Хувийн цэцэрлэг байгуулж, ХУВЬСАХ ЗАРДАЛ авдаг “БИЗНЕС ” газар авчээ

2019 оны 9 сарын 13

Arslan.mn

“…Төрийн мөнгө бол даргын мөнгө” гэдэг ойлголт  Монголын төрд ажиллагсдад суучихсан. Тийм болохоор улсын төсөв, гадны зээл тусламжийн хөрөнгө мөнгийг өөрийн юм шиг хэрэглэдэг албан тушаалтнууд улам олон болж байна. Ийм хүмүүс ямар нэг бизнес, үйлдвэрлэл хийж, бүтээе гэхээсээ нам дагаж яваад дарга болох цорын ганц хүсэлтэй болчихсон байдаг. Дарга болж аваад төрийн хөрөнгийг “идэж ууж” өгнө.

Тэд “эзэнгүй” мөнгө хаана байдгийг андахгүй. Тиймээс төсвийг “цоолж” байгаад л гоожуулаад авчихна. Ийм жишээ дэндүү олон доо.

Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл энэ удаад сургуулт, цэцэрлэгийн хувьсах зардал хэмээх “эзэнгүй мөнгөний эзэд”-ийн талаар хөндөх гэж байна.

Уг нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөөг зааж өгсөн. Эдгээрийн нэг буюу 16.7-д “…Сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно. Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болно” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн энэ заалтаар та бидний үр хүүхэд дунд сургууль, цэцэрлэгт үнэ төлбөргүй суралцах учиртай юм.

Тиймээс Монголын төр Үндсэн хуульд заасан энэ эрхийг иргэн бүрт эдлүүлэх гэж Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлыг тусгайлан төсөвлөж иржээ. Үүнийг Засгийн газрын тухай хууль, Боловсролын тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нарийвчлан оруулж өгсөн байна.

Тухайлбал, Боловсролын тухай хуулийн 40.2-т “…Төрийн өмчит бүх шатны сургууль, цэцэрлэгийн тогтмол зардал, ЕБС, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын дотуур байрны нийт зардал, тусгай сургуулийн суралцагчийн үдийн хоолны зардал, цэцэрлэгийн байршлыг харгалзан хүүхдийн хоолны зардлын тодорхой хувь, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр ашгийн болон ашгийн төлөө бус цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн албан болон албан бус сургалтад хамрагдаж байгаа нэг суралцагчид ногдох хувьсах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ” гээд заачихжээ.

Хувьсах зардалд

-Багшийн албан тушаалын цалин болон нэмэгдэл цалин, хүүхдийн цэцэрлэг, дотуур байрны багш, ажилтнуудын албан тушаалын цалин болон зарим нэмэгдэл,

-Багшийн үндсэн болон нэмэгдэл цалинд ноогдох ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэл

-Бараа үйлчилгээний бусад хувьсах зардал буюу хичээл үйлдвэрлэлийн дадлага хийх, бичиг хэрэг, ном хэвлэл, шуудан холбоо, интернетийн төлбөр,

– Дотоод албан томилолт

-Бага үнэтэй түргэн элэгдэх зүйлс

– Нормын хувцас, зөөлөн эдлэл

-Эм бэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл

-Хог хаягдал зайлуулах, хортон мэрэгчдийн устгал, ариутгал

-Бусдаар гүйцэтгүүлсэн бусад нийтлэг ажил, үйлчилгээний төлбөр, хураамж

-Бараа үйлчилгээний бусад зардал зэрэг багтсан байдаг байдаг байна.

Хувьсах зардалтай холбоотой Засгийн газрын шийдвэр хамгийн сүүлд 2016 оны тавдугаар сарын 2-нд гарч байжээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, БСШУ-ы сайд Лу.Гантөмөр нарын гарын үсэгтэй 242 тоот тогтоолоор Хувьсах зардлын дундаж норматив, санхүүжүүлэх аргачлалыг баталсан байгаа юм.

Уг тогтоолын 2 дугаар хавсралтад Сургуулийн өмнөх боловсрол /цэцэрлэг/ эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативын хэмжээг тогтоож өгсөн байна. Сумын цэцэрлэгийн нэг хүүхдэд 998.2 мянган төгрөг, аймгийн төвийн цэцэрлэгийн нэг хүүхдэд 812.3 мянган төгрөг, нийслэлийн цэцэрлэгийн нэг хүүхдэд 807.8 мянган төгрөгийн хувьсах зардал олгохоор зааж өгчээ.

Нийслэлийн Боловсролын газраас авсан мэдээллээр “…2019-2020 нийслэлийн хэмжээнд 2-5 насны 152 мянга гаруй хүүхэд бий. Үүнээс төрийн өмчит 230 цэцэрлэгт 90 мянга, хувийн 460 цэцэрлэгт 32 мянган хүүхэд хамрагдсан. Мөн 30 мянган хүүхэд гэртээ байгаа” гэж байна.

Эндээс үзэхэд төрийн болоод хувийн 690 цэцэрлэг нийт 122 мянган хүүхдийнхээ тоогоор хувьсах зардал авч байна гэсэн үг. Нэг хүүхдийн 807.8 мянган төгрөг гэж бодохоор найм орчим тэрбум төгрөгийн хувьсах зардал эдгээр цэцэрлэгт энэ жил очно гэсэн үг.

Энэ хичээлийн жилд хувийн 460 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна гэж Нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ. 2017-2018 онд 434, 2018-2019 онд 442 хувийн цэцэрлэг байжээ. Тэгэхээр хувийн цэцэрлэгийн жилээс жилд нэмэгдэж байна гэсэн үг.

Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл нь төрөөс иргэдийн болосврол зориулж хувьсах зардал болгон төсөвлөдөг энэ олон тэрбум төгрөг хүүхдэдээ зориулагдаж чадаж байна уу гэдгийг голлон анхаарч сурвалжилсан юм.

Ер нь бол хувийн цэцэрлэг гэдгийн ард хувьсах зардлын бизнес нуугдаад олон жил болж байгаа ажээ.

500 шахам цэцэрлэгээс хуулийн хүрээнд, хүүхдийн төлөө ажиллаж байгаа нь олон л байгаа байх. Гэхдээ хувьсах зардал авахын тулд цаасан дээр байгуулагдаж, цүнхэнд явж байдаг хувийн цэцэрлэг ч олон болсон байна. Нэг үгээр хэлбэл, энэ 500 шахам цэцэрлэгийн хэд нь ажиллаж байгааг тоолбол сонин тоо гарч ирнэ.

Ийм “бизнес”-ийг голдуу боловсролын салбарт, тэр дундаа салбарын яам, харьяа газруудад удирдах албан тушаал хашдаг, аль эсвэл төрд дундаас дээш албан тушаал хашдаг хүмүүс хийдэг байна.

Хувийн 460 цэцэрлэг төрөөс гурав орчим тэрбум төгрөг авдаг. Энэ гурван тэрбум төгрөгийн нэлээд нь дээр дурдсан хүмүүсийн халаасанд ордог. Тэртэй тэргүй хүүхэд бүрээс төлбөр авчихдаг хувийн цэцэрлэгт энэхүү хувьсах зардал бол сул орлого болон очдог. Хамгийн ноцтой нь “цүнхний цэцэрлэг” гэдэг луйвар бас энэ бүхний ард байгаа юм.

Тухайлбал, Чингэлтэй дүүрэгт харьяалагддаг “Цэцэнхүү”, “Хайлаастын багачууд”, “Даргиатын жаалууд” гэдэг үйл ажиллагаа явуулдаггүй цэцэрлэгүүд байдаг. Гэтэл  “Цэцэнхүү” цэцэрлэг 22, “Хайлаастын багачууд” цэцэрлэг 39, “Даргиатын жаалууд” 27 хүүхдийн тоо өгч хувьсах зардал авсаар байна. Хэдийгээр иддэг мөнгөний тоо нь бага мэт боловч эдгээрийг нэмэхээр хэр зэрэг болох нь ойлгомжтой.

Мөн БСШУСЯ-ны Төрийн наргийн бичгийн даргаар ажиллаж байсан, одоо  Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дэд дарга, ажлын албаны захирал Ж.Болормаа, Нийслэлийн Боловсролын газрын Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан ахлах мэргэжилтэн З.Болормаа, Нийслэлийн Авто замын газрын дарга асан Д.Нанзаддорж нар гэхэд л хэд хэдэн хувийн цэцэрлэг “ажиллуулдаг” байна.

Хувийн цэцэрлэгээр бизнес хийдэг хүмүүс гадаадад сургууль төгсөж ирсэн хүүхэддээ, зарим дарга амрагийн холбоотой эмэгтэйдээ цэцэрлэг байгуулж бэлэг барьдаг гэж энэ салбарынхан ярьж байна.

ЖДҮХС-г хүртэл “хуурайлдаг” эрхэм гишүүд ч энэ бизнест орсон. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Тором” гэдэг нэртэй цэцэрлэг байгуулж, 2019 оны наймдугаар сарын сүүлчээр тусгай зөвшөөрлөө авсан байх жишээтэй.

Бас УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хоёр цэцэр­лэг байгуулж улсад хү­лээл­­гэж өглөө гэж PR-даад л байгаа. Яаж байгуулаад, ямар замаар тө­рийнх болгочихов, хувьсах зардал нь хаашаа орж байна вэ гэх зэргийг нь судлах л шаардлагатай.

Үргэлжлэл бий…

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.9.13  БААСАН  №182  (6149)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608018
0 эможи

Зочин
2019-09-13 12:06
сайн байна.
keyboard_arrow_up