсэн бэ гэдгийг харж байгаа байх. Нийтийн тээвэр нь иргэдэд хүртээмжтэй эсэх, хогоо бүрэн ачиж байна уу, иргэдийн ахуй амьдрал сайжирч байна уу үгүй юу, өрхийн эдийн засгийн үзүүлэлт сайжирсан уу гэдэгт иргэд хариулна. Миний хувьд нийслэлд шинээр яг юуг хэрхэн хийсэн бэ гэдэгт хариулах зүйл алга” гэсэн юм.
НИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэл “Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд албан тоот хүргүүлж, “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-гийн газар буюу бидний нэрлэж заншсанаар Хүүхдийн паркийн газрын 1995 оны үеийн нийт эдэлбэр газрын кадастрын зураг болон түүнээс хойш хийсэн газар олголт, шилжүүлэлттэй холбоотой бүх мэдээллийг ирүүлэхийг хүсч байна. Улаанбаатар хотын хүүхдийн паркийн асуудлаар мэдээлэл авахаар газрын албанд андсан. 1.5 сая хүн амтай хотод ганцхан байдаг парк өмнө нь том газартай байсан. Харин одоо газрын багахан хэмжээнд хэдхэн л хүүхдийн тоглоом байна. Бусад газрыг нь ашигладаггүй, өөр зориулалтаар барилга байгууламж барьсан байна. Энэ асуудлыг судалж энэ хурал дээр танилцуулж, авах арга хэмжээг хэлэлцэнэ. Хүүхдийн паркийн газрыг олгохдоо хууль зөрчсөн эсэх, хэний эзэмшил вэ гэдгийг ил тод зарлана. Хууль бусаар эзэмшсэн газар бол газрыг хураан авч, нийслэлээс хүүхдүүддээ зориулан шинээр парк барих асуудал яригдана” гэсэн юм.
Эх суралж: Зууны мэдээ сонин
2019.10.25 №212 (6179)