ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: НМХГ

2019 оны 7 сарын 07

Arslan.mn

Энэ долоо хоногт /2019.07.01-2019.07.07/  Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас хийгдсэн ОНЦЛОХ үйл явдлыг тоймлон хүргэж байна.  

НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн ээлжит хурал боллоо 

Arslan.mn

НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар "Хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдэд хийсэн хяналт шалгалт"-ын дүнг танилцууллаа. Хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй нийт 95 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар 292 зөрчил илрүүлж 25 аж ахуйн нэгж байгууллага, 22 албан тушаалтанд 29 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулж, илэрсэн  зөрчлүүдийг арилгуулахаар  улсын /ахлах/ байцаагчийн 27 албан шаардлага хүргүүлж,  46 зөрчлийн хэргийг хялбаршуулж, 1 зөрчлийн хэрэг үүсгэн шийдвэрлэж, албан даалгаврын биелэлтэнд гүйцэтгэлийн хяналт тавьж ажиллаж байгаа юм байна. 

НААДМААР зөвшөөрөгдсөн 610 цэгт 400 улсын байцаагч ХЯНАЛТ тавьж ажиллана

Arslan.mn

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, НМХГ, НОБГ-аас Үндэсний их баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн талаар хэвлэлийн хурал хийлээ. Хэвлэлийн бага хурлаар НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш хэлэхдээ "Баяр наадмын үеэр НМХГ-ын даргын баталсан А/42 тоот тушаал, баяр наадмын бэлтгэл ажлыг хангуулах төлөвлөгөөний дагуу 400 албан хаагч, явуулын 2 лабораторитойгоор Хүй 7 худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Сүхбаатарын талбай гэсэн 5 газарт байнгын хяналт шалгалт хийж ажиллана.Мал эмнэлгийн лаборатори болон НМХГ-ын Төв лабораториос шалгалтын үеэр явуулын лаборатори ажиллан дээж авч шалгана. Мөн өгсөн зөвлөмжийнхөө дагуу аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавина." гэлээ. 

Барилгын материал бүтээгдэхүүнийг ЦАЦРАГИЙН ХЯНАЛТ шинжилгээнд хамрууллаа

Arslan.mn

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан “Барилгын материалын бүтээгдэхүүнд цацрагийн хяналт шинжилгээ хийх” 01/91 тоот удирдамжийн хүрээнд НМХГ-аас  “Женерал эталон” ХХК, Рокмон ХХК, Мэргэн хангал конкрит ХХК, Премиум бьюлдинг материалс ХХК-ийн барилгын материал бүтээгдэхүүн бетон, хөнгөн блокноос 8 дээж авч, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Цацрагийн хяналтын лабораторид байгалийн цацраг идэвхт изотопын хувийн идэвх тодорхойлох шинжилгээнд хамрууллаа. 

Худалдаанд нийлүүлэхэд бэлэн болсон 8 нэр төрлийн НОГОOГ шинжилгээнд ХАМРУУЛЛАА

Arslan.mn

МХЕГ-ын даргын баталсан 01/106 тоот “Ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд пестицидийн үлдэгдэл тодорхойлох хяналт шинжилгээ хийх тухай” удирдамжийн хүрээнд НМХГ-аас СХД-ийн 21-р хорооны Их булгийн тохой, Ар шижирт байрлах Шимт экспресс ХХК, Эвридэй фарм ХХК, Түмэн сүйх ХХК, иргэн Гэрэлт-Одийн хүлэмжийн үйл ажиллагаанд хяналт хийхэд 15 нэр төрлийн хүнсний ногоо тариалсан байна. Болц гүйцэж худалдаанд нийлүүлэхэд бэлэн болсон 8 нэр төрлийн нарийн ногооноос стандартын дагуу дээж авч МХЕГ-ын ХАБҮЛЛ-ийн ургамлын эрүүл ахуй, хорио цээр, эрүүл ахуй хими хор судлал, эрүүл ахуй нян судлалын лабораториудад шинжилгээнд хамрууллаа. 

“НОЁН ДЭН” буудлын ариутгал халдваргүйжүүлэлт ХАНГАЛТГҮЙ байжээ

Arslan.mn

НМХГ-аас Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Б-ийн “Ноён дэн” буудлын үйл ажиллагаанд 2019 оны 07-р сарын 01-ний өдөр төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ. Хяналт шалгалтаар тус дэн буудлын барилга байгууламж нь эрх бүхий байгууллагаас хянаж баталгаажуулсан зураг төслийн дагуу баригдаагүй, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй, тусгай зөвшөөрлөө иргэн н.Т-д түрээслүүлсэн байна. Мөн дотоод хяналт шалгалтын журамгүй, дотоод хяналтын ажилтангүй, буудлын зочин хүлээн авах өрөөнүүдийн цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангаж ажиллаагүй, ажилчид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, ариутгал халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийж гүйцэтгүүлдэггүй, физик хэмжилтээр стандартын шаардлага хангахгүй зэрэг зөрчлүүд илэрлээ. Иймд зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж байна.

Л.Эрдэнэчулуун: ААН, байгууллагуудад ажилчдаа эрүүл мэндийн үзлэгт хамруулах ухамсар алга байна

Arslan.mn

НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар "Байгалийн ургамал ашиглах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад төлөвлөгөөт шалгалт" -ын дүнг танилцууллаа. Тус газрын 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт байгалийн ургамал ашиглах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад төлөвлөгөөт шалгалтыг Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн улсын байцаагчид 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 06 дугаар сарын 28-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн байна. НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун хурлын үеэр "...Манай ААН, байгууллагуудад ажилчдаа эрүүл мэндийн үзлэгт хамруулах ухамсар алга. Заавал шахаж шаардуулж, торгуулж байж хэрэгжүүлдэгээ болих хэрэгтэй. Хариуцлага өндөртэй, хуулиа дагадаг зөндөө л ААН-үүд амжилттай яваад болоод байна. ААН-үүд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Хэрвээ биелүүлэхгүй бол хариуцлага тооц. Нөхөн сэргээлт хийгдээгүй газруудад арга хэмжээ ав. Арга хэмжээ авахад ирээгүй бол тусгай зөвшөөрлийг шууд цуцлах хэрэгтэй. Өнөөдөр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа иргэн бүр усны төлбөрөө төлж байхад зарим аж ахуйн нэгжүүд яагаад усны төлбөрөө төлөхгүй байна вэ. Жишээ нь Ус суваг удирдлагын газрын хэрэглээний усны сүүлийн 3 жилийн байдлыг шалгаад хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол хэрэг нээж мэргэжлийн болон цагдаагийн байгууллагад шилжүүл. Та нар зөрчил илрүүлэх гэж, хариуцлага тооцох гэж очдог биз дээ. Зарим байцаагч нар дутуу ажилласан байна. Үүнийг гүйцээгээд шалга. " гэв.

Хараагүй иргэдийн зорчих нөхцлийг хаасан компаний газрын эрхийг ЦУЦЛУУЛНА

Arslan.mn

НМХГ-аас Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төвийн урд талын нийтийн эзэмшлийн зам дээр баригдсан иргэн Б-ийн эзэмшлийн үйлчилгээний зориулалт бүхий барилгын үйл ажиллагаа, түүний эрхзүйн баримт бичгийн бүрдэлд хяналт шалгалт хийлээ.  Шалгалтаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжаар 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/417 тоот шийдвэрийг үндэслэн иргэн Б-д эзэмших эрхийн 130.0 м.кв газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлд бүртгэж газар эзэмших гэрчилгээг 2019 оны 03 дугаар 15-ны өдөр олгосон байна.  Тус үйлчилгээний зориулалттай барилгыг явган хүний зам дээр барьсан нь хараагүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн саадгүй зорчих орчинг хязгаарлаж, тэдний аюулгүй зорчих эрхийг зөрчсөн байна. Иймд иргэн Б-д шаардлага өгч, хараагүй иргэдийн чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлж, хөтчийн зам талбайг засаж тохижуулах ажлыг хийж гүйцэтгүүллээ. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад явган хүний зорчих зам дээр иргэн Б-д эзэмших эрхтэй 130.0м.кв газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон эрхийг цуцалж иргэдийн эрүүл, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж өгөх албан тоотоор хүргүүлээд байна.

Стандартын шаардлага хангаагүй ШАХМАЛ ТҮЛШНИЙ үйлдвэрийн үйл ажиллагааг ЗОГСООЛОО

Arslan.mn

НМХГ-аас “Шахмал түлшний үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо ЭМ СИ ПИ ТИ ХХК-ийн шахмал түлшний үйлдвэр, түлш борлуулах цэгүүдэд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар үйлдвэрлэсэн шахмал түлшнээс дээж аван Уул уурхай, газрын тосны төв лабораторид шинжилгээнд хамруулсан байна. Лабораторийн шинжилгээний дүнгээр үртсэн шахмал түлшний үнслэгийн хэмжээ стандартын үзүүлэлтээс 59.6% их, бат бөхийн хэмжээ 0.5% бага гарсан, шахмал түлшний савлалт хаяг байхгүй мөн нүүрсэн шахмал түлшний савлалт хаяггүй нь “Сайжруулсан хатуу түлш Техникийн шаардлага MNS5679:2019” стандартын шаардлага хангахгүй байна. Иймд зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. 

НМХГ-аас баяр наадамтай холбогдуулан ААН, байгууллагуудад зөвлөмж хүргүүлж ажиллаж байна 

Arslan.mnУлсын баяр наадам ойртож байгаатай холбогдуулан шингэрүүлсэн шатдаг хий хэрэглэгч нийтийн хоолны газрууд, баяр наадмын үеэр цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд асар, майханд хоол үйлдвэрлэлийн үйлчилгээ явуулах аж ахуйн нэгж, иргэдийн шингэрүүлсэн шатдаг хийн /газ/ баллонт тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааг хангуулах, хэрэглэгчдийн хэрэглэж байгаа шингэрүүлсэн шатдаг хийн баллонт тоног төхөөрөмжийн ашиглалтын байдалд тавих дотоодын хяналтыг сайжруулах зорилгоор НМХГ-аас зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна. 

Эмийн сангуудад хяналт, шалгалт хийлээArslan.mn

НМХГ-аас БГД-т байрлах “Их Шүүдэргэнэ Ариунаа” ХХК-ийн ”Их Шүүдэргэнэ” эмийн сангийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар тус эмийн сан нь хүчингүй жороор эм олгосон, Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмээр үйлчилсэн. Мөн эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангаж ажиллаагүй, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанар аюулгүй байдлыг хангаагүй зэрэг зөрчлүүд илэрлээ. Илэрсэн зөрчилд ЗТХ-ийн 6.6 дугаар зүйлийн 4.1, 6.17 дугаар зүйлийн 3 дахь заалтад заасны дагуу торгуулийн арга хэмжээ авлаа. Тус эмийг хураан авч, устгуулахаар комисст шилжүүллээ. 

НМХГ-аас хүнсний дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийж байна

Arslan.mn

НМХГ-аас Сүхбаатар дүүргийн 11 хороонд байрлах “Хангай” хотхоны орон сууцны 1 дүгээр давхарт үйлдвэрлэл, худалдаа нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээний байгууллагад хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар “Агтийн хөндий” ХХК-ний мах ангилах цех, иргэн Б-гийн “Болор” хүнсний дэлгүүр, “Пилексуссистем” ХХК-ий “Ихрүүд” дэлгүүрүүд эрүүл ахуй ариун цэврийн нөхцөл шаардлага хангаагүй, бараа бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй зэрэг зөрчил илэрлээ. Илэрсэн зөрчилд торгуулийн арга хэмжээ авч, зөрчил арилгуулах албан даалгавар хүргүүлэн ажиллаж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна. 

Нийтийн эзэмшлийн ЗАМ ТАЛБАЙГ чөлөөлүүллээ

Arslan.mn

НМХГ-аас Нийслэлийн хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас ирүүлсэн 01/355 дугаартай албан бичгийн хүрээнд тус дүүргийн 6 дугаар хороонд байрлах “Турк Монгол найрамдлын цэцэрлэгт хүрээлэн”-д байрлах түргэн үйлчилгээний цэгийг 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, Газрын алба, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн албан хаагч нартай хамтран нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлүүлж ажиллалаа.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд их хэмжээний утаа гарган шорлог хийсэн иргэдэд шийтгэл оногдуулжээ

Arslan.mnНМХГ-аас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд шорлог хийж буй иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар их хэмжээний утаа тортог гарган шорлог хийж худалдаалсан 5 иргэнд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл оногдуулаа. Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захиргаанд дотоодын хяналт шалгалтыг сайжруулах, шорлог худалдаалах үйл ажиллагааг зогсоох талаар албан бичиг хүргүүлсэн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605686
6 эможи

Зочин
2019-07-08 12:22
Улам их ажлын амжилт хүсье
keyboard_arrow_up