З.Мэндсайхан: Улаанбаатар хотын иргэд бодит өртгөөс 27-58 хувиар доогуур үнээр цахилгаан эрчим хүчийг хэрэглэж байна

2019 оны 9 сарын 13

Arslan.mn

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхантай эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил,  эрчим хүчний үнэ, тариф болон цаг үеийн бусад асуудлаар ярилцлаа.

-Эрчим хүчний салбар энэ өвөл хэрэглэгчдээ эрчим хүч, дулаанаар найдвартай хангаж чадах уу?

-2019-2020 оны Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн найдвартай ажиллагаа, өвлийн их ачааллыг хүндрэлгүй давах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг төлөвлөсөн хугацаанд чанартай гүйцэтгэх, хэрэв хүндрэл гарсан тохиолдолд шуурхай арга хэмжээ авах, үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд салбарын хэмжээнд нийт 1,976 ажил төлөвлөснөөс 1,536 ажлыг бүрэн хийж дуусгаж 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. 10 дугаар сар гэхэд хөрөнгө оруулалт, засварын ажил бүрэн дуусаж өвлийн их ачааллын үед хэрэглэгчдийг найдвартай, тасралтгүй эрчим хүчээр ханган ажиллана.

-Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, эрчим хүчний хэрэглээний өсөлтийн талаар?

-Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хангах чухал дэд бүтэц нь цахилгаан, дулааны хангамж бөгөөд сүүлийн жилүүдэд хэрэглээ 6-8  хувиар тогтмол өсөж байна. Төвийн эрчим хүчний системд нүүрсээр ажилладаг станцуудын нийлбэр 968 МВт, сэргээгдэх эрчим хүчний 212 МВт чадал бүхий эх үүсвэрүүд  ажиллаж байна.

Өнгөрсөн нэгдүгээр сард эрчим хүчний хэрэглээ оргил ачааллын үедээ 1,117 МВт-д хүрсэн, ирэх өвөл 1,182 МВт-д хүрэх төлөвтэй байна.

Хэрэглээний өсөлтийг хямд өртөг бүхий дотоодын дулааны цахилгаан станцуудын үйлдвэрлэсэн цахилгаанаар хангаж өндөр үнэтэй импортын цахилгаан хэрэглээг бууруулах, цахилгаан станцуудыг өрсөлдөөнт зах зээлийн хэлбэрт оруулснаар хэрэглээний өсөлтийг дотоодын станцуудын үйлдвэрлэлээр хангах чиглэлд анхаарч ажиллаж байна.

-Өвлийн цагт иргэдийн эрчим хүчний хэрэглээ нэмэгддэг. Одоо  хэрэглэгчдэд хүрч байгаа эрчим хүчний үнэ, тариф хэд байгаа бэ?

-Салбарын эрчим хүчний хэрэглээ арваннэгдүгээр сараар эхлэн нэмэгдэж нэгдүгээр сарын үед хамгийн оргил үедээ хүрдэг.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын энгийн тоолууртай хэрэглэгчдэд 150 кВт.ц хүртэлх хэрэглээний 1 кВт.ц цахилгааныг 134 төгрөг 28 мөнгө буюу бодит өртгөөс нь 33 хувиар доогуур үнээр, 151 кВт.ц-аас дээших хэрэглээг 154 төгрөг 08 мөнгө буюу бодит өртгөөс 16 хувиар доогуур үнээр борлуулж байна.

Харин хоёр тарифт тоолууртай гэр хорооллын хэрэглэгчдэд шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлж байгаа. Энэ нь өглөөний 06:00 цагаас оройн 21:00 цаг хүртэл 140 төгрөг 18 мөнгөөр буюу бодит өртгөөс 27 хувиар доогуур үнээр, оройн 21 цагаас өглөөний 06 цаг хүртэл 112 төгрөг 98 мөнгөөр буюу бодит өртгөөс 58 хувиар доогуур үнээр цахилгаан эрчим хүчийг түгээж байна.

-Эрчим хүчний үнэ нэмэх шаардлагатай байсан уу. Энэ талаар тодруулаач?

-Хэрэглэгчдийн цахилгаан, дулааны тариф бодит өртгөөс доогуур байгаатай холбоотойгоор эрчим хүчний компаниудын нүүрсний уурхай болон бэлтгэн нийлүүлэгч, банкны богино хугацаат зээл, зээлийн хүүгийн өглөг 2018 оны жилийн эцсийн дүнгээр 72.6 хувиар нэмэгдсэн.

Дулааны цахилгаан станц, цахилгаан, дулаан дамжуулах, түгээх  компаниуд хөрөнгийн дутагдлаас шалтгаалж техникийн засвар, үйлчилгээг хийж чадахгүй болж хэрэглэгчийн эрчим хүчний тасралтгүй, найдвартай байдал алдагдаж улс орны нийгэм, эдийн засгийн байдалд онцгой хүндрэл үүсэхээр байна.

-Эрчим хүчний үйлдвэр компаниудад дээрх нөхцөл байдлаас үүдэн үнэ, тариф нэмэх шаардлага үүссэн гэж ойлгож болох уу?

-Болно. Хэрэглэгчид маань 1 кВт.ц цахилгаан эрчим хүчний үнэнд юу юу багтдаг вэ гэдгийг төдийлөн сайн мэддэггүй. Энэ үнэнд нүүрс олборлохоос эхлээд тээвэрлэх, эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах түгээх бүх зардал багтаж байдаг.

2015 оноос хойших 4 жилийн хугацаанд нүүрсний үнэ 40 хувиар, нүүрсний тээврийн зардал 10 хувиар, мазутын үнэ 31.8 хувиар, гадаад валютын ханш 31.6 хувиар, үйлдвэрлэгчийн болон хэрэглээний үнийн индекс 14.3 хувиар, ашиглалтын усны үнэ 20.7 хувиар, импортын цахилгааны үнэ 31.3 хувиар, эрчим хүчний байгууллагуудын ажиллагсдын нийгмийн даатгалын шимтгэл 1.0 нэгжээр буюу 7.7 хувиар тус тус өссөн.

Мөн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрүүдийн тоо нэмэгдсэн зэрэг олон шалтгаанууд бий.

-Үнэ, тарифт Сэргээгдэх эрчим хүчний нөлөөлөл хэр их байдаг вэ?

-Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн дагуу 1 кВт.ц цахилгааныг нарны цахилгаан станцууд 400-480 төгрөгөөр, салхин цахилгаан станцууд 214-254 төгрөгөөр худалддаг. Цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээнд хоёр салхин цахилгаан станц, хоёр нарны цахилгаан станцууд ажиллаж байх үед Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн дагуу сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тариф тогтоогдож байсан.

Мөн 2018, 2019 онд шинээр гурван нарны цахилгаан станц, нэг салхин цахилгаан станц дахин ашиглалтад орсон, Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль болон холбогдох аргачлалын дагуу сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүссэн.

-Цаашдаа эрчим хүчний найдвартай байдлыг хэрхэн хангах вэ?

-Эрчим хүчний өсөлтийг хаах найдвартай эрчим хүчний  шинэ эх үүсвэрүүдийг барих, шугам сүлжээгээ өргөтгөх зайлшгүй шаардлагатай. Энэ хүрээнд гадаадын зээл, тусламж, дотоодын нөөц бололцоогоор  олон төсөл арга хэмжээ хэрэгжүүлж байна.

Гуравдугаар цахилгаан станцын 50 МВт, Дөрөвдүгээр цахилгаан станцын 123 МВт, Дарханы цахилгаан станцын 35 МВт-ын өргөтгөлүүд хийгдэн амжилттай ашиглагдаж байна. Дөрөвдүгээр цахилгаан станцын 89 МВт, Эрдэнэтийн цахилгаан станцын 35 МВт, Дорнодын 50 МВт-ын өргөтгөлийн ажил эхэлж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608020
0 эможи

Зочин
2019-09-13 12:06
сонирхолтой
keyboard_arrow_up