Хүн, түлш хоёрын аль нь үнэтэй вэ, ТУЗ-ийн дарга аа?!

2019 оны 10 сарын 08

Arslan.mn

Эхлээд “Тавантолгой түлш” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ж.Батбаясгалангийн хэлсэн үгийг хүргэе.

…Угаасаа жил бүрийн 9-10 дугаар сард иргэд ихээр угаартдаг.

…Түлшнээс хордсон гэж хэлж болохгүй. Би үүн дээр хатуу байр суурьтай байна.

…Түлшинд эргэлзэх ямар ч шаардлага байхгүй. Борлуулалт, үйлдвэрлэлээ зогсоохгүй.

…Сайжруулсан түлшийг би байнга түлж байна.

… Сайжруулсан нүүрсийг 200 мянган айл хэрэглэж байхад муухай үнэр үнэртэхгүй л байна.

… Угаарын хийг хүн мэдрэхгүй байж байгаад үхэлд хүргэдэг. Цаас түлсэн ч угаартана.

/2019.10.6/

…Янз бүрийн хүмүүс угаартлаа гэж дуудлага өгөөд байна. Юунаас ч хордсон байж болзошгүй.

…Улаанбаатар хотын 60 хувь нь төвийн дулаанд холбогдоогүй учир галлагаагаар халааж байгаа. Гэр доторх зуухны стандартыг баталсан байдаг. Харамсалтай нь стандартын бус сууц, зуухтай айл олон байна.

…Манай улсад сууцны стандарт мөрдөгддөггүй. Стандартын дагуу баригдсан бусад бүх барилгад утаа мэдрэгч байдаг.

…Гэр хороололд байгаа шахмал түлш хэрэглэдэг 200 мянган айлд утаа мэдрэгчийг 15 мянган төгрөгөөр гадаадаас оруулж ирж, арваннэгдүгээр сараас өмнө суурилуулах асуудлыг хэлэлцэж байна. Ингэж л иргэд өөрийн амь насаа хамгаалж, стандартын дагуу зуухаа галлаж хэвших хэрэгтэй.

…Иргэд маань өөрсдийнхөө барьсан стандартын бус сууцныхаа стандартын бус галлагааны системээс болоод хордох боломжтой. Утаа мэдрэгч төхөөрөмж шахаа биш, иргэд өөрсдийнхөө эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхэд нэгдэх хэрэгтэй.

/ 2019.10.7/

Тэр ингэж ярьж байна. Харин энэ хооронд нийслэлийн иргэд амиа алдсаар байгаа юм. Шалтгаан нь шахмал түлшнээс болсон утааны хордлого гэх… 2019 оны аравдугаар сарын 3-6-ны хооронд шахмал түлшнээс болж 40-өөд  хүн угаартаж, 4-5 хүн нас барлаа.

Энэ жил аравдугаар сар гартал үндсэндээ хүйтрээгүй. Тэгэхээр шахмал түлшийг “нэвтрүүлэхэд” хангалттай боломж төрд, “Тавантолгой түлш” ХХК-ийнханд байсан гэсэн үг. Харамсалтай нь шөнөдөө хасах градустай өнжиж эхлүүт дээрх ноцтой явдал болов.

Гэвч Засгийн газар, Хотын захиргаа, “Тавантолгой түлш” ХХК өөрсдийгөө хамгаалж, түлшээ өмөөрч өнжив. Ялангуяа, “Тавантолгой түлш” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ж.Батбаясгалан дээр дурдсан “эрээлжилсэн” үгийг маани шиг давтаж сууна. Эндээс, зүгээр л нам, засгаа даалгавар биелүүлж, эрх мэдэл, албан тушаалаа хамгаалж үлдэх гэсэн арчаагүй оролдлого харагдаж байна.

Ингэхдээ нийслэлийн иргэдийг басамжлан, доромжилсон, ерөөс хүний амь гээч тэдний бүтээсэн шахмал түлшнээс хямдхан болохыг л бидэнд ойлгууллаа.

Энэ шахмал түлшийг Монголын төрийн төсвөөс, иргэний төлдөг татвараас их хөрөнгө гаргаж бүтээсэн нь үнэн. Их наядаар тоологдох зардал гарсан. “Тавантолгой түлш” ХХК-ийн Хас банк, Чингис хаан банк, Голомт банкаар дамждаг мөнгөний урсгалыг харсан Монгол Улсын иргэн ухаан алдаад ойчихоор юм байгаа. Ганц тонн шуудайг нь 10 сая төгрөгөөр авдаг. Бид өмнө нь зөвхөн энэ онд хийсэн худалдан авалтын заримыг нь нийтэлж л байсан. Дээрээс нь “Тавантолгойн ордын коксжсон нүүрсийг “Тавантолгой түлш” ХХК дээр аваачиж нунтаглаад, цавуугаар барьцалдуулж бөөрөнхийлдөг. Түүнийгээ шуудайлах хүртэлх 14 дамжлагын явцад гарах зардал ямар байх нь ойлгожмтой. Дээрээс нь нүүрс зөөсөөр Дундговийн гэх замыг там болгож хаясан.

Энэ бүхэн зардал мөн. Гэвч энд нэг л зүйлийг маш сайн бодох ёстой. Хаанаас нь ч, яаж ч бодсон энэхүү шахмал түлшний зардал, үүний цаана байгаа Засгийн газар, Хотын захиргаа, “Тавантолгой түлш” ХХК, тэдгээрийн дарга нарын албан тушаалаас хямдхан  хүний амь гэж байхгүй.

Өнөөдөр хүн үрэгдчихээд байна. Бүр хэд хэдээрээ шүү. Бидэнд ирсэн, “Тавантолгой түлш” ХХК-ийн цацсан мэдээллээс харахад, шахмал түлшний хүхэр, дэгдэмхий бодис нь өмнөх стандартаас хоёр дахин буурсан. Амьсгалын замаар хорт хавдар үүсгэдэг химийн элементийг үгүй хийдэг нэмэлт бодисыг сайжруулсан түлшинд хийсэн. Нүүрсэнд байх цацраг идэвхт бодисын тухайд MNS 5072-2001 стандартын хамгийн бага буюу нэгдүгээрт ордог гээд байгаа юм. Мөн энэ түлшийг хийхдээ Тавантолгойн нүүрсэнд хүхэрт нэгдлүүд ихээр агуулагдсан учир СаО найрлага бүхий шохойг хольж өгсөн. Ингэснээр шахалтаар үүсэх SO2-ийг гипс буюу CaSO4-д хувирган шахмал түлшний үнсэнд нь барьж үлдээж чадсан. Энэ аргаар нүүрсэнд агуулагдах хүхрийн хэмжээг 90 хүртэл хувиар агаар мандалд бус үнсэнд нь үлдээж байга учраас утааны хор багасч байгаа. Soot free утаа, хөө тортог бууруулагч бодис нэмж өгснөөр хорт хийн агууламж 105мг/м3 буюу стандартаас 12 дахин бага хэмжээнд хүрсэн. Бат бөх чанар нь 90-ээс дээш үзүүлэлттэй гарч хагарал бутрал багатай, хог хаягдалгүй гэж яриад байгаа. Химийн эдгээр бодисын бодит нөлөөг иргэд бид мэдэхгүй. Тэд өөрсдөө ингэж тайлбарладаг.

Хамгийн гол нь “Тавантолгой түлш” ХХК шахмал түлшээ Геологийн төв лабораториор шинжлүүлэхэд “Сайжруулсан түлш” MNS 5679:2014 стандартын чанарын шаардлагыг хангасан дүн гарсан гэж рекламдсан. Гэвч “туршилт” эхлээд таван  ч хүний алтан амь эрсэдчих шиг боллоо. Маш харамсалтай.

Яг үнэндээ өнөөдөр бараг нэмэх 10 градус шахуу байна. Өлчирдүүхэн айлууд гал бараг түлэхгүй өнжиж байгаа гэсэн үг. Хэдхэн хоноод хүйтэрнэ. Бүр хасах 30 градус хүрч хүйтэрнэ. Тэр үед юу болох вэ.

Хотын даргын орлогч ажилтай, “Тавантолгой түлш” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар томилогдсон Ж.Батбаясгалан гэгч нам, засгаа өмөөрөөд иргэдээр даажигнаад суугаад байх уу?!

ТУЗ-ийн дарга Ж.Батбаясгалан, ер нь ТУЗ-ийн гишүүд нь “Тавантолгой түлш” ХХК-даа “нээнтэг”-тэй. Тэд хэд хэдээрээ “Тавантолгой түлш” ХХК-аас сая саяар нь зардал гаргуулаад гадагшаа нисдэг. Уг нь өөр ажил албатай нөхдүүд байдаг юм. Зөвхөн 2019 он гарснаас хойш гэхэд л нэгдүгээр сарын 18-ны өдөр ТУЗ-ийн зургаан гишүүн энэ компаниас 18 097 139 төгрөг, хоёрдугаар сарын 25-ны өдөр ТУЗ-ийн нэг гишүүн нь бас нэг нөхрийн хамт “Тавантолгой түлш” ХХК-аас 6 450 871 төгрөг гаргуулаад нисчихсэн байгаа юм. Ингэхдээ ТУЗ-ийн зургаан гишүүний онгоцны билетийг “Эйр тикет” ХХК-аар захиалж, 2019 оны нэгдүгээр сарын 17-нд 17 973 000 төгрөг, ТУЗ-ийн хоёр хүний онгоцын билет гэж “Эйр транс” ХХК руу нэгдүгээр сарын 28-нд 5 752 000 төгрөг тус тус шижлүүлсэн байна.

Энэ мэтээр “Тавантолгой түлш” ХХК-ийн данснаас ТУЗ-ийн гишүүдэд зарцуулагддаг хөрөнгө мөнгө өчнөөн бий.

“Тунгалаг тамир”-т гардаг даа. Түгжилд араасаа хутгалуулсан Цахиур Төмөрийн “…Хэдэн муу адсаганаас болж хүн алах нь ээ” гэдэг. Ж.Батбаясгалан энэ алдартай бүтээлийг үзсэн л байх. Үүн лүгээ Ж.Батбаясгалан хэдэн муусайн даргынхаа, бас өөрийнхөө сандал ширээ, эрх мэдлээс болж хотын иргэдийн амь насыг нэг муу бөөрөнхийлсөн нүүрснээс хямдаар үнэллээ дээ. Тэгэхээр “Зууны мэдээ” сонин “Тавантолгой түлш” ХХК-ийн ТУЗ-ийн дарга танаас “…Хүн, түлш хоёрын аль нь үнэтэй вэ” гэж асууя. Хариулаарай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.10.8 №99 (6166)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
608980
1 эможи

Зочин
2019-10-08 09:14
keyboard_arrow_up