ФОТО: Сэтгүүлчид “Цахим сэтгүүл зүй ба монгол хэлний дархлаа“ сургалтад хамрагдлаа
Цахим сэтгүүл зүйн мэргэжлийн ууган байгууллага болох Монголын Сайтын холбоо 10 жилийнхээ ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран “Цахим сэтгүүл зүй ба Монгол хэлний дархлаа” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгуулж байна.
Сургалтыг монгол хэлний зөв бичгийн дүрэм, монгол хэлний найруулга зүй гэсэн багц сэдвийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн Монгол Улсын гавьяат багш, ШУ-ны доктор, профессор М.Базаррагчаа, МУБИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Хэл шинжлэлийн тэнхимийн багш, доктор, дэд профессор Д.Ганболд, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээ, хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, хэл бичгийн ухааны доктор О.Шинэбаяр нар удирдан явууллаа.
Монголын Сайтын холбоо, Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй хамтран “Цахим сэтгүүл зүй ба Монгол хэлний дархлаа” сэдэвт сургалтыг үе шаттайгаар, үнэ төлбөргүй зохион байгуулах бөгөөд сургалтад хамрагдсан сэтгүүлчдэд батламж олгох аж.
“Цахим сэтгүүл зүйд мэргэжлийн ёс зүйг эрхэмлэе” уриатайгаар 10 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа Монголын Сайтын холбооноос сэтгүүлчдэд зориулсан сургалтыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран сар бүр зохион байгуулах бөгөөд ирэх 10 дугаар сард “Цахим сэтгүүл зүй ба мэргэжлийн ёс зүй” сэдэвт сургалт хийхээр төлөвлөж байна.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|