Нийслэлийн удирдлагууд Монгол, Австрийн Засгийн газар хоорондын комиссын 7-р хуралдааны төлөөлөгчидтэй уулзлаа
Нийслэлийн удирдлагууд Монгол, Австрийн Засгийн газар хоорондын комиссын долдугаар хуралдааны төлөөлөгчид болон бизнесийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх, Австрийн Эдийн засаг, цахимжуулалтын яамны Олон улсын эдийн засгийн харилцааны газрын захирал Франц Вессиг, Элчин Сайд Фридрих Штифт, Эдийн засаг, цахимжуулалтын яамны Ази, номхон далайн орнуудын газрын дарга Михайл Лашан болон Австри компаниуд, банкны төлөөллүүд оролцлоо.
Уулзалтын эхэнд Австрийн Засгийн газрын хоёр удаагийн хөнгөлөлттэй зээл нийслэл төдийгүй Монгол Улсын эдийн засгийн хөгжилд ялангуяа эрүүл мэнд, дэд бүтцийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж байгааг нийслэлийн удирдлагууд онцлон тэмдэглэж хэлэв.
Мөн дэд бүтцийг сайжруулж, эдийн засгийн хувьд өрсөлдөхүйц хот байхад гадна дотны туршлагатай орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж дуусч байна. Хотын шинэ дэд төвүүдийн судалгааны ажил эрчимтэй явж эхэлсэн. Дэлхийн бусад орны жишгийг хослуулсан, Монгол орныхоо онцлогт тохирсон дэд бүтцийн төлөвлөлтийг бий болгоход анхаарч ажиллаж байна гэдгээ хэлж байлаа.
Талууд дэд бүтэц, орон сууц, нийтийн тээвэр, эрүүл мэнд, дагуул хотуудыг хөгжүүлэх гээд олон салбарын асуудлаар санал солилцож, цаашид төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хамтарч ажиллахаар санал нэгдсэн юм.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|