Д.Өнөрбат: Хүхэрлэг хийн агууламж өмнөх оноос өндөр гарч байна

2019 оны 10 сарын 15

Arslan.mn

-Улаанбаатарт агаарын чанар бага бохирдолтой хэмжээнд байна-

Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд сайжруулсан түлш түлж эхлээд буй. Өнгөрсөн оныхтой харьцуулахад Улаанбаатар хотын утаа буурсан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд яригдаж байна. Тэгвэл агаарын чанарын индекс хэрхэн гарч байгааг ЦУОШГ -ын агаарын чанарын мэргэжилтэн Д.Өнөрбатаас тодруулж, ярилцлаа.

-Нийслэлийн агаарын чанарыг ямар хэлбэрээр хэмждэг талаар эхлээд мэдээлэл өгөөч?

-Улаанбаатар хотод агаарын чанарын хяналт шинжилгээ хийдэг 15 харуул байдаг. Үүний 10 нь манай газрын харьяа, тав нь Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын харьяа.

Цаг уур орчны шинжилгээний газрын 10 харуулын гурав нь гар ажиллагаатай. Энэ нь шингээгч гуурсанд агаарын дээжээс соруулж маргааш өдөр нь Байгаль орчны-хэмжил зүйн төв лабораторид нойтон химийн аргаар дүн шинжилгээ хийж гаргадаг. Улаанбаатарт байгаа харуулууд гэр хороолол, авто зам, алслагдмал хэсэг, үйлдвэрлэлийн ойролцоо гэсэн дөрвөн бүсэд байрлаж байна.

Гэр хорооллын бүсүүд Зурагт, Баянхошуу, Нэгдүгээр хороолол, Тахилт, Толгойт, 100 айл орчимд байгаа бол авто замын ойролцоо харуул нь Баруун дөрвөн зам, 13 дугаар хороололд байрлаж байгаа. Харин үйлдвэрлэлийн бүсийнх нь Мишээл экспо, Монгол газар компанийн ойролцоо байна. Алслагдмал бүс нь Ургах наран хороолол орчимд ажиллаж байна. Энэ харуулууд 24 цагийн туршид тасралтгүй шинжилгээ хийж байгаа гэсэн үг.

-Агаарын бохирдлыг бууруулахаар энэ жилээс эхлээд айл өрхүүд сайжруулсан түлш түлж эхлээд байна. Өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ жилийн утаа багассан тухай иргэд ярьж байна. Тэгэхээр та өнгөрсөн жилийн өдийд агаарын чанар ямар байсан, өнөөдөр ямар байгаа талаар харьцуулсан мэдээллийг өгөхгүй юу?

-Манай газраас агаарын чанарын долоо хоног тутмын мэдээг гаргадаг. Тэгэхээр 2019 оны аравдугаар сарын 7-14-ний өдрийн мэдээг хэлж өгье. Улаанбаатар хотын агаарын бохирдолд хамгийн ихээр нөлөөлдөг нь тоосонцрын агууламж байдаг. 2018 оны мөн үед том ширхэгт РМ10 тоосонцрын долоо хоногийн дундаж агууламж нь 106 байсан. Харин өнгөрсөн долоо хоногт 128 байсан байна.

Үүн дээр 24 цагийн дундаж стандарт гэж байдаг. 24 цагийн хамгийн их агууламж нь өнгөрсөн онд 213 байсан бол энэ жилийн аравдугаар сарын 7-14-ний хооронд 370 гарч. Стандартаас давсан тохиолдлын тоо бас гардаг. 2018 онд 101 байсан бол өнгөрсөн долоо хоногт 89 байсан байна.

Нарийн ширхэгт РМ2.5 тоосонцрын долоо хоногийн дундаж агууламж нь өнгөрсөн онд 49 байсан бол энэ онд 34 болж багассан байна. 24 цагийн дунджаар хамгийн их агууламж нь 2018 онд 102 байсан. Өнгөрсөн долоо хоногт 63 гэж гарчээ. Мөн адил стандартаас давсан тохиолдлын тоо хувиар 32-оос 14 болж буурсан байна.

-Агаарын чанарыг тоосонцроос өөр ямар хэлбэрээр үнэлдэг вэ?

-Агаарын чанарын хяналтын харуулууд агаарт байгаа түгээмэл бохирдуулагчид болох хүхрийн давхар исэл, азотын давхар исэл, РМ10 том ширхэгт тоосонцор, РМ2.5 нарийн ширхэгт тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл, озон гэсэн зургаан төрлийн бохирдуулагчийг авч үздэг. Улаанбаатар хотод өвлийн улиралд байнгын өндөр хэмжээтэй байдаг нь тоосонцрын агууламж.

-Тоосонцрын агууламж зарим төрөлдөө нэмэгдсэн, бас хасагдсан харагдаж байна. Энэ нь сайжруулсан түлштэй холбоотой юу?

-Агаарын бохирдолд хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл бол цаг уурын өөрчлөлтүүд байдаг. Бас дээр нь бүтээн байгуулалт, зам барилга, нүүрс гэх мэт. Сайжруулсан түлш бол угаасан нүүрс. Тоосыг нь угаачихаж байна гэсэн үг. Буурсан үзүүлэлтийг харахад сайжруулсан түлш түлэхэд тоосонцор бага гарсан байна гэсэн үг. Нөгөө талаар цаг уурын үзүүлэлт болох температур, салхины хурд, хур тунадасны хэмжээ ч нөлөөлдөг.

-Хүхрийн давхар исэл өндөр хэмжээнд гарсан гэсэн мэдээлэл байгаа. Агаарын чанарын индекст хэрхэн гарсан байна вэ?

-Хүхэрлэг хий долоо хоногийн дундаж 2018 оны өдийд 10 гарч байсан бол энэ сарын 7-14-ний өдрүүдэд 19 байна. 24 цагийн дунджаар хамгийн их агууламж өнгөрсөн онд 47 байсан бол өнгөрсөн долоо хоногт 98 байсан байна.

-Нэмэгдэж гарсан байх нь. Хүхэрлэг хий ямар тохиолдолд үүсдэг юм бэ?

-Хүхэрлэг хий шаталтаас үүсдэг. Нүүрсэнд агуулагдаж байгаа агууламж гэсэн үг. Гэхдээ газар бүрийн нүүрс харилцан адилгүй агууламжтай. Мөн автомашины бензин, шатахуунд ч хүхрийн агууламж байдаг.

-Нийслэлд хамгийн их бохирдолтой цэг нь хаана байна вэ?

-Есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 6-ны хоорондох агаарын чанарын индексийг харахад хамгийн бохирдолтой цэг нь Баянхошуу орчимд гарсан. Тодруулбал, РМ10 том ширхэгт тоосонцор бохирдолтой хэмжээнд хүрсэн байсан. Агаарын чанарын индекс зургаан зэрэглэлтэй.

Цэвэр, хэвийн, бага бохирдолтой, бохирдолтой, их бохирдолтой, маш их бохирдолтой гэж. Үүний дөрөвдүгээр үзүүлэлт буюу бохирдолтой хэмжээнд хүрсэн гэсэн үг. Мэдээн дээрээс харахад агаарын чанарын индекс нийт Улаанбаатарын хэмжээнд бага бохирдолтой байна гэж харагдаж байна.

-Өдийд агаарын бохирдлын нөхцөл байдал ямар байдаг вэ. Утаа багасчихлаа гэж арай эрт баярлаад байна уу?

-Өнөөдөр (өчигдөр) аравдугаар сарын 14. Аравдугаар cap дундаа орж байна. Улаанбаатар хотод шөнөдөө хасах хэмд хүрсэн. Урьд шөнө гэхэд -8-тай хоносон байна. Энэ үед гэр хорооллын айл өрхүүд галлагаагаа эрчимтэй эхэлчихсэн байдаг. Үүнээс харахад Улаанбаатар хотын агаарын бохирдол багассан харагдаж байна. Хэдийгээр дүн өвлийн хүйтэн эхлээгүй. Арванхоёр, нэг, хоёрдугаар сард дүн хүйтэн байдаг. Одоо бол агаарын бохирдол ихэсчихсэн байдаг үе. Гэхдээ энэ жил харьцангуй утаа бага байна.

-Агаарын бохирдлыг хэмжих техник технологийн шинэчлэл хэр хийгдэж байна вэ. Чанарын индексийн мэдээлэл гаргадаг самбарууд заримдаа гацчихсан, эсвэл олон хоногийн өмнөх мэдээлэл нь гарч харагддаг?

-Цаг уур орчны шинжилгээний харуулуудыг 2010 онд Франц улсаас шинээр авчирч суурилуулсан. Харуулын техникийн үйл ажиллагаа сайн гэж хэлж болно. Тасралтгүйгээр хэмжилт судалгааг хийж байгаа. Харин харуулуудын ойролцоох самбарт агаарын чанарын индексийн мэдээ гардаг. Тэдгээр самбар хааяа доголдох тохиолдол гарна.

Цаг тухайд нь лабораторийн мэргэжлийн хүмүүс засаж янзлаад хэвийн ажиллагаанд нь оруулдаг. Гэхдээ харуулын хувьд ажлын горим алдагддаггүй.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609286
1 эможи

Зочин
2019-10-15 21:41
Зочин
2019-10-15 16:47
keyboard_arrow_up