Д.Цэнд-Аюуш: НМХГ-аас 400 орчим байцаагч баяр наадмын үеэр хяналт шалгалт хийж ажиллана
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, НМХГ, НОБГ-аас Үндэсний их баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн талаар хэвлэлийн хурал хийж байна.
Явуулын лаборатори ажиллуулна
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш "Баяр наадмын үеэр НМХГ-ын даргын баталсан А/42 тоот тушаал, баяр наадмын бэлтгэл ажлыг хангуулах төлөвлөгөөний дагуу 400 албан хаагч, явуулын 2 лабораторитойгоор Хүй 7 худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Сүхбаатарын талбай гэсэн 5 газарт байнгын хяналт шалгалт хийж ажиллана.
Мал эмнэлгийн лаборатори болон НМХГ-ын Төв лабораториос шалгалтын үеэр явуулын лаборатори ажиллан дээж авч шалгана. Мөн өгсөн зөвлөмжийнхөө дагуу аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавина." гэв.
Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайхан "Үндэсний баяр наадмын өдрүүдэд онцгой байдлын алба хаагчид 2019 оны долоодугаар сарын 9-15-нд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. Ингэхдээ хяналт шалгалтын ажлыг 9-10-нд зохион байгуулж, 11-13-нд эргүүлийн ажил хийгдэнэ.
Хүй долоо худагт галын аюулгүй байдлыг шалгана. НОБГ-аас 16 анги салбарын 130 албан хаагч анги, салбар дээрээ бэлэн байдалд ажиллана. Мөн 8 ангийн 111 албан хаагч эргүүл хийх бол 55 албан хаагч Туул голын сав газраар завьтай болон автомашинтай эргүүл хийх юм." гэв.
ШУУД ҮЗЭХ:
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|