СХД-ийн 23 дугаар хороонд 1,280 айлын орон сууц барих байршлыг батлав

2019 оны 9 сарын 25

Arslan.mn

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршлыг баталлаа. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Содон хорооллын зүүн хойно 24 га газарт гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууц барих төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Уг байршил нь төвийн төвлөрсөн шугамд холбогдох боломжтойгоороо давуу талтайн дээр амьдарч буй иргэдийн 89 хувь нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд барилгажуулахыг дэмжсэн аж. Уг байршилд нийт 4600 хүн ам, 1280 өрх, 920 хүүхдийн сургууль, 460 хүүхдийн цэцэрлэг, нэг өрхийн эмнэлэг, нэг амбулаторитой байхаар төлөвлөж байгаа гэнэ. Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд өнгөрсөн хугацаанд нийт 7227 айлын орон сууц ашиглалтад оруулжээ. Өнгөрсөн онд гэр хорооллыг дахин төлөвлөн баталгаажуулах төслийн хүрээнд 2017 айлыг орон сууцжуулсан бол 2019 онд 3417 айлын орон сууц ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгааг танилцуулгын үеэр дурдаж байв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Тэргүүлэгч Б.Бямбадорж “Гэр хорооллын дахин төлөвлөлт хийж, барилгажуулах байршлыг ямар шалгуураар сонгоод байна вэ. Дэд бүтцийн асуудлыг нь хэрхэн зохицуулахаар төлөвлөсөн бэ. Дэд бүтэц, шугам сүлжээнээс болоод ажил чинь гацах вий. Дэд бүтэц татахад хот ямар үүрэгтэй байх вэ, хувийн хэвшил ямар үүрэгтэй байх вэ” гэсэн асуулт тавилаа. Тэргүүлэгч Л.Нарантуяа гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хийсэн дэд бүтэц, шугам сүлжээний ажил санхүүжилтээс шалтгаалан дутуу хийгдэх асуудал их гарч байгааг учраас эл асуудалд анхаарах хэрэгтэйг хэллээ. Дутуу хийгээд орхисон дэд бүтцийн ажлуудыг гүйцээж, өмчид бүртгэн авах асуудлыг шийдвэрлэх асуудлыг цэгцлэх ёстой гэв. Түүнчлэн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журмыг дариухан шинэчлэн боловсруулах шаардлага байгааг хэлсэн. Мөн Тэргүүлэгч Ш.Үнэнбат төсвийн мөнгөөр хийсэн дэд бүтэц, шугам сүлжээг төрийн өмчид бүртгэх, эзэнгүйдсэн асуудлыг цэгцлэх хэрэгтэйг хэлж байлаа. Түүнчлэн Тэргүүлэгч Б.Мөнхбатын зүгээс иргэд санал нэгдээд, санаачилга гаргаад дахин төлөвлөлтөд хамрагдъя гэж байгааг дэмжиж байгаагаа хэлээд дэд бүтэц, шугам сүлжээ бариулаад хэрэгжихгүй орхигдох вий хэмээн болгоомжилж буйгаа хэлсэн. Тиймээс Сонгинохайрхан дүүргийн XXIII хороонд хэрэгжих төслийг анхнаас нь маш сайн төлөвлөж, тооцоо судалгаатай хийх хэрэгтэй гэлээ. Ажлаа нарийн төлөвлөж, төслөө хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн саналыг Тэргүүлэгч Б.Бямбадоржийн зүгээс мөн хөндсөн. Тэрбээр иргэдийн оролцоотой гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг дэмжих ёстой. Нөгөөтэйгүүр хөрөнгө, мөнгө гаргаад ажиллаж байгаа хувийн байгууллагуудад талархах ёстойг мөн хэлж байв. Тиймээс сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг барих, дулаан, бохирын шугамыг хэрхэн тавих зэргийг маш сайн төлөвлөж байж төсөл амжилттай хэрэгжинэ гэдгийг сануулж байлаа.

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Шийдвэр гаргах амархан, ажил болгох хэцүү. Ажил болгохын тулд санхүүжилтийн асуудал маш чухал. Цаас болоод үлддэг гашуун туршлагыг давтах вий” гэсэн юм. Ингээд өнөөдрийн хурлаас холбогдох байгууллагуудад тэмдэглэлээр үүрэг өгсөн юм. Тодруулбал, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журмыг төслийг ойрын хугацаанд боловсруулан хэлэлцүүлж, батлуулах, холбогдох газруудын тал талын оролцоог хангаж, ажлын хэсэг байгуулж, дахин төлөвлөлтийн ажлын явцын талаар мэдээлэл хийхийг үүрэг болгов. Мөн дээрх 1280 айлын орон сууц барих төсөлтэй холбоотойгоор төслийн удирдах хороог байгуулаад, хувийн хэвшлүүдээ дэмжиж, чиглүүлж ажилла. Шаардлагатай дэд бүтэц, шугам сүлжээний төсөв мөнгийг яаж тусгах талаар саналаа дариухан ирүүл гэсэн үүрэг чиглэлийг өгөв. Ийнхүү өнөөдрийн хурлаар Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршил батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хурлаар мөн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулгыг хийх асуудлыг ээлжит XXVII хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасахаар шийдвэрлэв. Учир нь Засгийн газрын зүгээс тус хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар батлуулахаар өргөн барьснаа буцаан татсан аж. Тэргүүлэгчдийн хурлаар мөн нийслэл хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойг угтан 232 иргэнийг төрийн шагналд тодорхойлж ирүүлснийг Ерөнхийлөгчид уламжлахаар шийдвэрлэсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608520
2 эможи

Зочин
2019-09-26 01:52
keyboard_arrow_up