Ж.Батбаясгалан: Бид иргэд дээрээ туршилт явуулна гэж байхгүй
Угаарын хийн хордлогын талаар Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр дахин хуралджээ.
Энэ талаар яг одоо хэвлэлийн бага хурал хийж байна.
Нийслэлийн Засаг даргын тамгын газраас өчигдөр өгсөн мэдээллээр угаартсан гэсэн оноштойгоор 16 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байснаас дөрвөн хүн нас барсан гэж байсан.
Нийслэлийн Онцгой комиссоос өнөөдөр өгсөн мэдээллээр тэд шуурхай штаб байгуулан ажиллаж байгаа аж. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Хүний амь нас хохирсон хэрэг бүрт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Иргэдийн хордсон байж болзошгүй байж болох газруудаас дээж аван шинжилгээнд хамруулах ажил явагдаж байна. Мөн сайжруулсан түлшний барьцалдуулагч бодисноос дахин дээж авах ажлыг хийж байна.
Өнөөдрийн байдлаар 30 орчим мянган тонн сайжруулсан түлш хэрэглээнд нийлүүлэгдээд байна.
Энэ сарын 3-5-ны хооронд 35 иргэн угаартсан байж болзошгүй байдлаар эрүүл мэндийн байгууллагад хандаад байгаа.
Яг одоогийн байдлаар 6 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Дөрвөн хүн нас барсан. Эмнэлэгт хэвтэж буй 6 хүний нэгийнх нь биеийн байдал хүнд байна. Биеийн байдал хүнд байгаа нэг хүн 16 настай хүүхэд” гэв.
Сайжруулсан түлшний 95 хувь нь нэг удаа угаагдсан Өмнөговиос ирсэн нүүрс. Үлдсэн 5 хувьд нь импортоор оруулж ирж буй барьцалдуулагч (2.5%) болон шохой зэрэг бодисууд орж байгаа бөгөөд эдгээрийг цаг тухай бүрт нь шинжилгээнд хамруулж байсан талаар Ж.Батбаясгалан нэмж хэллээ.
Мөн тэрбээр “Жил бүр иргэд угаарын хийнд хордох явдал гардаг. Өөрөөр хэлбэл ямар ч түлшнээс ч угаарын хий ялгардаг. Гэхдээ бид сайжруулсан түлшийг нэмж гурван төрлийн шинжилгээнд хамруулж байна. Барьцалдуулагч бодисыг мөн давтан шинжлүүлж байна. Монгол Улсын бүх шинжилгээний лабораторид сайжруулсан түлшийг шинжлүүлсэн. Бид иргэд дээрээ туршилт явуулна гэж байхгүй" гэв.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төлөөлөгчийн өгсөн мэдээллээр "Хордсон байж болзошгүй иргэдийн хэрэглэсэн түлшийг шинжилгээнд өгсөн. 2-3 цагийн дараа шинжилгээний хариу гарна. Бид мэдээлэл өгнө" гэлээ.