Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн хүртэлх авто замыг энэ сарын 30-нд нээнэ
Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэл 1.4 км авто зам, 57 у/м гүүрийг энэ баасан гарагт буюу наймдугаар сарын 30-нд нээнэ.
Гадна тойруугийн хойд хэсгийн замын 3-р хэсэг буюу Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх 1,4 км авто зам, 57 у/м гүүрний ажил наймдугаар сарын 30-ны өдөр дуусч, уг замыг нээнэ.
Зорчих хэсгийн өргөн 14м, 4 эгнээ хатуу хучилттай, хоёр талдаа 2м өргөн ногоон байгууламж, явган хүний 3м өргөн зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамтай иж бүрэн авто зам юм
2017 онд Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр “Мотор Сервис” ХХК гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Тус замын трассын дагуу 108 нэгж талбар нөлөөлөлд өртсөн бөгөөд үүнээс зөвшөөрөлтэй 98, зөвшөөрөлгүй 10 нэгж талбар орсныг бүрэн чөлөөлж авто зам ашиглалтад ороход бэлэн болоод байна.
Энэхүү гадна тойруугийн хойд хэсгийн замын 3-р хэсгийн 1,4 км авто зам, 57 у/м гүүр ашиглалтад орсноор Дарь-Эхийн зам болон Чингэлтэйн гудамжийг холбосон шинэ холбоос зам үүсч хотын төвийг тойрсон гол гудамж зам болох бөгөөд улмаар тухайн бүсийн авто замын түгжрэлийг 30% бууруулж, хөдөлгөөнийг жигд хуваарилаж, гэр хорооллын дахин төлөвлөлтийг хурдасгах ачаа тээврийн үндсэн урсгалыг өнгөрүүлэх чухал ач холбогдолтой юм