С.Амарсайхан: Хотын хөгжил хороо дүүргээс эхэлнэ

2019 оны 10 сарын 02

Arslan.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд, холбогдох албаныхан болон төвийн зургаан дүүргийн Засаг дарга нар Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд ажиллалаа.

“Иргэд оршин суугчдын өргөдөл гомдлыг шийдвэрлэх, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор хотын удирдлагууд дүүргийн Засаг дарга нартай хамтран ажиллана. Нийслэл хотын хөгжил хороо, дүүргээс ихээхэн хамааралтай, иргэдийн оролцоог хангаж ажиллах нь чухал учраас өнөөдрөөс бүх дүүрэгт ажиллана. Нийслэлийн бодлого шийдвэр, зорилго, зорилт нэг байх ёстой учраас хороо,  дүүргийн Засаг дарга нар төрийн ажилд хариуцлагагүй загнаж, улс төрийн зорилгоор хандахгүй байх ёстой” хэмээн уулзалтын эхэнд хотын Захирагч С.Амарсайхан онцоллоо.

НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга нийслэлийн дүүрэг, хороодын үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн мэдээллийг танилцууллаа. Иргэдийн зүгээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж энэ оны нэгдүгээр сарын 02-ноос есдүгээр сарын 27-ны өдрийн хооронд нийт 36 524 өргөдөл, гомдол ирүүлснээс 34 193 буюу 93.6 хувь нь шийдвэрлэгдэж, 2331 буюу 6.4 хувь нь шийдвэрлэх шатандаа байгаа аж. Үүнээс нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж 19 833 өргөдөл, гомдол ирүүлснээс 94.7 хувь нь шийдвэрлэгджээ.

Өргөдөл, гомдлын олонх нь хүнсний чанар, аюулгүй байдлын хяналтын тухай, хог цэвэрлэгээ, тээвэрлэлтийн талаар, газар чөлөөлөх талаар,  нийтийн эзэмшлийн гудамж талбай болон ТҮЦ, павильон, ил задгай худалдаа үйлчилгээ, хороодын үйл ажиллагааны тухай байжээ. Мөн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн явцад 15432 зөрчил бүртгэгдсэнээс Баянзүрх дүүрэгт хамгийн их зөрчил бүртгэгдсэн талаар Х.Гантулга дарга  мэдээллээ. Дүүрэг, хороодын үйл ажиллагаатай холбоотой иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын ихэнх хувь нь хорооны үйл ажиллагаа сул, дүүрэг хороодын ажилтан албан хаагчдын ёс зүй, ажлын цаг ашиглалтын талаар байна гэв. Тиймээс цаашид нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлыг бүх талаас нь нягтлан судалж, хууль зүйн үндэслэлтэй нэг мөр эцэслэн шийдвэрлэж, хуулийн хугацаанд хариу өгч ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт анхааруулсан юм.

Сайжруулсан шахмал түлшний түгээлт, борлуулалтад дүүрэг, хороодын Засаг дарга нарыг онцгой анхаарахыг даалгав

Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцын талаар нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал танилцууллаа.

Төвийн зургаан дүүргийн 138 хороонд гэр хорооллын айл өрхүүд 196 589 төслийн зуух хэрэглэж байгаа судалгаа гарчээ. Өнөөдрийн байдлаар 501 борлуулагчтай сайжруулсан шахмал түлш борлуулах гэрээ байгуулж, нийт 55 286 тонн түлш борлуулсан байна. “Сайн” карт түгээх ажлын хувьд нийт 163 369 картыг хороодоор дамжуулан иргэдэд хүргэсэн тухай дуулгалаа. “Сайн” картаар худалдан авалт хийх нэг удаагийн дээд хэмжээг нэг тонн байхаар заасан байна. Мөн тэрбээр дүүрэг,  хороодын Засаг дарга нарыг нийслэлийн агаарын чанарыг сайжруулах II III бүсийн айл өрхүүдийг сайжруулсан түлшний хуваарилалтыг жигд хүртээмжтэй хангах, хэрэглээнд хяналт тавих зорилготой “Сайн” картыг иргэдэд тараасан гэдгийг онцолсон. Энэхүү картаар цахим бүртгэл хийж мэдээллийн сан үүсгэх арга хэмжээг энэ сарын 4-ны дотор дуусгахыг дүүрэг, хороодынхонд анхаарууллаа. Түүнчлэн дүүрэг, хороодод байгаа ажилгүй иргэдийн судалгааг гаргаж, 50-100 хүнийг сайжруулсан түлшний савалгаа ачилт, буулгалтын ажилд татан оролцуулж цалин  олгох боломжтой гэдгийг дуулгасан юм.

Дараагаар нь төвийн зургаан дүүргийн Засаг дарга нар Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ. Засаг дарга нарын зүгээс сайжруулсан түлшийг нөөцлөх ажлыг эрчимжүүлсэн, сайн картыг хороодуудад тарааж дууссан, дахин захиалах шаардлагатай талаар хэлж байв.

Дүүргүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажил 88 хувьтай байна

Нийслэлийн Онцгой комиссын  дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн нийслэлийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцын талаар танилцууллаа. “Ирэх оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нийт 1311 төсөл арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна. Дүүргүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажил 88 хувьтай байна. 53 байршилд 145.2 км урттай үерийн хамгаалалтын далан суваг, барилга байгууламжийн ашиглалт засвар арчлалтын ажлын төлөвлөгөө 95 хувийн биелэлттэй. Нийтийн эзэмшлийн зам талбайн цас мөсний халтиргаа гулгааг арилгах зориулалтын  957 тонн бодис, 500 тонн давсыг худалдан авах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулан гэрээ хийсэн. Ус хангамж, ариутгалын чиглэлээр нийт 83 ажил төлөвлөснөөс 98 хувьтай, дулаан хангамжийн чиглэлээр нийт 46 ажил төлөвлөж 90 хувийн гүйцэтгэлтэй байна” гэлээ. Мөн түүнчлэн инженер хангамжийн байгууллагуудын төлөвлөсөн ажлуудын биелэлт 95 хувьтай байгааг дуулгалаа.

Уулзалтын төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан дүүрэг, хороодын Засаг дарга нарт иргэд, оршин суугчдад төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж, хүнд суртлыг арилгаж, ажилдаа хариуцлагатай хандахыг үүрэг болгов.

Тэрбээр “Энэ сарын 01-нээс ирэх оны дөрөвдүгээр сарын 01 хүртэл Улаанбаатар хотын хэмжээнд есөн дүүргийн бүх шатны Засаг дарга нар, нутгийн захиргааны албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж ажиллана. Энэ хугацаанд дүүрэг, хороодын Засаг дарга нар агаарын чанарыг сайжруулах II, III бүсийн иргэдэд сайжруулсан шахмал түлшийг жигд тараах, мэдээллээр хангаж ажиллах, бөөний болон дундын агуулахад нэмэлт нөөц бий болгоход анхаарч ажилла. Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг цаг тухайд нь шийдвэрлэж, шийдвэрлэсэн тайлан мэдээгээ мэдээллийн санд оруулж бай. Төрийн ажилд улс төрийн зорилгоор хандалгүй, иргэдэд тулгамдаж байгаа асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэж ажилла” хэмээв. Түүнчлэн Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний баримт бичиг боловсруулагдаж байгаа тул дүүрэг, хороодын Засаг дарга нар урт хугацааны бодлогын баримт бичигт өөрсдийн саналыг тусгахыг үүрэг болголоо. “Хотын хөгжил хороо дүүргээс эхэлнэ. Тиймээс дүүрэг, хороодын явуулж байгаа үйл ажиллагаа нийслэлийн бодлого шийдвэртэй уялдаж, хамтарч ажиллах ёстой” гэдгийг хотын Захирагч С.Амарсайхан уулзалтын төгсгөлд онцоллоо.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608766
0 эможи

Зочин
2019-10-02 23:19
Зочин
2019-10-02 13:02
keyboard_arrow_up