Б.Саруул: А, В бүсчлэлд нэвтрэх шаардлага хангасан тээврийн хэрэгсэлд тусгай таних тэмдэг наана
Улаанбаатар хотын замын ачааллыг бууруулахын тулд ирэх сарын 15-наас эхэлж, нийслэлийн замын хөдөлгөөнийг гурван бүсчлэлд хуваах талаар бид өмнө мэдээлж байсан.
Харин А болон Б бүсрүү орохдоо тодорхой шаардлага хангасан автомашин байх ёстой юм.
Үүнд:
- Татвараа төлсөн
- Торгуульгүй
- Техникийн улсын үзлэгт тэнцсэн байх
Үүнтэй холбоотойгоор бид Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын мэргэжилтэн Б.Саруулаас тодрууллаа.
- Шаардлага хангасан, хангаагүй тээврийн хэрэгслийг хэрхэн ялгаж бүсчлэлд нэвтрүүлэх вэ?
- Ирэх сарын нэгнээс эсвэл 15-наас А болон В бүсчлэлд нэвтрэх шаардлага хангасан тээврийн хэрэгсэл буюу торгуульгүй, татвараа төлсөн, техникийн улсын үзлэгт тэнцсэн тээврийн хэрэгсэлд тусгай таних тэмдэг нааж хөдөлгөөнд оролцуулахаар төлөвлөсөн.
- Бүсчлэлийн хязгаарлалт ирэх сарын 15-наас яг хэрэгжиж эхлэх үү?
- Энэ шат дараатайгаар явагдах учраас яг хэзээнээс эхэлж дагаж мөрдөхийг хэлж чадахгүй. Ямартай ч ирэх сарын эхний долоо хоногт төлбөртэй зогсоолыг бий болгохоос эхлээд шат дараатай хэрэгжүүлнэ.
- Таних тэмдэг наалгасны дараа тээврийн хэрэгсэл зөрчил гаргасан тохиолдолд А болон В бүс рүү нэвтрэх боломжтой юу. Энэ асуудлыг хэрхэн зохицуулах вэ?
- Шаардлагад нийцсэн тээврийн хэрэгсэлд таних тэмдэг наасны дараа бүсчлэл бүр дээр нэмж камер суурилуулна. Тэгэхээр тухайн бүсчлэлд нэвтрэх тээврийн хэрэгслийн дугаарыг камераар хянана гэсэн үг.
Хэрвээ торгуультай тээврийн хэрэгсэл А болон В бүс рүү нэвтрэхэд тухайн бүсчлэл хариуцсан замын цагдаад тухайн машины дугаарыг утсаар мэдэгдэж, арга хэмжээ авах юм.
- Шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэл А, В бүсэд нэвтэрч болохгүй гэхээр зарим иргэд хотын төв рүү ирэхийн тулд заавал нийтийн тээврийн хэрэгслээр зорчих шаардлагатай болж байна. Тэгвэл нийтийн тээврийн хүрэлцээ ямар байгаа вэ?
- Энэ талаар би сайн мэдэхгүй байна. Гэхдээ бүсчлэлтэй холбоотойгоор нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орох байх. Одоогоор нийтийн тээврийн үйлчилгээний газарт автобусныхаа чиглэлийг богино эргэлттэй болгох тухай үүрэг өгсөн.
Тиймээс Нийтийн тээврийн үйлчилгээний газар хэрхэн зохицуулалт хийх талаар судалж байгаа байх. Эцэслэж шийдвэрлэгдээгүй байж магадгүй.
Нийтийн тээврийн үйлчилгээний газраас бүсчлэлтэй холбоотойгоор чиглэлд ямар өөрчлөлт орохыг тодруулахад, "Одоохондоо манайд тийм албан мэдээ ирээгүй байна. Хэрвээ тийм мэдээ ирсэн тохиолдолд бид мэдээлнэ" гэсэн тайлбар өгсөн юм.
Улаанбаатар хотын авто замын гурван бүсчлэл
А бүс: Бага талбайг хамрах бөгөөд Багшийн дээдээс Цэцэг төвийн уулзвар, Шангри Ла-гаас Бага тойруу
В бүс: Их тойруу, Баянбүрд, 100 айл, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл.
С бүс: Дээр дурдсанаас гадуур хэсэг