20 мянган хүүхэд гэртээ үлдэнэ. Харин хүүхэд харах үйлчилгээ хэрэгжих үү?
Цэцэрлэгийн сугалаанаас хасагдсан хүүхдүүдийг нийгэм даяараа өрөвдөж, хайрлаад өнгөрдөг дүр зураг жил бүрийн өдийд давтагддаг болоод удлаа.
Төр хамаг боломжоо шавхаад энэ онд 93 цэцэрлэгт 13,455 хүүхэд хүлээн авах бол цаана нь 20 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй гэртээ үлдэх албан ёсны тоо бий.
Харин дан ганц сурч хөгжихөөс гадна хүүхэд хамгааллын гадна үлдэж буй эдгээр хүүхдүүдэд хүрч ажиллах хувилбаруудыг төр шуурхай шийдвэрлэх учиртай. Үүний нэг нь 2016 оноос хэрэгжиж ирсэн Хүүхэд харах үйлчилгээ юм.
Мөн байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахыг төрөөс дэмжиж байгаа нь бас л үүнийг нэг хэлбэр. Салбарын яамнаас мэдээлснээр улсын хэмжээнд 11 байгууллагын дэргэдэх цэцэрлэгт 1,340 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах юм байна.
Тэгвэл хүүхдүүдийг цоожтой хаалганы цаана үлдэхээс сэргийлж, дагаад олон зуун ажлыг байр бий болгож ирсэн Хүүхэд харах үйлчилгээ сүүлийн хоёр жил дэгэн догонтой явж ирлээ. Төрөөс хүүхэд харах үйлчилгээний төвүүдэд олгодог санхүүжилтийг танаснаар үйл ажиллагаа нь хумигдаж байгааг үйлчилгээ эрхлэгчид болон эцэг эхчүүд шүүмжилсээр ирсэн.
Төсөв мөнгөгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа талаараа өнгөрсөн жил хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид төр засагт удаа дараа хандаж байв. Тэдний хэлснээр 400 гаруй хүүхэд харах үйлчилгээ эрхлэгч гурван жилд 17,000 хүүхдийг сурч хөгжих орчноор хангажээ. Хүүхэд харах үйлчилгээ хэрэгжвэл цэцэрлэгт хамрагдаж чадахгүй гэртээ үлдэж буй 20 мянган хүүхдийн 6,000-8,000-ийг нь эдгээр төвүүдэд даатгаж болно. Гэтэл энэ жил мөн адил хүүхэд харах үйлчилгээ хэрэгжих эсэх нь тодорхойгүй байна.
Хүүхэд харах үйлчилгээнд жилд 5.8 тэрбум төгрөг төсөвлөдөг бол энэ тоо 2019 онд 2.6 тэрбум болж буурснаас төвүүдийн ихэнх нь хаалгаа барихад хүрч, хамрагддаг хүүхдүүдийн талаас илүү хувь нь гэртээ үлдэж байгаа аж.
Энэ талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас тодруулахад “Хүүхэд харах үйлчилгээ хэрэгжих эсэх эцсийн шийдвэр ирэх долоо хоногийн лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар шийдэгдэнэ. Тэр үеэр төсөв мөнгөний асуудал яригдах байх. Засгийн газрын шийдвэр гарахаас өмнө ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.
Харин БЗД-ийн IV хороонд Хүүхэд харах үйлчилгээ эрхэлдэг иргэнээс лавлахад “Санхүүжилтгүйн улмаас Хүүхэд харах үйлчилгээ зогссон. Өнгөрсөн жил арванхоёрдугаар сар хүртэл тал хагас мөнгө орж ирж байгаад тавдугаар сард зогсоосон.
Одоогоор хэрэгжих эсэх талаар ямар нэг тодорхой мэдээлэл өгөөгүй. Манай төв 15 хүүхэд хамруулдаг. Энэ жил тодорхойгүй байгаа учраас хүүхдүүдээ авч эхлээгүй байна. Зарим төвүүд төр засгаас нааштайгаар шийдвэрлэх байх гээд өөрсдийнхөө санхүүжилтээр ажиллаж байна лээ” гэлээ.
Харин өөр нэг хүүхэд харах үйлчилгээ эрхлэгч “Саяхан бид цугларч уулзсан. Салбарын яаманд санал бодлоо бичиж өгсөн. Удахгүй нааштай хариу өгөх байх гээд хүлээж байна.
Бид улсаас цалин урамшуулал, эд материал, үйл ажиллагаа явуулах орон байр, засвар үйлчилгээний төлбөр нэхээгүй. Өөрсдийн хувийн зардлаасаа энэ бүхнийг ханган үйл ажиллагаагаа эрхэлж, төрд дарамт учруулалгүй явж байна.
Гэтэл бидний үйл ажиллагааг дэмжих биш, төсвөө улам хасаж байгаад харамсалтай байна. Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтал-2030 болон Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.2.2-р хэсэгт, “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийг хэрэгжүүлж, хот суурин газарт хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах боломжийг бий болгоно гэж тусгасан байдаг.
Гэтэл жилд 20-30 мянган хүүхэд цэцэрлэггүй үлдэж байна. Уг нь хүүхэд харах үйлчилгээ нь сард 60 мянган төгрөг төлөөд хүүхдийнхээ сурч боловсрох, эрүүл, аюулгүй байх орчинг хангуулж өөрөө бүтэн цалинтай ажил эрхлэх боломжийг олгож, амьжиргааны түвшинг дээшлүүлэх нөхцөлийг бүрдүүлж байгаагаараа ялгаатай юм. Энэ мөнгө зөвхөн хүүхдийг аюулгүй орчинд хамгаалах зорилготойг ойлгоосой” гэсэн юм.
Зөвхөн Баянзүрх дүүрэгт хүүхэд харах 54 төв байдаг бөгөөд нэг төв гурван багштай. Ойролцоогоор мянгаад хүүхэд хамруулдаг гэнэ. Төрөөс нэг хүүхдэд 1,650 төгрөгийн зардал хуваарилдаг бол орой ажил дуусах цагаасаа хамаарч нэг хүүхдээс 70-80 мянган төгрөгийн төлбөр авдаг юм байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.8.30 БААСАН №173 (6140)