“Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал ” сэдэвт сургалтад хамрагдлаа
Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Японы Атомын энергийн агентлагтай хамтран Улаанбаатар хотноо 2019 оны 08 дугаар сарын 26-30-ны өдрүүдэд зохион байгуулсан “Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал” сэдэвт дагалдах сургалтад Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч Л.Доломжав хамрагдаж, мэдлэг чадвараа дээшлүүллээ.
Сургалтад 21 байгууллагын 26 оролцогч оролцлоо. Тус сургалтаар Япон Улсын Атомын Энергийн агентлагийн хүний нөөцийг хөгжүүлэх төвийн сургагч багш нар болон Цөмийн энергийн комиссын ажлын алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын холбогдох сургагч багш нар удирдан зохион байгуулж, цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, цацрагийн ослын үед авах хариу арга хэмжээг төлөвлөх, бэлэн байдлыг хангах, цацрагийн ослын үед хэрэглэх багаж, хамгаалах хувцас хэрэгслийг хархэн ашиглах, төрийн байгууллагууд болон цацрагийн үүсгүүр хэрэглэгч байгууллагын уялдаа холбоог сайжруулах талаар дасгал сургуулилтыг хийсэн чухал ач холбогдолтой сургалт боллоо.
Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
|