350 эко автобус, 100 троллейбус зээлээр авна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өчигдөр /2019.10.04/ Ниийслэлийн нийгэм, эдийг засгийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг НИТХ-ын хурлаар хэлэлцүүлэхээр НИТХ-ын дарга Р.Дагвад өргөн барьсан юм.
Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 бодлогын баримт бичигт туссан зорилтуудыг хангах, мөн дэлхийн хотуудын хөгжлийг хэмждэг “Амьдралын чанарын индекс”-д багтдаг эрүүл мэндийн үйлчилгээний индекс, аюулгүй байдлын индекс, замын хөдөлгөөний индекс, агаарын чанарын индекс зэргийг сайжруулах тал дээр голчлон анхаарч нийт 5 бүлгийн 26 зорилтын хүрээнд 485 арга хэмжээг 1.4 их наяд төгрөгийн санхүүгийн эх үүсвэрээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн юм байна.
Үүнд:
– Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах ажлыг цогц байдлаар төлөвлөж парк шинэчлэлийн ажлын хүрээнд нийслэлийн төсөв, дотоодын зээлийн санхүүжилтээр 350 эко автобус, 100 троллейбус, нийтийн тээврийн шинэ төрлийг нэмэгдүүлэх ажлыг гадаадын зээл, төр, хувийн хэвшлийн санхүүжилтээр хэвтээ тэнхлэг буюу Энхтайвны өргөн чөлөөгөөр Скайрэйл системийг нэвтрүүлэх төсөл, босоо тэнхлэг буюу Нисэхээс 7 буудал хүртэл Тусгай замын автобус төсөл, алслагдсан захын дүүргийн иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх үүднээс Агаарын дүүжин замын төслүүдийг тус тус хэрэгжүүлэхээр тусгасан.
Иргэдийн аюулгүй байдлыг хангах, нийгмийн үйлчилгээг хурдан, шуурхай хүргэх ажлыг цогц байдлаар хэрэгжүүлэх үүднээс хөдөлгөөнт эргүүл, замын цагдаагийн автопаркыг нийт 70 автомашинаар, эмнэлгийн тусламж үйлчилгээг 50 автомашинаар шинэчлэхээр үндсэн чиглэлд тусгасан. Мөн нийслэл хотод ашиглагдаж буй телекамеруудын ашиглалт, үйлчилгээг нэмэгдүүлэх, гэмт хэргийн хяналтын цогц системийн ашиглалтыг сайжруулах ажлыг 15.0 тэрбум төгрөгөөр хийхээр төлөвлөсөн.
– Хотын тохижилт, цаашид хийгдэх ажлын чанарыг сайжруулах үүднээс хотын стандарт, дэд бүтцийн норм нормативыг судлан, олон улсын жишигт нийцсэн 22 бүлэг стандартыг 1.5 тэрбум төгрөгөөр боловсруулахаар болсон. Иргэдийн амьдрах орчныг сайжруулах үүднээс 42 км явган болон дугуйн замын тохижилтын ажлыг хийхээр төлөвлөсөн. Хог хаягдлын цогц менежментийг хэрэгжүүлж, олон улсын байгууллагуудтай хамтран ахуйн болон барилгын буюу хатуу хог хаягдлын 4 төсөл, арга хэмжээг 2020 онд хэрэгжүүлэхээр тогтсон.
Нийслэлийн үндсэн чиглэлд туссан эдгээр томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зарим хөрөнгийг төр, хувийн хэвшлийн хамтын түншлэлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхэд анхаарч, эрх зүйн орчныг сайжруулах ажлын хүрээнд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хамтын ажиллагаанд баримтлах бодлогын баримт бичиг, түүнийг даган гарах журмыг батлуулж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.