Сургууль, цэцэрлэгийн автобусанд хамтарсан техникийн шалгалт хийж эхэллээ
Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдийг нэгдсэн зохион байгуулалтаар техникийн шаардлага хангасан автобусаар тав тухтай, аюулгүй тээвэрлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Тээврийн Цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Нийслэлийн боловсролын газартай хамтарсан нэгдсэн үзлэг, шалгалтыг тус газрын Техникийн хяналтын үзлэгийн төвд эхлүүллээ.
Автотээврийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, “Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавигдах шаардлага” MNS 6440:2014, “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS 4598:2011 улсын стандартууд, түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм журмын хэрэгжилтийг хангаж буй эсэхэд Замын цагдаагийн газрын Техник, замын хяналтын хэлтсийн техникийн хяналт хариуцсан зохицуулагч, Автотээврийн хяналтын улсын байцаагч, холбогдох мэргэжилтнүүд хяналт тавин ажиллаж байна.
“Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавигдах шаардлага” MNS 6440:2014 улсын стандартад хүүхдийн автобус нь 12-оос доош жилийн насжилттай, зүүн гар талдаа жолооны хүрдтэй, хүүхдийг баруун гар тал руугаа буулгаж, суулгах нөхцөлийг хангасан, шар өнгөтэй, суудал бүр нь хамгаалалтын бүстэй, жолооч нь тухайн ангиллын, мэргэшсэн жолооч байх зэрэг шаардлагуудыг зааж өгсөн байдаг.
Уг үзлэг, шалгалт 2019 оны наймдугаар сарын 30-ныг дуустал хугацаанд үргэлжлэх тул нийт сургууль, цэцэрлэгүүд тээврийн хэрэгслүүдээ идэвхтэй хамруулна уу гэж нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээллээ.