НМХГ: Цацраг идэвхит үүсгүүр ашиглаж буй 63 зөрчил илрүүлжээ
НМХГ-аас Нийслэлийн хэмжээнд цацраг идэвхит үүсгүүр ашиглаж, хадгалж буй 10 аж ахуйн нэгж, байгууллагад Төрийн хяналт шалгалт, Цөмийн энерги, Зөрчил болон Агаарын тухай хуулиуд, холбогдох дүрэм журмын хэрэгжилтиийг хангах зорилгоор төлөвлөгөөт хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар их эрсдэлтэй нэг, бага эрсдэлтэй 9 байгууллага үнэлэгдэж, нийт 63 зөрчил илрүүлсэн байна. Тухайлбал, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын шаардлагыг хангаагүй болон тусгай эрхийн зөвшөөрөлгүй хадгалсан зэрэг нийтлэг зөрчил илрүүлсэн байна. Эдгээр зөрчил нь Цөмийн энергийн тухай хуулийн зүйл заалт, Монгол Улсын Засгийн газрын Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалт зохион байгуулах нийтлэг журмыг зөрчиж байна.
Зөрчлийн тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэг нээж, шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан нэг хуулийн этгээд, хоёр иргэнд нийт 3.6 сая төгрөгийн торгууль оногдуулжээ. Мөн үйл ажиллагааг түр зогсоох прокурорын 4 тогтоол гарган 40 цацраг идэвхт үүсгүүр, нэг цөмийн хэмжүүр багажийг битүүмжлэн цацрагийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.
Цаашид аж ахуйн нэгж байгууллагууд Цөмийн энергийн тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой гаргасан Засгийн газрын шийдвэр, дүрэм журам, заавар, стандартыг мөрдөж, цацрагийн ослоос урьдчилан сэргийлэн, аюулгүй байдлыг ханган ажиллаж, Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчихгүй байхыг НМХГ-аас анхаарууллаа.
Эх сурвалж: НМХГ
|