Гэр хорооллын 206 айл өрх амьдарч байгаа хашаа, байшиндаа инженерийн шугамд холбогдоно
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 07 сарын 09-ний өдрийн 118 тоот тогтоолоор гэр хорооллын дундын бүсэд хэсэгчилсэн инеженерийн хангамжийг нэвтрүүлэх “Дэд бүтцийн төв”-ийн төсөл хэрэгжүүлэх 16 байршлыг баталсан билээ.
2019 оны 07 сарын 04-ний өдөр дээрх 16 байршлын нэг болох Сүхбаатар дүүргийн 18 хорооны нутаг дэвсгэрт баригдах Дэд бүтцийн төвийн барилга угсралтын ажил эхэллээ. Тус Дэд бүтцийн төвийн барилга угсралтын ажлын сонгон шалгаруулалтыг Барилга, хот байгуулалтын яамнаас зарлан, түүнд Эй Жи Зэт ХХК шалгарч, 17,3 га газарт 206 нэгж талбарт инженерийн хангамжаар хангах ажлыг хийж хэрэгжүүлэхээр болсон.
Энэ өдөр Эй Жи Зэт компани гэр хорооллын гудамжин дундуур тавигдах бохирын шугамын өндрийн хэмжилтээ хийж, анхны сувгаа ухан ажлаа эхлүүллээ. Тус төв ашиглалтад орсоноор Сүхбаатар дүүргийн 18 хорооны 206 айл өрх цахилгаан, дулаан, цэвэр бохир усны шугаманд холбогдож, тэгсэнээр 206 өрхийн утааны эх үүсвэр янданг буулгах боломжтой болно. Мөн жишиг гудамж, авто болон явган зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, камержуулалт иж бүрэн хийгдэх юм.
Тус дэд төв нь нийслэл хотын хэмжээнд гэр хорооллын айл өрхийг цахилгаан, дулаан, халуун, хүйтэн ус, бохир усны ариутгах сувгаар хангах хэсэгчилсэн инженерийн хангамж бүхий 2 дахь Дэд бүтцийн төв юм. Эхний Дэд бүтцийн төв нь Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж, тус хорооны 285 айл өрхийг инженерийн шугам сүлжээгээр хангах үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болоод байгаа.