НГЗБА: Нийслэлд бүртгэлтэй иргэн аль ч аймаг, суманд ГАЗАР ӨМЧЛӨХ эрхтэй
Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
НГЗБА-аас энэ сарын 15-наас арванхоёрдугаар сарын 15-ныг хүртэл хугацаанд Газар өмчлөлийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч ажиллахаар болжээ.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2003 оноос хэрэгжиж эхлэн иргэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэгүй өмчилж эхэлсэн. 2019 оны аравдугаар сарын байдлаар 199196 иргэнд газар өмчлүүлээд байна.
Нийслэлд бүртгэлтэй иргэн нийслэл хотод мөн аль ч аймаг сумдын газарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхтэй.
МУИГӨТХуулийн 7 дугаар зүйлд Нийслэлд бүртгэлтэй иргэд 0.07 га буюу 700 м2 хүртэл, аймгийн төвд 0.35 га буюу 3500 м2, сумын төвд 0.5 га буюу 5000 м2 хүртэл газрыг нэг удаа үнэ төлбөргүй өмчлөхөөр заажээ.
2019 оны байдлаар 25771 иргэн Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандан хамтран өмчлөгчөө хасуулж 74624 иргэнд шинээр газар өмчлөх эрхийг нээж өгчээ.
Газар өмчлөлтэй холбоотой мэдээллийг та харьяа дүүргийн газар зохион байгуулалтын албанд хандан авах боломжтой.