Н.Гантулга: Есдүгээр сарын 1-нд төрийн өмчийн 15 цэцэрлэг, 9 сургууль шинээр ашиглалтад орно
Шинээр баригдаж буй барилга болон сургууль, цэцэрлэгийн өргөтгөлд хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн талаар НМХГ-ын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга танилцуулав.
НМХГ-ын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга "Өнөөдрийн байдлаар бид нийт 81 барилга байгууламжид хяналт, шалгалт хийсэн. Нийт 154 зөрчил илэрснээс бид 140 зөрчлийг арилгуулсан.
Барилгын тухай хууль зөрчсөн буюу барилга угсралтын гэрчилгээ аваагүй гэсэн зөрчилтэй таван аж ахуйн нэгжийн ажлыг түр хугацаагаар зогсоож, Зөрчлийн тухай хуулийн дагуу 21 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан.
Тухайлбал, Хан-Уул дүүргийн Өлзийт хороололд баригдаж байсан "Хангайн хитрун" гэх компанийн гүйцэтгэж буй 240 хүүхдийн цэцэрлэгийн барилга дээр ноцтой зөрчил илэрсэн учраас барилгын үйл ажиллагааг өнгөрсөн тавдугаар сард түр хугацаагаар зогсоож, өнөөдрийн байдлаар ажил гүйцэтгэгч компанийг солиод байна.
Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барьж байсан 280 хүүхдийн цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгч компани болох "Улаанбаатар Барилга" нь зөвшөөрлийн гэрчилгээгүй үйл ажиллагаа явуулсан учраас Зөрчлийн тухай хуульд заасны дагуу таван сая төгрөгөөр торгож, үйл ажиллагааг нь зогсоосон.
Сургууль цэцэрлэгтэй холбоотой барилгын ажил дээр нийтлэг илэрч буй зөрчил дутагдал нь зарим сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулахдаа хүчин чадал, хүн хүч, дотоодын нөөц бололцоог нь тооцолгүйгээр тендерийг өгсөн учраас эдгээр компани шаардлага хангаж ажиллаж чадахгүй байгаа юм.
Мөн Төрийн өмчийн нийт 15 цэцэрлэг 9 сургууль есдүгээр сарын 1-нд шинээр ашиглалтад орохоор байна.
Нийслэлийн хэмжээнд 2018-2019 онд хэрэгжүүлж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын 38 төсөл хөтөлбөрийн 29 нь ирэх сарын 1-ний байдлаар ашиглалтад орохоор байгаа"гэв.