НИЙСЛЭЛ өнгөрсөн долоо хоногт

2019 оны 7 сарын 30

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2019 оны долдугаар сарын 22-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна

Цэцэрлэгийн цахим бүртгэл ирэх сарын 22-ныг хүртэл явагдана

2019-2020 оны хичээлийн жилд нийслэлд урьдчилсан байдлаар төрийн өмчийн 260 цэцэрлэгт 90 000 хүүхэд, төрийн бус өмчийн 454 цэцэрлэгт 33 000 гаруй хүүхэд, нийт 714 цэцэрлэгт 123 000 гаруй хүүхэд хамрагдах төлөвтэй байна. 3-5 настай хүүхдийг цэцэрлэгт бүртгүүлэхдээ хамран сургах тойргийн цэцэрлэг нь шинэ элсэлт авах хяналтын тоо зарласан тохиолдолд бүртгүүлэх боломжтой. Цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэд харъяа дүүргийнхээ Боловсролын хэлтэст хандаж хүүхдийнхээ регистрийн дугаараар цахимд бүртгүүлэх талаар нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл мэдээлэл өглөө. Цэцэрлэгийн цахим бүртгэл ирэх сарын 22-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Шинээр элсэх хүүхдийн бүртгэлийн тоо нь хяналтын тооноос хэтэрсэн тохиолдолд тухайн цэцэрлэгийн элсэлтийн комисс систем дээр санамсаргүй түүврийн аргаар “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагааг иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулах юм байна.

Нийслэлийн ЗДТГ-ын “Явуулын байр” Баянгол, Сүхбаатар дүүргүүдэд ажиллалаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын “Явуулын байр”-нд Хотын захирагч С.Амарсайхан ажиллаж, Сүхбаатар, Баянгол дүүргүүдэд очиж, иргэдийн аюулгүй, ая тухтай байдлыг хангах, орчныг тохижуулах талаар нийслэлийн холбогдох агентлаг, дүүргүүдийн удирдлагуудад үүрэг чиглэл өгч ажиллалаа. Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны иргэд хотын Захирагчид хандаж, тус хороонд усны худаг байхгүй, гудамжуудад уулын дайрга асгаснаас болоод явган явахад хүндрэлтэй болсон, Сэлбэ голын үерийн даланд шөнө оройн цагаар том оврын автомашинтай хүмүүс ирж хог, шороо ихээр асгаж байгаа талаар дуулгаж, энэ асуудлыг нэг тийш нь шийдэж өгөхийг хүслээ. Хотын захирагч С.Амарсайханы зүгээс гүний худаг гаргах боломжгүй бол зөөврийн худаг барих асуудлыг УСУГ-ынхантай хамтраад судалж үзэх чиглэл өглөө. Түүнчлэн Сэлбэ голын далан дотор барилгын хог, шороо асгаж байгаа автомашины зураг, улсын дугаар баримттайгаа байгаа бол УБЗАА, Тээврийн цагдаагийн албатай хамтраад зөрчил гаргасан этгээдэд хариуцлага тооцох, үерийн даланг өөрсдөөр нь цэвэрлүүлэх талаар шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллах 14 хоногийн хугацаатай үүрэг даалгаврыг Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаад өгөв.

Нийслэлийн авто замыг A, B, C бүсчлэлд хуваах ажлыг ирэх сараас хэрэгжүүлнэ

Нийслэлийн түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хотын төвийг “A, B, C” гэсэн гурван бүсчлэлд хуваах шийдвэр гарсантай холбогдуулан Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ-ын дарга Д.Одбаяр, Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр, Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра нар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Хотын төвийн A, B бүсчлэлд багтаж байгаа газруудад өнөөдрийн байдлаар нийт 2382 машины зөвшөөрөлтэй зогсоол байгаа аж. Зөвшөөрөлгүй буюу байгууллагууд өөрсдөө хаасан 5330 машины зогсоол байгаа юм байна. Шинээр 7384 машины төлбөртэй зогсоол гаргахаар судалж байгаа аж. Түүнчлэн А В бүсчлэл дотор хүмүүс явган алхах, дугуйгаар зорчих боломж нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх бодлого төлөвлөлтийн ажил хийж буй. Бүсчлэлийг зөвхөн ажлын цагаар хэрэгжүүлнэ. Бүсчлэлийн тэмдэг тэмдэглэгээг тавьж өгнө. Зөрчсөн тохиолдолд Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу тэмдэг тэмдэглэгээг зөрчсөн гэж үзэн хариуцлага хүлээлгэх аж. Бүсчлэлийн талаар иргэдээс санал асуулга авахад 70 гаруй хувь нь дэмжсэн байна.

С.Амарсайхан: Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл саналаа нэгтгэн оруулах шаардлагатай

Нийслэлийн ИТХ-аас нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид болон нийслэл, есөн дүүргийн төр, захиргааны байгууллагуудын удирдлагуудын дунд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөр хэлэлцүүлэг өрнүүллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хэлэлцүүлгийн эхэнд “НИТХ-ын төлөөлөгчид ямар зарчмаар сонгогдож, хэдий хугацаанд бүрэн эрх нь хэрэгжиж, ямар хугацаанд ажиллах вэ гэдэг болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үйл ажиллагааг баталгаажуулах нэр дэвшүүлэх, сонгох, томилохтой холбогдуулан ямар саналууд байж болох вэ гэдгийг өнөөдөр бид сайн ярилцах ёстой. Орон нутгийн эрх барих дээд байгууллага орон нутгийнхаа хэмжээнд зохион байгуулах ажлууд дээр тэр болгон эдийн засаг, эрх зүйн талаасаа тодорхой явж ирсэн зүйл дутмаг байдаг. Аливаа асуудлуудыг шийдвэрлэхтэй холбоотой дүрэм журам гаргаад хэрэгжүүлээд явах гэхээр бусад хуулиар хязгаарлагддаг. Бид үүнийг Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд тодорхой зааж өгөхөөр ажиллаж байгаа. Мөн бусад холбоотой хуулиа уялдуулж зөв зүйтэй заалтуудыг Үндсэн хуульд оруулахын тулд саналаа нэгтгэн оруулах зайлшгүй шаардлагатай” гэв. Ингээд хэлэлцүүлгээс гарсан саналыг нэгтгэн УИХ-аас гаргасан Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэгт хүргүүлэхээр тогтлоо.

Олон улсын худалдаа логистикийн төв рүү албадан ирүүлдэг биш өөрсдөө ирдэг байх нөхцөлийг бүрдүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Олон улсын худалдаа логистикийн төв” ХК-д холбогдох албаны төлөөллийн хамт ажиллаж, зарим тулгамдсан асуудлуудыг сонсон газар дээр нь шийдвэрлэх чиглэл өгөв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Энэ компанийн үйл ажиллагааг зөвхөн автомашин худалдахаар хязгаарлах биш энэ төрлийн цогц үйлчилгээг иргэдэд хүргэдэг байх талд анхаарч ажиллаж байна. Иймд дэд бүтцээ богино хугацаанд татаж шийдэх ёстой. Хүмүүсийнг албадан ирүүлэх биш, өөрсдөө сайн дураараа ирж ажиллах боломж нөхцөлийг нь бүрдүүлэх учиртай” гэлээ. Түүнчлэн нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр болон Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Б.Алтанхундага, “Олон улсын худалдаа логистикийн төв” ХК-ийн удирдлагуудын хамт Төвийн орчин тойрны бүсээр явж, Нийслэл, дүүргийн газрын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар хамтран энэ орчимд эмх замбараагүй, төлөвлөлтгүй олгогдсон бүх газруудын мэдээллийг нягтлан гаргаж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг үүрэг болгосон юм.

"Цэргийн алба-Эх орны алба" уулзалт Баянхонгор аймагт зохион байгуулагдлаа

Батлан хамгаалахын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Цэргийн алба-Эх орны алба" сэдэвт уулзалт арга хэмжээг Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид зохион байгууллаа. Энэхүү уулзалтад Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц, Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч М.Мөнхбат, нийслэл дүүргийн цэргийн штабын төлөөлөл, ангийн удирдлагууд оролцлоо. “Цэргийн алба-Эх орны алба" арга хэмжээний зорилго нь орон нутагт иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх, батлан хамгаалах үйл ажилллагааг сурталчлах, нийслэлийн бүтээн байгуулалт, хийж хэрэгжүүлж байгаа арга хэмжээг цэрэг дайчдад сурталчлан таниулахад оршино.

Бээжин хоттой эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хамтран ажиллана

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил, Улаанбаатар, Бээжин хотууд найрамдалт харилцаа тогтоосны таван жилийн ойн хүрээнд Бээжин хотын Эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах төвийн төлөөлөгчид Улаанбаатар хотод ажиллалаа. Байгалийн нөөцийг хэмнэх дэвшилтэт технологийг нутагшуулах ажил хэргийн уулзалтад БНХАУ-ын Бээжин хотын Эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах төвийн дарга Жин Хунбинь тэргүүтэй төр, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөгчид, Улаанбаатар хотоос Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга тэргүүтэй нийслэлийн болон Эрчим хүчний хөгжлийн төвийн төлөөлөл оролцов. Айл өрхийн хувьд таван ширхэг улайсдаг чийдэнг 50.000 цаг ашиглахад 1.726.500 төгрөгийн зардал гардаг бол өдрийн гэрэл 529.350, LED гэрэл 485.250 төгрөгийн зардал гардаг байна. Улайсдаг гэрэл нь ашиглалтын цаг (1200 цаг)-ийн хувьд бидний нэрлэж заншсан өдрийн гэрэл буюу CFL (10.000 цаг), сүүлийн үед хэрэглээнд түлхүү нэвтэрсэн LED (50.000 цаг) чийдэнгээс олон дахин бага хир нь зардал өндөртэй тул хэрэглэхээс татгалзахыг Нийслэлийн Байгаль орчны газраас уриалж байна.

БГД-т улс нийслэлийн төсвөөр баригдаж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцлаа

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Улсын төсвийн хөрөнгөөр Баянгол дүүрэгт баригдаж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцаж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг даалгаврыг өгч ажиллаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баянгол дүүрэгт 2018-2019 онд он дамжин долоог цэцэрлэг, долоон сургууль, нэг спорт заал баригдаж байна. “Сэтгэмж” цогцолбор сургуулийн өргөтгөлийн барилгын гүйцэтгэгчээр “Грийн ресурс констракшн” ХХК ажиллаж байгаа бөгөөд гүйцэтгэгч компанийн үйл ажиллагаанаас шалтгаалан есдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орохгүй байх нөхцөл байдал үүсээд байна. Гүйцэтгэгч компанид ажилаа эрчимжүүлэх, холбогдох байгууллагуудыг хяналтаа сайжруулах үүрэг даалгавар өглөө.

Газартай холбоотой бүхий л мэдээллийг гар утаснаасаа авах боломжтой

Газар эзэмших, өмчлөх эрхийн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг цахимаар зохион байгуулдаг Газрын биржийн цахим төвийн нээлт Дүнжингарав худалдааны төвд боллоо. Газрын биржийн цахим төвийг нээснээр иргэд гар утас, таблет, компьютер ашиглан өөрийн оролцохыг хүссэн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтад байршил харгалзахгүй, хүссэн үедээ  хамрагдахын зэрэгцээ газартай холбоотой мэдээ мэдээллийг нэг дороос авахын зэрэгцээ дуудлага худалдаа, түрээсийн зараа оруулж, арилжаалах боломж бүрдэж байгаа юм. Мөн иргэд газрын үнэ, Кадастрын зураг, гэрчилгээний хуулбар, тѳлбѳрийн баримт авах гэх мэт бүхий л үйлчилгээг цахимаар авдаг болохоос гадна түрээсийн бүртгэл хийх, газрын барьцааны талаар болон зах зээлийн үнийн бодит мэдээллийг нэг дороос авах зэргээр газрын харилцаатай холбоотой далд зах зээлийг нээлттэй болгож байгаа юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Газрын биржийн цахим төв нээгдсэнээр авлига хахуулийн эх үүсвэр болдог хэмээн иргэд, олон нийтийн дунд хардлага сэрдлэг төрүүлдэг газрын далд арилжааг таслан зогсоох, иргэдэд газрын тухай мэдээлэл адил тэгш хүртээмжтэй очих боломж нээгдэнэ” хэмээлээ.

С.Амарсайхан: Түгээлт, борлуулалттай холбоотой ажлуудыг ирэх сарын 15 гэхэд жигдрүүлсэн байх шаардлагатай

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр /2019.07.26/ Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд сайжруулсан түлшний борлуулалтын цэгүүдээр явж ажиллалаа.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Хангамжийн баазууд түлшний хадгалалтад сайтар анхаарах шаардлагатай. Мөн иргэд, олон нийтэд түлшний борлуулах цэгүүдийн талаарх мэдээлэл, зөвлөмжийг сайн хүргүүлэх, судалгаагаа гаргаж өгөөгүй байгаа дүүргүүдийн мэдээллийг яаралтай нэгтгэж гаргах ёстой. Түгээлт, борлуулалттай холбоотой ажлуудыг наймдугаар сарын 15 гэхэд жигдрүүлсэн байх шаардлагатай байна” хэмээн холбогдох албаныханд үүрэг болгов.

Чанар стандартын шаардлага хангасан материалаар замын ажлыг хийж гүйцэтгэхийг даалгалаа

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн 11, 12 дугаар хороо, Цагдаагийн гудамж, 100 айлын 1.6 км авто замыг энэ сарын 1-нээс эхлэн хэсэгчлэн хааж шинэчлэн засварлаж байгаа. Засвар шинэчлэлийн ажлын явцтай өнөөдөр /2019.07.26/ хотын захирагч С.Амарсайхан танилцаж, зарим ажлуудыг хурдацтай, шуурхай, чанарын өндөр тзүвшинд хийх талаар үүрэг чиглэл өглөө.

Замын ажлын явц 40 хувьтай байна. Энэ зам нь 12 метр өргөн дөрвөн эгнээ, замын хоёр талаараа 2.25 м өргөнтэй явган хүний зам, гэрэлтүүлэг, дугуйн замтай цогц бүтээн байгуулалт юм байна. Төлөвлөгөөний дагуу 32-ын тойргоос Хангай хотхоны хойд уулзвар хүртэлх 300 метр замыг энэ сарын 10-нд нээгээд үргэлжлүүлэн долоодугаар сарын 14-28-ны хооронд Хангай хотхоны уулзвараас Улсын бүртгэлийн ерөнхий газар хүртэл, долоодугаар сарын 28-аас наймдугаар сарын 15 хүртэл Улсын бүртгэлийн ерөнхий газраас 100 айлын уулзвар хүртэл хэсэгчлэн хааж засч, шинэчлэх ерөнхий төлөвлөгөөтэй байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606215
1 эможи

keyboard_arrow_up