Түүхэн дурсгалт хоёр давхар байшинг засварлана гэж сөнөөгөөд суурин дээр 22 давхар байшин барихаар батлуулжээ
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музейн барилгыг сэргээн засах нэрийдлээр 22 давхар барилга барихаар төлөвлөж байсан нь ил боллоо. Ерөнхий сайд асан П.Гэндэнгийн амьдарч байсан байшин буюу Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей байрлаж байгаа барилгыг сэргээн засварлах ажлыг эхлүүлсэнтэй холбогдуулж П.Гэндэн сангаас мэдэгдэл гаргаад байсан.
ТУС МЭДЭГДЭЛД:
“Мэргэжлийн архитектор дүгнэлтийн дагуу уг барилгыг сэргээн засварлах зураг төслийг дурсгалт барилгыг сэргээн засварлах зураг төсөл боловсруулах мэргэшсэн архитектор хийсэн. Мөн түүнчлэн мэргэжлийн, сэргээн засварлахаар мэргэшсэн архитектор зөвлөхөөр ажиллаж байгаа” гэжээ.
Гэтэл хэлмэгдэгсдийн дурсгалын музейг сэргээн засварлах бус нурааж, сөнөөх ажил болоод байгаа нь баримтаар ил болоод байна. Учир нь дээрх түүхэн дурсгалт хоёр давхар барилгыг бүрмөсөн устгаж. Суурин дээр нь 22 давхар байшин барихаар төлөвлөсөн байна.
Мөн шинээр баригдах барилгын зураг төсөл, төсвийн ерөнхий төлөвлөгөөг батлуулж, түүхэн өвийн суурин дээр өндөр байшин барих ажлаа эхлүүлжээ. Тэд анх 16 давхар байшин барихаар Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраар батлуулах гэж байсан ч тухайн үеийн хотын удирдлагууд зөвшөөрөөгүй байна. Харин нийслэлийн удирдлагууд С.Амарсайханаар солигдсон даруйд дахин 22 давхар байшингийн зураг төсөл хийж Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраар батлуулж амжжээ.
Эх сурвалж: isee.mn
|