Б.Индра: Яармагт үерийн хоолой хааж БАРИЛГА барьсан ААН-ийн үйл ажиллагааг ЗОГСООСОН
Улаанбаатар хотод зөвшөөрөлгүй барьж буй барилгуудын талаар нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн мэргэжилтнүүд олон НМХГ, НОБГ, НХБХГ, НАЗХГ-аас мэдээлэл хийлээ.
Энэ сарын 5-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотод орсон усархаг борооны улмаас зарим газрын айлын хашаа усанд автаж, зарим газраар ус тогтсон зэрэг 33 дуудлага нийслэлийн онцгой байдлын газарт ирсэн байна. Үүнтэй холбоотойгоор зөрчилтэй байсан барилга, ААН-ын үйл ажиллагааг түр хугацаагаар ЗОГСООСОН байна.
Нийслэлийн Автозамын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра "Үргэлжилсэн борооноос үүдсэн зам талбайн эвдрэлд үзлэг шалгалт хийсэн. Гарсан хохирлыг судалж байна.
Хамгийн анхаарал татсан хэсэг бол Яармагийн замд ус их хэмжээгээр хуримтлагдсан. Хоёр ААН-ийн буруутай үйл ажиллагаанаас ийм байдал үүслээ. Улаанбаатар хотын Засаг дарга газар дээр нь ажиллаж, ААН-үүдийн үйл ажиллагааг түр зогсоосон. Өмнө нь их хэмжээний бороо орж байсан ч энэ замд ус хуримтлагдаж байгаагүй. "Талст ширээт" компани Богд уулаас унадаг усны сувгийг хааж барилга барьснаас Наадамчдын зам усанд автсан.
Өөрөөр хэлбэл, “Талст ширээт” компани ерөнхий төлөвлөгөө болон холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авахгүйгээр барилгын сууриа барихдаа /АРЦАТ цогцолбор хотхоны барилга/ үерийн ус зайлуулах жалгыг хааж, барилга барьснаас үүдэн наадамчдын зам усанд автсан.
“Талст ширээт” компани болон тухайн газар барилга барьсан хоёр ААН нийслэлийн авто замын хөгжлийн газартай зургаа зөвшилцсөн гэх худал мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан байсан. Манайхтай зөвшилцсөн зүйл огт байхгүй. Бид мэргэжлийн байгууллагатай зөвшилцөнө үү гэх утгатай бичиг өгснийг зөвшөөрсөн мэтээр худлаа ярьсан.
Үүнээс харвал Улаанбаатар хот руу шилжилт хөдөлгөөн ихсэж үүнийг даган барилга байгууламж ихээр баригдаж байна. Баригдахдаа холбогдох зөвшөөрөл авахгүйгээс болж, бусдын эрх ашиг хөндөгдөж байна.
Одоогийн байдлаар хот доторх авто замын сүлжээ их болсон тул нийслэлээс гэр хороолол руу авто замынхаа сүлжээг өргөтгөж хийх бодлого барьж авто замаа тавьж байгаа.
Иргэн ААН-үүд өөрсдийнхөө эр ашгийг бус нийтийн эрх ашгийг бодооч ээ. Авто замд зориулагдан гарч буй бүх төсөв хөрөнгө бүх иргэдийн халааснаас гардаг учраас зөвшөөрөлтэй газар барилгаа барих хэрэгтэй.
Богд-Уулын арын хэсгийн газрыг яам олгодог. Үүнийг нийслэл олгодог болгож өөрчлөн хот төлөвлөлт дахин төлөвлөлтийг дахиж хийхгүй бол зам дээр ажлын хэсэг байгуулан яамтай холбогдож дахин төлөвлөлт хийж, ус зайлуулах сүлжээг чөлөөлөх хэрэгтэй. Төлөвлөлтийн дагуу газар олголтоо шийдмээр байна. Тиймд яаралтай ажлын хэсэг хуралдах шаардлагатай." гэв.
“Талст ширээт” компаний барилгын ажилд торгуулийн арга хэмжээ авч, зогсоож байсан
НМХГ-ын дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга н.Гантулга “Нийслэлэд жилд 700 орчим барилга баригддаг. Бүх барилга байгууламжид хоёроос доошгүй хяналт шалгалт хийж ажилладаг.
Үүнтэй холбоотойгоор “Талст ширээт”, “Хөрш цагаан”, “Амундра” гэх компаниудын барилгын ажлыг өмнө нь торгуулийн арга хэмжээ авч, зогсоож байсан.
Мөн хуульд заасны дагуу ус дулаанаар хязгаарлах арга хэмжээг дараагийн шатанд авах ёстой. Энэ арга хэмжээг зургаадугаар сарын 24-нд УБЦТС компанид дээрх нэр бүхий компаниудын барилгатай холбоотойгоор цахилгааны хязгаарлалт хийх албан бичгийг хүргүүлсэн.
Албан бичгийг хүргүүлсэн нь өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй учраас ийм нөхцөл байдал үүсчихлээ." гэв.
ШУУД ҮЗЭХ:
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|