“Буянт-Ухаа 2” түрээсийн орон сууцны ЦАХИМ бүртгэл дууслаа
“Буянт-Ухаа 2” түрээсийн орон сууцны цахим бүртгэл наймдугаар сарын 05-ны 00.00 цагт дууслаа.
Нийслэлийн орон сууцны корпораци нь /НОСК/ зөвхөн түрээсийн орон сууцны цахим бүртгэлийг хариуцаж байгаа аж. Харин Орон сууцны комисс болон нийслэлийн Засаг даргын дэргэдэх Орон сууцны зөвлөл зэрэг байгууллагууд сонгон шалгаруулалтыг хийх бөгөөд давхар хуулийн байгууллага хяналт тавьж ажиллах юм байна.
Түрээсийн орон сууцад нийслэлийн зорилтот бүлгийн 972 өрх айлыг хамруулна.
Ингэхдээ Түрээсийн орон сууцны 30 хувийг энгийн түрээсээр, 30 хувийг таван жилийн хугацаанд түрээслээд өмчлөх хэлбэрээр, үлдсэн 40 хувийг газар чөлөөлөлтөд орсон иргэдийг орон сууцжуулах юм.
Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлт гаргахдаа:
Иргэд “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн цахим мэдээллийн санд хүсэлтээ дараах бичиг баримтын хамт ирүүлнэ. Үүнд:
- Иргэний үнэмлэхийн хуулбар,
- Гэр бүлийн гишүүний хамт ТҮЦ машины тодорхойлолт,
- Орлого тодорхойлох баримт бичиг зэргийг хавсаргах
- Орлого тодорхойлох баримтад нийгмийн даатгалын болон тэтгэвэр тэтгэмжийн дэвтэр, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн орлого нотлох баримт зэрэг багтжээ.
Мөн өөрийн өмчлөлийн инженерийн хангамжтай, эсхүл нийтийн зориулалттай орон сууцгүй болохыг тодорхойлсон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, залуу гэр бол гэрлэлтийн лавлагаа, ахмад настан бол тэтгэврийн дэвтрийн хуулбар, гачигдалтай иргэн бол гамшгаас хамгаалах төрийн захиргааны байгууллагын дүгнэлт, акт, тухайн дүүргийн тодорхойлолт зэргийг бүрдүүлэх ёстой аж.