Замын цагдаагийн ГҮҮРЭН гарцын ЗОРЧИХ хөдөлгөөнийг 10 дугаар сард НЭЭНЭ
Замын цагдаагийн ойролцоох гүүрэн гарцын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа ба энэ зун бороо их орсонтой холбоотойгоор үндсэн гүүрийн хөдөлгөөнийг нээх ажил 20 хоног хойшилсон байна.
Замын цагдаагийн ойролцоох гүүрэн гарцын барилгын ажлын гүйцэтгэгчээр Хятадын төмөр замын 20-р товчоо групп, зөвлөхөөр Ростов ХХК ажиллаж байгаа ба гүүрийн хөдөлгөөнийг 10 сард багтаан нээхээр төлөвлөсөн талаар эх сурвалж мэдээллээ.
Энэ талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын олон нийттэй харилцах мэргэжилтэн А.Оргилсайхан "Энэ оны 11 дүгээр сарын сүүлээр Налайхын 20.9 км авто замыг, 10 дугаар сард Замын цагдаагийн урд уулзвар, гүүрэн гарцын зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Замын цагдаагийн уулзварын нийт ажлын гүйцэтгэл 72 хувьтай байна. Замын цагдаагийн гүүр нь 1170 метр, авто зам нь 2540 метр урттай 4 эгнээ байх юм. Түүнчлэн замын ойролцоох явган хүний гүүр, авто замын гэрэлтүүлэг, ус зайлуулах байгууламж зэрэг тохижилт хийж байна. Хотын удирдлагууд замын бүтээн байгуулалтын асуудалтай танилцан холбогдох газарт нь үүрэг даалгавар өгсөн. Ус зайлуулах хоолой байгуулахад газар чөлөөлөх асуудал үүсээд байна. Үндсэн гүүрийн замын хөдөлгөөнийг 10 дугаар сард нээнэ." гэжээ.