Бүсчлэлийг хойшлуулж, АГААРЫН ДҮҮЖИН ЗАМЫГ нэвтрүүлнэ
Замын хөдөлгөөний бүсчлэлийн зохицуулалтын талаар Тээврийн цагдаагийн алба болон Нийслэлийн замын хөдөлгөөн, төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээлэл хийлээ.
Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор замын хөдөлгөөнд ямар зохицуулалт хийх талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Лхагважаргал “Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулаад дугаарын хязгаарлалтаас авахуулаад замын хөдөлгөөн зохион байгуулалтад тодорхой хэмжээний өөрчлөлт оруулдаг. Энэ жил ч мөн ялгаагүй өөрчлөлт хийгдэнэ. Үүнийг нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу явуулдаг” хэмээв. Түүнчлэн тэрбээр 2019 оны эхний долоон сарын байдлаар улсын хэмжээнд 41147 авто ослын дуудлага, мэдээлэл ирсэн. Авто ослын улмаас 307 хүн нас барсны 71 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн нь “A, B C” бүсчлэлээр хуваахад торгуулийн тухай асуудлыг давхар хөндөх болсон нэг шалтгаан гэдгийг статистик мэдээгээр баримтжуулан хэлсэн юм.
"Нийслэлийн автозамыг 2019 оны наймдугаар сарын 15-наас А,В,С бүсчлэлд хуваах ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байсан.
Харин Хотын захиргаанаас 2019 оныг иргэдээ сонсох жил болгон зарласантай холбогдуулан бодлогын хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг хамгийн түрүүнд иргэдээс сошиалаар санал авч байхаар тохирсон. Тиймээс бид энэ асуудлаар хоёр удаа санал асуулга явуулсан. Эхний удаа санал асуулга авахад иргэд дэмжсэн ч дараагийн санал асуулгад 60 хувь нь дэмжээгүй, 40 хувь нь дэмжсэн гэсэн тоон үзүүлэлт гарсан.
Нийслэлийн хэмжээнд өнөөдөр 500 гаруй машин зорчиж байна. Бид өдөрт гурван ажил төлөвлөхөд хоёрыг нь замын түгжрэлээс болж амжуулж чаддаггүй төдийгүй жилийн 45 хоногийг замын түгжрэлд зарцуулж байна гэсэн судалгаа мэдээлэл бий.
Тиймээс судалгаанд үндэслэж автозамыг А,В,С бүсчлэлд хуваан дарааллын системд оруулах бодлогыг гаргасан боловч иргэд маань дэмжихгүй гэсэн байр суурьтай байгаа учир бүсчлэлд хуваах асуудлыг түр хугацаагаар хойшлуулж байгааг мэдэгдэж байна" гэдгээ албаны хүмүүс хэлэв.
Өнөөдрийн байдлаар 1,200 автобус үйлчилгээ үзүүлж байгаа ч 2020 он гэхэд эдгээрийн 80-90 хувь нь стандартын бус болж, жагсаалтаас гарч байгаа. Тиймээс нийтийн тээврийн шинэчлэлийг үе шаттайгаар хэрэгжүүлэх болно.
Тухайлбал нийтийн тээврийн парк шинэчлэлтийг үе шаттайгаар хэрэгжүүлж "Cabel Car" буюу агаарын дүүжин замыг нэвтрүүлэх, "Sky real" зэрэг үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Агаарын дүүжин замыг нэвтрүүлэх ажлын ТЭЗҮ бүрэн боловсруулагдаж дууссан аж.
ШУУД ҮЗЭХ: