НМХГ: Бургас сүйтгэсэн 8 ААН-ээс нөхөн төлбөр тооцуулах хүсэлт хүргүүлжээ
НМХГ-аас Туул голын дагуух газар олголт хийсэн аж ахуй нэгжид хийсэн хянат шалгалт хийсэн талаар танилцууллаа.
Туул голын хамгаалалтын бүсэд газар зөвшөөрөлгүй эзэмшиж байгаа 52 айл, аж ахуйн нэгжийг нүүлгэх шийдвэрийг 2018 онд гаргасан байна. Мөн иргэдээс ирүүлсэн мэдээллээр бургас сүйтгэсэн байж болзошгүй 27 аж ахуйн нэгжид шалгалт хийснээс бургас сүйтгэсэн найман аж ахуйн нэгжид нөхөн төлбөр тооцуулахаар албан бичиг илгээжээ.
Туул голын онцгой хамгаалалтын бүс, Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүсэд газар эзэмшиж, ашиглаж байгаа 254 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг шалгалтанд хамруулжээ.
Шалгалтаар 165 зөрчил илрүүлж 71 буюу 43 %-ийг газар дээр нь арилгуулж, холбогдох хууль, дүрэм, журмыг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгжид Газрын тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн дагуу нийт 46 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, зөрчил дутагдлыг арилгуулсан байна.
Хяналт шалгалтын нөхцөл байдалд үндэслэн дараах захиргааны шийдвэрүүдийг гаргуулжээ. Үүнд:
- Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/801 дугаартай “Туул голын онцгой хамгаалалтын бүс, Улаанбаатар хотын ундны эх үүсвэрийн хориглолтын бүсэд шинээр газар эзэмших, ашиглах эрх олгох, хугацаа сунгах, бусдад эрх шилжүүлэхийг хориглох тухай” захирамж гаргуулсан.
- Дээрх бүсүүдэд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашиглаж байгаа 250 иргэн, аж ахуйн нэгжийг албадан чөлөөлөх тухай саналыг Хан-Уул, Баянзүрх дүүргүүдийн Засаг дарга нарт албан бичгээр хүргүүлж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр эзэмшил газраасаа хэтрүүлэн газар ашигласан 12 иргэн, аж ахуйн нэгжийн хашааг татуулсан.
- 2017 онд хийсэн шалгалтын хүрээнд Байгаль орчин, аялал, жуулчлалын яамны сайдын тушаал, шийдвэрээр Баянзүрх дүүргийн шалган нэвтрүүлэх товчооноос Яармагийн гүүр хүртэл Туул голын онцгой хамгаалалтын бүсэд хууль бусаар газар ашиглаж байсан иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг цуцлуулах тухай санал хүргүүлсний дагуу Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 3 удаагийн тушаалаар нийт 52 иргэн, аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийг цуцлуулсан.
- Нийслэлийн хүн амын ус хангамжийн аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний хүрээнд усан сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд стандартад зааснаас бусад төрлийн нүхэн жорлон угаадасны нүх ашиглахыг 2019 оны 01 сараас хориглох тухай Нийслэлийн Засаг захирамж гарсан.
- Туул голын онцгой хамгаалалтын бүсэд газар ээмших, ашиглах гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшил газраа хоёроос дээш жил ашиглаагүй Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамж, шийдвэртэй 44 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн дагуу цуцлуулах тухай саналыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн.
Туул голын эрэг дагуу үерийн аюултай бүсэд амьдарч байгаа айл өрхийн талаар:
Хан-Уул дүүргийн Засаг даргын 2018 оын 08 дугаар сарын 07-ны өдөр Газар чөлөөлж, нүүлгэн шилжүүлэх тухай А/249 дугаар захирамж /28 айл өрхийг нүүлгэн, газар чөлөөлөх/ гаргасан боловч хэрэгжилт хангагдаагүй байгаа тул үер усны гамшиг болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус иргэдийн аюулгүй байдлыг ханган, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авах талаар Хан-Уул дүүргийн Засаг дарга /Ж.Алдаржавхлан/-д НМХГ-ын 2019.06.19-ны өдрийн 02-03/2463 тоот албан бичгийг хүргүүлжээ.
Туул гол дагуу барилга барихдаа бургас, бут, сөөг огтолсон байж болзошгүй:
Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд Хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 03/1344 тоот албан бичгээр Яармагийн гүүрнээс Баянзүрхийн гүүр хүртэлх Туул голын энгийн хамгаалалтын бүсэд орсон 27 иргэн, аж ахуйн нэгжийн судалгааг гаргуулсан. Туул гол, Дунд голын онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд барилга байгууламж, зам, гүүр барьж буй иргэн аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж, барилга барих үйл ажиллагаанд мод бургас өртсөн байж болзошгүй газруудын эзэмшил газрын зургийг агаарын зургаар харьцуулан тухайн талбайнуудын мод, бут, бургас өртсөн байдалд хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тооцож ирүүлэх талаар 2019.06.12-ны өдрийн 02-03/2382 тоот албан бичгийг Нийслэлийн Байгаль орчны газарт хүргүүлсэн. Тус газраас тооцож ирүүлсэн хохирлын хэмжээний дагуу нөхөн төлбөр оногдуулна.