УТАА: Өмнөх жилүүдтэй харьцуулахад ИЛТ БАГАССАН БАЙНА
Ойрын өдрүүдэд Улаанбаатарчууд утаа илтэд багассан талаар сэтгэдлээ цахим орчинд илэрхийлсээр байна. Урьд шөнө -18-20 хэмийн хүйтэн хонож, үүрээр хоёр чих часхийхээр дориун хүйтэн байлаа. Гэсэн ч өдийд аль хэдийн утаан хөшиг татчихдаг байсан нийслэл өөрийн өнгөөр цэмцийж утаагүй тунгалаг байгааг нуух юун.
Аливаа шийдвэрт нийгэм зайлшгүй талцдаг. Басхүү эрсдэл хүлээдэг. Шахмал түлшний найрлагыг Монголчууд, улс төрчид шууд зохиосон юм биш. 1800-аад оноос эхлэн дэлхийн улс орнууд шахмал түлшийг хийж, хэрэглэж ирсэн. Одоогоор Хятад, Солонгос, Англи гэх мэт олон улс оронд өргөн дэлгэр хэрэглэдэг. Ихэвчлэн ил гал буюу камен зуухандаа түлж хэрэглэдэг. Яг тэр технологийнх нь дагуу бид үйлдвэрлэж, ахуйн хэрэглээнд нэвтрүүлж байгаа. Манай түлшинд медлин буюу угаасан нүүрс, бентонит шавар, барьцалдуулагч, эрдэнэшишийн цардуул, ус гэсэн түүхий эдүүд ордог байна.
Харин иргэдийн хувьд түүхий нүүрс түлүүлэхгүй гэсэн түүхэн шийдвэрт нэг хэсэгтээ дасаагүй ч нүүрсийг орлох чанарын шаардлага хангасан түлш худалдаанд гарсны дараа хүлээн зөвшөөрсөн. Иргэдийн буруу байхгүй л дээ. Утаатай тэмцсэн биш утаагаар хөлжсөн 20-иод жилд эрх баригчид хэрэгтэй хэрэггүй хөтөлбөр хэрэгжүүлэх нэрээр 1 их наяд төгрөгийг хийсгэж, халаас түрийвчээ зузаалчихсан учраас эцэстээ засаг төрд биш ширүүхэн салхинд л найдаж суудаг болсон нь үнэн.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монголд цаг бусаар нас барж буй 7000 хүний 20 гаруй хувь буюу 1500 д нь агаарын бохирдол шууд нөлөөлснийг тогтоосон. Агаарын бохирдлоос болж жирэмсэн эхчүүд зулбаж,10 мянга гаруй ураг, 130 нялхасаа хорвоогоос үдэж, ард иргэд нь амь нас эрүүл мэндээрээ хохирсоор байхад л дарга нарын арга улам нарийссаар байв.
Томоос нь дурдвал, зураг төсөв нь ч батлагдаагүй хагас коксжсон түлш үйлдвэрлэнэ гээд С.Баярын Засгийн газар 17 тэрбумыг төсөвт суулгуулсан ч нүүрсний чанар нь үйлдвэрийн технологитой таараагүй гэдэг шалтгаанаар ажил зогсож, дээрх мөнгө салхинд хийссэн байдаг.
Ямартай ч нийслэлчүүд бидэнд илтэд мэдэгдэж буй зүйл бол хоолой хорсож, нүд таглам байдаг "өнөөх" утаа өмнөх жилүүдийн мөн үетэй харьцуулахад илтэд багассан нь сайшаалтай. Утаатай тууштай тэмцэх л үлдлээ. Бууж өгч болохгүй. Энэ цэгээсээ ухарвал бид дахиж утаатай тэмцэх найдлага улам бүр багасна гэдгийг иргэд цахим орчинд дуу нэгтэй хэлж байна.