Хүй долоон худагт болох ОХУ-ын Агаарын цэргийн нислэгийн тоглолтыг үзэх иргэдэд нийтийн тээврийн автобус үйлчилнэ
Халх голын ялалтын 80 жилийн хүрээнд зохион байгуулах баярын болон бусад арга хэмжээний талаар өнөөдөр Нийслэлийн Засаг даргын тамгын газраас мэдээлэл хийлээ.
Ойн баярын хүрээнд А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын зэвсэгт хүчний эрдмийн чуулга энэ сарын 27, 28-ны өдрүүдэд Монголд ирж тоглолтоо хийхээр товложээ.
Нийт 120 гаруй хүний бүрэлдэхүүнтэй тус чуулгын уран бүтээлчид өнөөдөр 22:30 цагт Улаанбаатар хотод ирнэ. Дэлхийд алдартай тус чуулга нь өндөр хөгжилтэй орнуудад зөвхөн урилгаар очиж, тоглолтоо сонирхуулдаг бөгөөд Монголд анх удаа ирж тоглох гэж байгаа нь олны анхаарлыг татаж байгаа юм.
Халх голын 80 жилийн ойгоор Улаанбаатар хотод ОХУ-ын А.В. Александровын нэрэмжит Зэвсэгт хүчний эрдмийн чуулгын тоглолт болохоос гадна ОХУ-ын Агаар-сансрын хүчний гвардын 234 дүгээр нисэх хорооны “Русские Витязи” багийн уран нислэгийн үзүүлбэр Хүйн долоон худагт болох аж.
Мөн Алдар спорт хорооноос Хүйн долоо хутагт 64 бөх барилдуулж бэсрэг наадам зохион байгуулахаар төлөвлөжээ. “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 210 дугаар тогтоолын дагуу нийслэлийн Засаг дарга 2018 оны 350 тоот захирамж гаргаж, Улаанбаатар хотын хэмжээнд Халх голын байлдааны ялалтыг тэмдэглэн өнгөрүүлэх, хөшөө дурсгалуудыг сэргээн засварлах, дүүрэг хороогоор дамжуулан олон нийт, залуучуудад цэрэг эх оронч хүмүүжлийг олгох ажлын хэсэг байгуулагдсан. Цагдаагийн алба, Мэргэжлийн хяналтынхан маань тус тусын үүрэг чиглэлээ авч хяналт тавьж ажиллана. ОХУ-ын хөрөнгөөр Дорнод аймгийн Халх гол суманд жишиг сум байгуулагдаж байгаа. Нээлт нь есдүгээр сарын 3-ны өдөр болно. Энэ үеэр ОХУ-ын тэргүүн ирнэ гэсэн мэдээлэл бий” гэж НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар хэллээ.
Баярын үйл ажиллагаатай холбогдуулан Офицеруудын ордон, Таван шар, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн урдаас Хүйн долоо худаг руу нийтийн тээвэр үйлчлэх юм байна.