Хэлмэгдэгсдийн музейн газарт музей, оффисын зориулалттай 22 давхар барилга барина
Хот байгуулалт, хөгжлийн газраас П.Гэндэнгийн нэрэмжит музейн барилгыг нурааж, шинэ барилга барих талаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр "Хэлмэгдэгсдийн музейн газарт 22 давхар музей, оффисын зориулалттай барилга барина. Шинэ барилгын дотор нэг давхарт нь музейг сэргээн засварлаад барих бөгөөд 1-4 давхар музейн эзэмшилж байна. Тус барилгын архетиктур төлөвлөлтийн даалгавар батлагдчихсан" гэв.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музейн захирал С.Бэхбат "Богд хааныг нас барсны дараа Манай өвөө П.Гэндэнг бага хурлын даргаар сонгосон байдаг. Түүнд барьж өгсөн уг байшинд манай өвөө, эмээ, ээж амьдарч байсан.
Өвөөг маань 1937 оны арваннэгдүгээр сард Москвад хэлмэгдүүлэн цаазалсан байдаг. Эмээ, ээж хоёр өвөөг цаазлуулсны дараа бичиг баримтгүй үлдсэн тул ЗХУ-д сурч байсан оюутнуудын тусламжтайгаар гурван сар орчим явж байж, эх орондоо ирсэн. Ингээд ирэхэд нь байшинг хураасан байсан. Ээж маань тухайн үед байшинг музей болгох санаачилга гаргаж 1996 онд музей үүдээ нээсэн. Энэ хугацаанд дотоод зохион байгуулалтыг хэд хэдэн удаа өөрчилсөн байдаг. Одоо бол үнэхээр ашиглах боломжгүйгээр муудсан учраас шинээр барих санал гаргасан.
Хүмүүс нураачихлаа гээд байгааг би хүлээн зөвшөөрөхгүй. Буулгасан гэж хэлнэ. Би энэ шийдвэрийг бие дааж гаргаагүй. Мөн мэргэжлийн, мэдлэг боловсролтой хүмүүстэй нэлээд зөвлөлдөж энэ шийдвэрийг гаргасан. Энэ хугацаанд хэрхэн сэргээн засварлаж болох талаар олон хувилбарыг судалж байлаа. Ингээд байшин дотор барих шийдэлд хүрсэн" гэв.
ШУУД ХҮЛЭЭН АВЧ ҮЗНЭ ҮҮ: