Дүүргүүдийг холбосон авто замуудыг 10,11 дүгээр сард ашиглалтад оруулна
Нийслэлийн Засаг даргын Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, нийслэлийн ИТХ-ын АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр болон холбогдох албаныхан Чингэлтэй дүүргийн нутагт барьж буй авто замын ажлын явцтай өнөөдөр танилцлаа.
Улаанбаатар хотын төв хэсгийн зам замын ачаалал жилээс жилд нэмэгдэж байгаа учир хотын зах орчмын доторх авто замын сүлжээг сайжруулж, хөдөлгөөний ачааллыг бууруулахаар албанхыхан ажиллаж байгаа юм.
Үүнтэй холбоотой нэг бүтээн байгуулалт нь Чингэлтэй дүүргийн XII хорооны нутагт дахь авто замын ажил юм. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэртэй холбогдох эл 3.4 км авто замын ажлыг ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Нийслэлийн Засаг даргын Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх энэ талаар “Улаанбаатар хотын хэмжээнд авто замын бүтээн байгуулалтууд эд өрнөж байна. Түүний нэг нь Чингэлтэй дүүргийн нутаг дахь 751 сая төгрөгийн төсөвтэй, 3.4 километр авто замын бүтээн байгуулалт юм.
Энэ авто замыг ашиглалт оруулсанаар Чингэлтэй дүүргээс Сонгинохайрхан дүүрэг рүү очиход заавал хотын төвөөр зорчих шаардлагагүй болно. Үр дүнд нь хотын төв хэсгийн авто замын хөдөлгөөний ачаалал буурна. Налуугийн харьцаанаас хамаараад тухайн хэсэгт чулуун зам тавих юм. Энэ сараас бүтээн байгуулалтыг нь эхлүүлж, ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Цаашид ийм сэтэлгээ хийж, авто зам тавих бүх боломжийг судалж, бүтээн байгуулалт өрнүүлнэ. Ингэхдээ замын чанарт онцгойлон анхаарна. Авто зам нэг жилийн настай, нэг бороонд урсдаг байж болохгүй. Тиймээс стандарт, чанарт нь онцгойлон анхаарч байгаа” гэсэн юм.
Үүний дараа Чингэлтэй дүүргийн нутаг, Хайлааст орчим барьж буй зам, гүүрийн ажлын явцтай танилцлаа. Уг зам, гүүрийн барилгыг ашиглалтад оруулснаар Чингэлтэй дүүргээс Баянзүрх дүүрэг рүү явахад мөн хотын төвөөр зорчих шаардлагагүй болох юм.
Тодруулбал, дээрх хоёр замыг ашиглалтад оруулснаар Баянзүрх дүүргийн иргэд Хайлаастын гүүрээр гарч, Чингэлтэй дүүргийн XII хорооны нутагт тавьсан замаар Сонгинохайрхан дүүрэгт очих боломжтой болно гэсэн үг.
Хайлааст орчимд барьж буй зам, гүүрийн ажлын явцын талаар нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү “Уг авто зам, гүүрийн ажлыг он дамжуулан, нийслэлийн төсвөөс нийт зургаан тэрбум төгрөг зарцуулан гүйцэтгэж буй. Ирэх аравдугаар сард хүлээлгэж өгнө. Гадна тойруугийн замын ажлын төлөвлөлт 2015 оноос эхлэлтэй.
Цаашид хотын түгжрэлийг сааруулахын тулд дүүрэг хоорондын нийтийн тээврийн төлөвлөлт хийж байгаа. Тиймээс дүүрэг хоорондын авто замын бүтээн байгуулалтыг сайжруулах ёстой юм” гэсэн юм.
Дашрамд дурдахад, Чингэлтэй дүүрэг нь 19 хороотойгоос 13 нь гэр хороолол. Гэсэн хэдий ч дүүргийн удирдлага авто замын бүтээн байгуулалтдаа анхаарч, гэр хорооллын олонх гудамжны авто замыг сайжруулжээ.
Ингэхдээ зах, худалдааны төвтэй ойр гудамжууд болон сургууль, цэцэрлэг орчмын авто замыг түлхүү сайжруулж, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар арчилдаг болохыг тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгч О.Есөнтөмөр хэлсэн юм.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах төв