Гүонь У Жонг: Төмөр зам Улаанбаатарын утаа, замын түгжрэлийг бууруулна
Монгол, Солонгосын хамтын ажиллагааны хүрээнд Монголын төмөр замын салбарт ажиллаж буй мэргэжилтнүүдийг чадавхжуулах хоёр дахь удаагийн сургалт өнгөрсөн баасан гарагт боллоо. Энэ үеэр БНСУ-ын Төмөр замын барилга байгууламжийн корпорацийн Гадаад хамтын ажиллагааны газрын менежер Гүонь У Жонгтой ярилцсанаа хүргэе. Тэрбээр Улаанбаатар хотын нийтийн тээвэрт төмөр замыг ашигласнаар замын түгжрэлийг багасгаж, агаар, хөрсний бохирдлыг хэрхэн шийдвэрлэж болох талаар сонирхолтой саналыг дэвшүүлж байна.
-Төмөр замын мэргэжилтнүүдийг чадавхжуулах энэ удаагийн сургалтын зорилго, үр дүн юу байв?
-Монгол Улсад КОТРА гэж Солонгосын гадаад худалдааны байгууллага байдаг. Энэ байгууллагын зардлаар БНСУ-ын Төмөр замын барилга байгууламжийн корпорациас Монголын төмөр замын салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах, Солонгосын туршлага, шинэ ноухауг танилцуулах сургалтыг хийдэг.
Анхных нь 2015 оны арваннэгдүгээр сард болсон. Сая бид хоёр дахь сургалтаа амжилттай явууллаа. Монгол Улс дахь Солонгосын гадаад худалдааны байгууллага КОТРА болон БНСУ-ын Төмөр замын барилга байгууламжийн корпораци, мөн Солонгосын томоохон байгууллагуудын зүгээс нийгмийн сайн сайхны төлөөх үйл ажиллагааны хөтөлбөрийнхөө хүрээнд энэ сургалтыг зохион байгуулдаг юм.
Сургалтад ЗТХЯ, Монголын төмөр зам, Улаанбаатар төмөр зам, Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг барих ажилд гар бие оролцож байгаа БХЯ-ны 25 хүнийг хамруулж, Солонгосын төмөр замын дөрвөн салбарын туршлагатай инженерүүд хичээл заалаа.
Манай инженер, сургагч багш нар Солонгосын төмөр замын бодлого, зам тавих бэлтгэл ажлын үйл явц, үе шат, төлөвлөлт, маршрут, гүйцэтгэл, гүүрийн байгууламж, түүнчлэн Засгийн газраас нь чиглэл гаргасан тохиолдолд тухайн ажлыг гүйцэтгэх явцад аж ахуйн нэгжийн оролцоо ямар байх талаар нарийн мэдээллүүдийг өгсөн. Өнгөрсөн дөрөвдүгээр сард БНСУ-ын Төмөр замын барилга байгууламжийн корпорациас Монгол Улсад ажлын айлчлал хийхдээ Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, хоёр улсын төмөр замын асуудлаар харилцан зөвшилцсөн.
Ерөнхийлөгч Х.Баттулгын санал тавьсны дагуу Улаанбаатар хотын замын түгжрэлийг шийдэхийн тулд нийтийн тээврийг илүү хөгжүүлэх, ингэхдээ төмөр замаар дамжуулан нийтийн тээврийг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэгт харилцан санал солилцсон. Энэ асуудлыг шийдэж чадвал үүнийг дагаад нийслэлийн агаар, хөрсний бохирдлыг багасгах, иргэдийн цаг завыг хэмнэж үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, улс орны эдийн засгийг өсгөх ач холбогдолтой.
Иймд хотын төмөр замын төлөвлөлт, барилга байгууламжийг хэрхэн бий болгох талаар салбарын мэргэжилтнүүдтэй санал солилцлоо.
-Манай улс нийслэлийн утаа, хүн амын төвлөрөл, замын түгжрэл, агаар хөрсний бохирдлыг шийдэхийн тулд зуух, шахмал түлш, дулаалгын материал тарааж олон зүйлийг туршсан. Нийтийн тээвэрт төмөр замыг ашигласнаар эдгээр асуудлыг бүрэн шийдэх боломжтой гэж та үзэж байна уу?
-Үүнийг ойлгуулахын тулд би гурван үндэслэлийг дэлгэрэнгүй тайлбарлая. Өнөөдөр Улаанбаатар хотоос холгүй оршиж байгаа Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлыг Чингис хаан нисэх буудалтай төмөр замаар холбоход шинэ нисэх буудалд байгаа хүмүүс авто замаар түгжрэл үүсгэхгүй байх боломжтой. Мөн иргэд хувийн машинаараа зорчигчдыг тосох болон ачаа зөөхөөр явах магадлал бас бий.
Монголчууд нүүдлийн өвөрмөц соёлтой ард түмэн учраас гараад морио унаад чөлөөтэй давхидаг байсан шигээ өөрийн гэсэн автомашиныг бариад давхих сонирхол байж болох юм. Гэтэл өөрт тохиолдсон жишээг хэлэхэд би Чингис хаан нисэх буудлаас Сүхбаатарын талбайн ойролцоох зочид буудалд очихын тулд 2-3 цаг түгжирч байсан. Удахгүй нээлтээ хийх шинэ нисэх буудлын үйл ажиллагааг эхлэхэд ч энэ байдал шийдэгдэхгүй учраас хуучин, шинэ хоёр нисэх буудлыг Улаанбаатар хоттой холбосон, авто замын түгжрэлийг бууруулах шинэ шийдэл зайлшгүй хэрэгтэй.
Гэвч шинэ шийдэл гаргаж, шинээр төмөр зам барихад тохиромжгүй. Энд судалгаа байна уу, ТЭЗҮ хийсэн үү гэдэг асуудлаар БНСУ-ын Төмөр замын барилга байгууламжийн корпораци, Улаанбаатар хотын Захирагчийн алба хамтран судлахад техник, эдийн засгийн үндэслэл, үнэлгээ байхгүй гэсэн хариу гарсан. Улаанбаатарын замын түгжрэлийг үүсгэж байгаа гол хүчин зүйл нь иргэдийн автомашины хэрэглээ өндөр байна.
Төмөр замын хувьд зүүнээс баруун руу явсан хэвтээ чиглэлтэй. Иймд өмнөөсөө хойш явсан босоо тэнхлэгийн төмөр зам бий болгож болно. Хотын төвөөр явсан хэвтээ чиглэлийн төмөр замын уулзвар, гарцан дээр галт тэрэг дамжин өнгөрөх бүрт автомашинууд урт цуваагаар дугаарлаж хүлээдэг. Үүнээс болж түгжрэл их үүсдэг.Гэтэл автомашин явж байхаасаа зогсож байхдаа илүү утаа гаргаж агаар, орчныг бохирдуулдаг.
Дээр нь хотын баруун хэсэгт цахилгаан станцууд нүүрс түлж их утаа гаргадаг. Тиймээс 2008 оноос эхлэн Улаанбаатар хотыг хөндлөн чиглэлд дайран өнгөрч байгаа ачааны төмөр замыг урдуур нь буюу Богд уулын өмнүүр явуулъя гэсэн төлөвлөгөөг гаргаад явж байгаа юм байна лээ. Азийн хөгжлийн банк, Японы Жайка-гийн санхүүжилтээр ТЭЗҮ болон судалгааг хийлгэсэн гэсэн.
Ачааны галт тэрэг явж өнгөрдөг төмөр замыг хотоос тойруулж, Багануураас Мандал хүртэл барих шугамын урт нь 170 км байх бөгөөд ЗТХЯ-наас энэ ажлыг төлөвлөж, судалгаа гаргасан гэсэн. Энэ чиглэлд хоёр өөр байгууллага дээр төсөл төлөвлөгдөж яваа юм байна лээ. Харин таны хувьд энэ ажил бодитой хэрэгжихээр санагдаж байна уу, эсвэл…
-Гэхдээ яаж төлөвлөв гэдгээс цаашдын хувь заяа нь хамаарч таарах байх?
-Улаанбаатар хотын баруун талд шинэ, хуучин нисэх буудлыг холбосон 27 км төмөр замын гурвалжин зөрлөг бий болгож, вокзалтай холбоно. Дээр нь хот дундуур хөндлөн дайрч өнгөрдөг ачааны галт тэргүүдийг Богд уулын урдуур явуулах боломжтой. Оросоос орж ирдэг галт тэргүүд хотын баруун хэсэг дэх ачааны терминалд ачаагаа буулгаад буцаад өөр ачаа тээж Хятад руу явчихаж болно.
Ингэснээр ачааны галт тэргүүд хотын төвөөр явах шаардлагагүй болно.Энэ зам чөлөөлөгдсөнөөр зөвхөн зоригч тээвэрт төмөр замын богино эргэлтийг ашиглах боломж нээгдэнэ. Улаанбаатар хотын вокзалаас хөдөлж байгаа Бээжин-Москва, Москва-Бээжингийн галт тэрэг явж өнгөрөх учраас ачаалал нь хамаагүй багасна. Иймд хот доторх төмөр зам дээр 1-2 метрийн зайтай жижиг өртөө буюу буудлуудыг байгуулж галт тэргийг богино эргэлтээр явуулж болно.
-Гэхдээ манай улс одоогоос 2-3 жилийн өмнө ийм туршилт хийгээд амжилтгүй болсон л доо. Тэр нь рейлбус, та энэ талаар судалж үзсэн үү?
-Рейлбусын тэр төсөл яагаад амжилтгүй болсон бэ гэвэл нөгөө ачааны галт тэргүүд нь хотын төв дундуур явж өнгөрдөг хэвтээ тэнхлэгийн төмөр замаар явсан хэвээр байсан. Ачааллыг бууруулах, галт тэрэгний маршрутад өөрчлөлт оруулж зохицуулалт хийгээгүйгээс рейлбусын төсөл амжилтгүй болсон байх магадлалтай.
-Тэгвэл таны ярьж буй шинэ төсөлд энэ бүхнийг хэрхэн зохицуулахаар тооцов?
-Энд хамгийн чухал зүйл нь төмөр замын буудлуудтай холбоотой өртөө буудал, нийтийн тээврийн замуудыг хөгжүүлэх хэрэгтэй юм. Зорчигч гэрээсээ гараад автобусанд сууж, төмөр замын өртөө буудал дээр ирээд суух нэгдсэн сүлжээг бий болгох ёстой. Тэр дэд бүтцийг нь юуны өмнө байгуулахгүйгээр асуудал шийдэгдэхгүй. Солонгост ийм зориулалттай үйлчилгээний жижиг автобусуудыг гаргадаг.
Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл зорчигч метроноос шууд буугаад гэрийнхээ байгаа чиглэлд явдаг жижиг автобусууд үйлчилдэг. Ийм тогтолцоог нийтийн тээвэрт бий болговол зорчигч гэрээсээ гараад жижиг автобусанд сууж, төмөр замын буудалд хүрээд галт тэргэндээ суун цааш ажил руугаа явах боломжтой болно. Энэ дотор эдийн засгийн бас нэг нөхцөл бий.
Тухайлбал, зорчигчдын ая тухыг хангахын тулд зун нь сэрүүцүүлэх сэнс болон агааржуулагч, өвөл дулаахан байлгах технологийг галт тэргэнд болон автобусуудад суулгах ёстой. Жижиг автобусанд суусан тасалбараараа галт тэргэндээ суугаад явах боломж бас байгаа.
Монголын эрс тэс уур амьсгалтай нөхцөлд автобуснаас буучихаад галт тэрэг хүлээх цаг нь таван минутаас их байх юм бол зорчигчдод хүндрэлтэй. Энэ асуудлыг шийдэхийн тулд автобус болон галт тэрэгний хоорондын эргэлтийг зохицуулах нь чухал юм. Үүний дараа хуучин, шинэ нисэх буудал, вокзалтай холбосон төмөр замаар зорчигч тээврийн галт тэргийг явуулах хэрэгтэй.
Энэ нь ямар давуу талтай вэ гэвэл Улаанбаатар хотоос нисэх рүү явахын тулд автобус юм уу таксинд суух хэрэггүй болно. Иргэд өөрийнхөө машинаар очиж зогсоолд орхиод цааш явах шаардлагагүй. Өөрөөр хэлбэл, зорчигч өөрийн авто машиныг гэрийнхээ гадаа үлдээгээд шууд жижиг автобусанд суугаад буудалд хүрч, тэндээсээ галт тэргэнд суугаад нисэх рүү явах боломжтой.
Ажил руугаа, найз нөхөд рүүгээ яг ийм маршрутаар явчих боломж ч нээгдэж байгаа юм. Үүнийг хотдоо нэвтрүүлж хэвшээд ирэхээр дагаад автомашины хэрэглээ ч буурна. Утаа, түгжрэл багасна. Хотын төвөөр ачааны галт тэрэг явахаа больчихоор түүнээс үүдэлтэй тоосонцор алга болно. Гэр хорооллын утааны асуудлын тухайд орон сууцжуулах хөтөлбөрөөр л шийдэхээс өөр арга зам байхгүй. Түүнээс бусдаар агаарын бохирдлыг шийдэхэд миний ярьж байгаа төмөр замын шинэ төсөл багагүй хувь нэмэр оруулна гэж үзэж байна.
-Тэгэхээр та утаа, агаарын бохирдол, замын түгжрэлийг шийдэх гарц нь төмөр замыг нийтийн тээвэрт ашиглах явдал гэсэн саналыг дэвшүүлж байгаа юм байна, тийм үү?
-Хамгийн гол нь нийтийн тээврийн тогтолцоог зөв болгох хэрэгтэй юм. Төмөр замын сүлжээг миний ярьж байгаагаар шийдчихвэл агаарын бохирдлыг ч, замын түгжрэлийг багасгах бүрэн боломжтой. Тэгэхээр цаашид энэ чиглэлийн олон төсөл, хөтөлбөрт Монгол, Солонгосын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь зүйтэй юм гэсэн саналыг бид дэвшүүлж байгаа. 2020 оны гуравдугаар сарын 6-нд Монгол, Солонгосын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохионо.
Тэр үеэр хоёр улсын төрийн тэргүүнүүдийн төрийн дээд түвшний уулзалт болно. Энэхүү уулзалтын албан ёсны хэлэлцээрт бид нийтийн тээвэрт төмөр замыг ашиглах тухай санал, судалгааны ажлаа оруулахыг хүсэж байгаа юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин