Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд эхний ээлжид 100 автобус авна
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нийтийн тээврийн парк шинэчлэх төслийн асуудлаар Европын Сэргээн босголт хөгжлийн банкны (ЕСБХБ) Суурин төлөөлөгч Ирина Кравченкотой уулзлаа.
Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэл төсөлд ЕСБХБ нь 40 хүртэлх сая ам.долларын санхжүүжилт хийх боломжтой бөгөөд үүний 28 сая ам.доллар нь хөнгөлттэй зээл, 12 сая ам.доллар нь буцалтгүй тусламж байх аж.
Парк шинэчлэлтийн хүрээнд эхний ээлжинд 100 автобус шинээр авах бөгөөд тэдгээрийн тодорхой хэсгийг сургуулийн автобус болгох талаар хотын Захирагч санал болголоо. Түүнчлэн одоо ашиглаж байгаа нийтийн тээврийн хэрэгслийн эгнээ, төмөр замын депогийн тоног төхөөрөмж нийлүүлэх, мөн эдгээр төслийн бэлтгэл, хэрэгжилтийн техникийн туслалцааг санхүүжүүлэх юм байна.
Мөн тус уулзалтаар Европын Сэргээн босголт хөгжлийн банкны 25 сая ам.долларын санхүүжилтээр Ханын материал орчимд 700 айлын орон сууц барих ажлыг яаралтай эхлүүлэхээр боллоо.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс