ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: НИЙСЛЭЛ

2019 оны 6 сарын 22

Энэ долоо хоногт /2019.06.17-2019.06.22/ болсон Нийслэлтэй холбоотой онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.

Хөшигийн хөндийн нисэх буудал ашиглалтад ороход бэлэн болжээ

Arslan.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханаар ахлуулсан хотын удирдлагын баг 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Хөшигийн хөндийд баригдаж буй шинэ нисэх онгоцны буудлын үйл ажиллагаатай танилцав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа нь бидний үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хүрээнд хотын төвөөс наашаа сүүлийн үеийн нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх хэд хэдэн чиглэлийн төсөл хөтөлбөрийн судалгаа, зохион байгуулалтын ажлыг хийгээд явж байна. Эрчим хүчний хоёрдогч эх үүсвэргүйгээр нисэхийн үйл ажиллагаа явах боломжгүй. Сонгино дэд станцын ажил 2013 оноос хойш удаашралтай явагдаж ирсэн. Саяхан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд 2020 оны төсөвт шаардлагатай байгаа 4 тэрбум төгрөгийг тусгахаар болоод бид нийслэл дээр гүйцэтгэгч компанитай нь эвлэрлийн гэрээ хийх ажлыг зохион байгуулж байна. Асуудлыг ерөнхийд нь шийдээд явж байна. Ирэх хавар гэхэд бэлэн болгох хэмжээнд яригдаж байгаа. Энэ бол хамгийн чухал асуудал.

Улаанбаатар хотыг тойрсон Хөшигийн хөндий, Төв аймаг цаашлаад бусад бүсчилсэн хөгжлийн томоохон хөтөлбөрүүдийн хүрээнд бид дагуул хотуудаа хөгжүүлэхдээ шинэ нисэхийнхээ үйл ажиллагаатай уялдуулах ёстой. Ирэх хавар та бүхэн үйл ажиллагаа эхлүүлж, ажлаа хэвийн явуулахад нийслэлээс хамаарах бүх асуудал шийдэгдсэн байна гэж ойлгож болно. Нийслэлээс бүхий л асуудал дээр дэмжиж, хамтран ажиллах ёстой” хэмээв.

“Улаанбаатарт үйлдвэрлэв 2019”  үзэсгэлэн худалдааг долоо дахь жилдээ зохион байгуулж байна

Arslan.mn

Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн борлуулалтыг үе шаттайгаар нэмэгдүүлж бүтээгдэхүүний, чанар, стандартыг сайжруулах зорилгоор “Улаанбаатарт үйлдвэрлэв 2019”  үзэсгэлэн худалдааг долоо дахь жилдээ зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдааны нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан оролцлоо. 

Энэ үеэр хотын Захирагч С.Амарсайхан “Үйлдвэрлэлийг хөгжүүлж, үйлдвэрлэгчдээ дэмжих бодлого нь төр, засгийн болоод нийслэл хотын нэн тэргүүний зорилтын нэг яах аргагүй мөн билээ. “Улаанбаатарт үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг тогтмол зохион байгуулснаар жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэхийн зэрэгцээ хамтран ажиллах түнш байгууллагуудтай холбоо тогтоох, байнгын үйлчлүүлэгч, захиалагчтай болох давуу талтай. Нийслэлийн удирдлагуудын зүгээс  жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг бодлогоор дэмжих, тэдэнд дарамт шахалт болдог төрийн хүнд суртлыг арилгах, санхүүгийн таатай орчин бүрдүүлэх үе шаттай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх болно” гэлээ.

“Улаанбаатарт үйлдвэрлэв-2019” үзэсгэлэн худалдаанд 160 гаруй иргэн, аж ахуй нэгжийг талбайн түрээсгүйгээр оролцуулж байгаа бөгөөд өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулж, худалдан борлуулах боломжийг  олгож байгаа аж.

Үе үеийн Жагсаалын дарга нарын дурсамж уулзалт боллоо

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор төрийн цэргийн байгууллагуудад алба хаасан үе үеийн Жагсаалын дарга, бага  дарга нарын “Дурсамж уулзалт” баярын арга хэмжээ 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатарын талбайд боллоо.

“Дурсамж уулзалт” баярын арга хэмжээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, НИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон төрийн захиргааны байгууллагуудад ажиллаж буй цэргийн алба хаасан алба хаагчдын төлөөлөл зэрэг 1300 хүн оролцлоо.

НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн ээлжит хурал боллоо

Arslan.mn

НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурал 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр боллоо. Тус зөвлөлийн хурлаар  "Ерөнхий боловсролын сургууль, дотуур байр, “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад хийсэн хяналт шалгалтын дүнг танилцууллаа.

НМХГ-аас Ерөнхий боловсролын сургууль, “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын  үйл ажиллагаанд хяналтыг удирдамжинд заагдсан 121 сургууль, “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлэгч 79 аж ахуйн нэгж, нийт давхардсан тоогоор 138 байгууллагыг хамруулан хийжээ.

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун "Өнөөдрийн хуралд Нийслэлийн боловсролын газар, дүүргүүдийн боловсролын хэлтсийн  дарга нар болон эрсдэлтэй гэж үнэлэгдсэн тусгай зөвшөөрлийг цуцлуулах санал хүргүүлж байгаа сургуулиудын захирлууд оролцож байна. Та бүхэн НМХГ-аас 2018-2019 онд  "Ерөнхий боловсролын сургууль, дотуур байр, “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад хийсэн шалгалтын дүнг сонслоо. Шалгалтаар манай байцаагч нар үр дүнтэй ажилласан байна. 138 Ерөнхий боловсролын сургууль, 79 “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийсэн.   ЕБС-иас илрүүлсэн зөрчлүүд

  • Удирдлага зохион байгуулалтын алдаа -169
  • Сургалтын орчны зөрчил -770 байна.

Эндээс харахад сургуулийн орчны аюулгүй ажиллагааны үр дүн нэг ч харагдахгүй байна. 2018 оны шалгалтыг 2019 онтой харьцуулан үзэхэд ЕБС-ийн сургалтын эрсдэлийн тоо  38.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үүний цаанаа та нарын ажлын үр дүн харагдаж байна. Энэ бол арай дэндсэн тоо байна. Сургуулиуд стандартаа хангаж чадахгүй байгаа нь ноцтой зөрчил шүү. Хүүхэд сургуулийн аюулгүй орчинд хүмүүжих ёстой. Хувийн сургуулиуд төлбөр авчаад мэргэжлийн бус багшаар хичээл оруулдаг. Дээрээс нь гүнзгийрүүлсэн сургалт гээд эцэх эхээс нь 5 сая төгрөг аваад хоёр багшаар хичээл оруулдаг бизнес болж байна. Мөн сургууль байнга эцэг эхчүүдээс  мөнгө татдаг. Улсаас хувьсах зардал авчина, хүүхдээс төлбөр авчина. Гэтэл сургалтын орчинд ямар ч стандарт байхгүй. 16 багшаас хоёр багш нь сургалт явуулж байх жишээний. Энэ чинь ямар стандарт вэ. Мэргэжлийн бус багш нараар хичээл оруулж байна. Энэ чинь ямар стандарт вэ. 138 сургуульд шалгалт хийхэд 37 хувь мэргэжлийн бус багш  ажилуулж байна. Өнөөдөр нийслэлд хүний нөөц дутагдаагүй байна. Энэ асуудалд бүх байцаагч нар анхаарах хэрэгтэй байна.

Дараагийн асуудал бол тусгай зөвшөөрлийг стандартын дагуу олгож чадахгүй. Олгосоны дараа хяналт тавьж чадахгүй байна. Шаардлага хангаагүй бол тусгай зөвшөөрөл олгохгүй байх хэрэгтэй. Тусгай зөвшөөрөл чинь эхнээсээ хууль бус явагдахаар яаж аюулгүй сургалтын орчин бий болох вэ. Олон жил тусгай зөвшөөрлийн асуудал яригдаж байна. Шаардлага хангасан сургуульд л тусгай зөвшөөрөл олгооч. Сургуулийн тооноос ч олон зөрчил гарсан байна. Үүнд хариуцлага тооцож ажил.

Өнөөдрийн хурлаар хэд хэдэн чухал ажлыг хэлэлцэж байна. Зөрчил гаргасан сургуулиудын тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг нийслэлийн Боловсролын газар цуцлахгүй. Байцаагч нь арга хэмжээ авахгүй байна. Аливаа үйл ажиллагааны үр дүн хариуцлага шүү дээ. Албан тушаалын хэрэгтэй холбоотой 8 сургуулийн захиралын асуудлыг АТГ-т шилжүүлнэ. Та нар хариуцлага тооцож чадахгүй бол тооцдог газарт шилжүүлэх нь зөв." гэв.

Хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээг НЭГ ЦЭГЭЭС үзүүлэх “ХӨДӨЛГӨӨНТ БИРЖ“ Сүхбаатар дүүрэгт ажиллалаа

Arslan.mn

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хүртээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, алслагдсан дүүрэг, хороодын иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох болон хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл, зөвлөгөө өгөх, зохистой хөдөлмөр эрхлэлтийн ойлголтыг нэмэгдүүлэх, ажилгүй иргэдийг бүртгэх, ажилд зуучлах зэрэг хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээг нэг цэгээс хүргэх зорилгоор “Хөдөлгөөнт бирж” үйл ажиллагааг хавар, намрын улиралд зохион байгуулахаар төлөвлөн энэ хаврын үйл ажиллагаа эхэлжээ.

“Хөдөлгөөнт бирж” үйл ажиллагааг дүүрэг болгоны Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэсүүдтэй хамтран хийж байгаа бөгөөд хүн амын нягтаршил, газар нутгийн онцлогийг харгалзан байршлуудыг сонгож байгаа аж.

Тэгвэл 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэстэй хамтран тус дүүргийн 11-р хороо BSB төвийн урд талбайд Хөдөлгөөнт бирж ажиллалаа.

“Хөдөлгөөнт бирж” арга хэмжээ нь 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар нийслэлийн зургаан дүүргийн  нийт 40 хорооны иргэдийг хамруулан 13 байршилд ажилласан бөгөөд энэ үеэр 2000 гаруй сул чөлөөтэй ажлын байрыг иргэдэд санал болгож, зуучлах ажлыг хийгээд байгаа аж.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд шинэ сургууль, цэцэрлэгийн шав тавилаа

Arslan.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан  захирамж гаргаж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 мянган ам метр газрыг нийслэлийн Боловсролын газарт сургууль, цэцэрлэгийн цогцолборын зориулалтаар 15 жил эзэмшүүлэх эрх олгосон юм. Тэгвэл өчигдөр 920 хүүхдийн суудалтай сургууль, 280 хүүхдийн цэцэрлэгийн барилгын шав тавих ёслол боллоо. Ёслолын ажиллагаанд УИХ-ын дарга Г.Занданшатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон холбогдох албаныхан, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Дайрга олборлож буй компаниудын үйл ажиллагааг газар дээр нь очиж шалган, холбогдох арга хэмжээг авлаа

Arslan.mn

УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн А.Сүхбат, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан болон бусад албаныхан энэ сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Шувуун фабрик орчимд хайрга, дайрга олборлож буй компаниудын үйл ажиллагааг газар дээр нь очиж шалган, холбогдох арга хэмжээг авах болсноо мэдэгдлээ.

Хотын Захирагч С.Амарсайхан “Эвлэрлийн гэрээг цаашид хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй. Асуудлыг нэг тийш нь шийдэх цаг нь болсон. Мэргэжлийн байгууллагууд газар дээр нь ирээд үйл ажиллагааг нь зогсоодог ч эргээд хулгайгаар ажилладаг байдал бий болоод байна. Эвлэрлийн гэрээ байгуулсан хэдий ч үүргээ биелүүлээгүй 34 ААН, байгууллагын эрхийг сэргээхгүй, үйл ажиллагааг нь ч явуулахгүй. Гэрээг цааш нь сунгахгүй. Харин нөхөн сэргээлтийг нь хийлгэнэ. Туул гол дагуу 1000 га орчим газарт ямар ч нөхөн сэргээлт байхгүй, ийм байдалтай болсон байгаа. Түүнчлэн энэ чиглэлээр стандарт батлах хэрэгтэй байна. Мэргэжлийн байгууллагуудын шинжилгээ дүгнэлтээс авахуулаад олон талаас нь харж байж стандартын асуудлыг нэг тийш нь болгох ёстой. Бид ААН-үүдээ шууд буруутгаж бас болохгүй. Анхнаас нь эрх олгоогүй бол энэ газар ийм болохгүй байсан. Эрх олгосон бол мэргэжлийн байгууллагууд үйл ажиллагаагаа уялдуулж хяналт, шалгалтаа маш сайн хийх хэрэгтэй байсан” хэмээв. Түүнчлэн “Одоо ажиллаж байгаа ААН-үүдийн тоог гаргаад, техник хэрэгслийг нь бүгдийг нь журамлаад нөхөн сэргээлтээ хийсэн тохиолдолд эргүүлээд ажилд нь гарга. Нийслэлийн Цагдаа, Мэргэжлийн хяналтын газрынхан үүнд хатуу хяналт тавь. Нэг ч машин, техник гаргаж болохгүй. Байгаль орчны газар, мэргэжлийн хяналтынхан хамтраад хайрга, дайрга зөөж байгаа машинуудыг хучлага хэрэглэдэг, машин техникийнхээ дугуйны тоос шороогоо хүртэл унагаж, цэвэрлэсний дараа төв зам руу ордог байх гэх зэрэг асуудлуудыг тусгаад журам боловсруул. Машинууд хаагуур орж, гарч байгааг судалж, ариутгал халдваргүйжүүлэлтийн хяналтын пост гарга” хэмээн холбогдох албаныханд үүрэг болголоо.  

Орон сууцны дундах ногоон байгууламж бүхий талбайд олгосон газрын зөвшөөрлийг цуцаллаа

Arslan.mn

Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны иргэд болон тус хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны хороолол дундах ногоон байгууламж бүхий талбайд газрын зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжийн хооронд маргаан үүсээд байгаа аж. Уг газарт барилга барихаар болсныг иргэд эсэргүүцэн суулт хийж байгаа юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан энэ сарын 19-ны өдөр тухайн газарт очин иргэдтэй уулзаж, хууль бусаар олгосон тус газрын зөвшөөрлийг цуцлах болно гэдгээ мэдэгдлээ.

Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Arslan.mn

Барилгын хөгжлийн төвийн Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтэс  Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран ажиллахаар боллоо. Барилгын хөгжлийн төвийн дэд захирал М.Ибрай, Нийслэлийн мэргэжлийн газрын дарга Л.Эрдэнэчулуун нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.

Хамтын ажиллагааны хүрээнд барилгын материалын үйлдвэрийн технологи үйл ажиллагаа, бүтээгдэхүүний чанар, холбогдох стандартын хэрэгжилт зэрэгт хяналт, шалгалт хийнэ. Шалгалтын үр дүнд тулгуурлан мэргэжил, арга зүйн зөвлөгөө үзүүлэх юм. Цаашид барилгын салбарт тулгамдсан олон асуудлаар хамтран ажиллахаар тохиролцлоо.

133 дугаар сургуулийн газрын асуудал шийдэгдэж, барилгын ажил эхлэх боломж бүрдлээ

Arslan.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан энэ сарын 19-ны өдөр  А/596 тоот захирамж гаргаж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 мянган ам метр газрыг нийслэлийн Боловсролын газарт сургууль, цэцэрлэгийн цогцолборын зориулалтаар 15 жил эзэмшүүлэх эрх олголоо.

Газрын асуудлыг нь ийнхүү шийдэж өгснөөр “айлын хажууд толгой хоргодож” байсан Баянзүрх дүүргийн 133 дугаар сургуулийн багш, сурагчид шинэ хичээлийн байртай болох боломж бүрдэж байгаа юм.

НМХГ-аас 197 хуулийн этгээд, хувь хүнд 147.4 сая төгрөгийн шийтгэл ногдуулжээ

Arslan.mn

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас хоол үйлдвэрлэл, үйлчилгээ болон хүнсний худалдааны газруудад  явуулсан хяналт, шалгалтын дүнг 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр даргын зөвлөлийн хурлаараа хэлэлцлээ.

Хоол үйлдвэрлэл үйлчилгээний шалгалтыг хүнсний чанар, стандарт,  эрүүл ахуй, халдвар хамгаалал, нийгмийн хамгааллын хяналтын гурван чиглэлээр,  40 улсын ахлах байцаагчийн бүрэлдэхүүнтэйгээр хоёрдугаар сарын 18-наас тавдугаар сарын 25-нд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэжээ.

Шалгалтад 316 хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын 309 буюу 98 хувь нь хамрагдсан байна. Үүнээс 3,549 зөрчил илрүүлж 2,568  буюу 76.8 хувийг нь газар дээр нь арилгуулжээ.

Улаанбаатарт Парис хотын нэрэмжит гудамж талбай байгуулах асуудлаар санал солилцов

Arslan.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинийг  хүлээн авч  уулзлаа. Уулзалтаар  Улаанбаатар хотод Парис хотын нэрэмжит гудамж талбай байгуулах асуудлаар болон хоёр улсын хамтран хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн үр дүнгийн талаар ярилцаж санал солилцов.

НМХГ-аас нийслэлийн хэмжээнд  хэмжилзүйн хяналтын чиглэлээр 364 аж ахуйн нэгж иргэний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ

Arslan.mn

НМХГ-аас нийслэлийн хэмжээнд 2019 онд хүнсний чанар, эрүүл ахуй, ургамал хамгаалал, хорио цээр, мал эмнэлгийн хяналтын чиглэлээр 257, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, газрын харилцаа, эрчим хүч, хэмжилзүйн хяналтын чиглэлээр 107 нийт 364 аж ахуйн нэгж иргэний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.

Шалгалт хийсэн 8 чиглэлээр нийт 1986 зөрчил илэрснээс 1307 буюу 65.8 хувийг арилгуулж, 195 аж ахуйн нэгж,иргэнд 1624 заалт бүхий хугацаатай албан шаардлага, эрх бүхий албан тушаалтны албан даалгавар 137-г хүргүүлж, 20 акт үйлдэж, 489.0 мянган төгрөгийн нөхөн төлбөр  тогтоож, гүйцэтгэлийн хяналтаар илэрсэн зөрчлийг арилгуулан, зөрчил гаргасан 197 хуулийн этгээд, хувь хүнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хялбаршуулсан журмаар 186 шийдвэрлэж, 11 зөрчлийн хэрэг нээн НИЙТ 147.400.0 мянган төгрөгийн шийтгэл ногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгуулан ажилласан байна.

Шалгалтаар 88 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс 200 дээж авч лабораторид шинжилгээнд хамруулж, хадгалалтын хугацаа дууссан, чанар, аюулгүйн шаардлага хангаагүй, муудсан, 84 нэр төрлийн 2454 ширхэг, 4.245.15 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн, 39 нэрийн 178 хайрцаг, 435.800 төгрөгийн тамхийг  улсын байцаагчийн актаар хураан авч, “Нийслэлийн зөвлөл”-д албан бичгээр шилжүүлжээ.

Хотын захирагч НОБГ-т шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслүүд авч өгөхөөр болов

Arslan.mn

Монгол Улсад Онцгой байдлын байгууллага үүсч, нэгдсэн тогтолцоонд шилжсэний 15  жилийн ойн өдөр тохиож байна. Ойн арга хэмжээ 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатарын талбайд ёслолын жагсаалаар эхэлж, баярын хурал Соёлын төв өргөөнд болсон юм.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн Онцгой байдлын газарт шаардлагатай байгаа тоног төхөөрөмж, техник хэрэгслийг олгохоор болсноо хэлж, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнд эрхийн бичгийг гардуулсан юм.

Хайлаастыг Чингэлтэйн гудамжтай холбосон авто замыг өнөөдөр хаана 

Arslan.mn

Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Хайлаастын авто замыг Чингэлтэйн гудамжтай холбосон 0.2 км авто замыг түр хааж байна. Авто зам дагуу цэвэр усны шугамын угсралтын ажлыг НАБСАН” ХХК 2019 оны 6 дугаар сарын 22-28-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэх юм.

Иймд тус замаар зорчих иргэд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НАЗХГ-аас зөвлөлөө.

Зуслангийн болон шөнийн нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүллээ

Arslan.mn

Зуны улирал эхэлж Зуслан чиглэлийн иргэдийн зорчигч урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор Зуслангийн чиглэлийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг зургадугаар сарын 15-ны өдрөөс дараах гурван чиглэлд эхлүүлээд байна. Тодруулбал, Зуслангийн чиглэл буюу “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн гурван автобус 35 минут тутамд “Тэнгис” кино театрын зогсоолоос, “Гоодой-Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн нэг автобус нэг цаг 30 тутамд “Тэнгис” кино театрын зогсоолоос,  “Баянбулаг- Тэнгис кино театр” чиглэлд 1 их багтаамжийн  автобус хоёр  цаг тутамд мөн “Тэнгис” кино театрын зогсоолоос өдөр бүр 07.00-22.00 цаг хүртэл үйлчилж эхэллээ.

Мөн аялал, зугаалгын улирал эхэлж иргэдийн орой, үдшийн цагаар зорчих эрэлт хангах зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээ зогссоноос хойш шөнийн 02.00 цаг хүртэл Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Чингэлтэй өргөн чөлөөнд шөнийн тээврийн үйлчилгээг хүргээд байна. Үүнд: “5 Шар–Ботаник” чиглэлд их багтаамжийн дөрвөн автобус 25 минут тутамд, “Нисэх–МУБИС–Ард кино театр” чиглэлд их багтаамжийн гурван автобус 23 минут тутамд, “Зунжин–7 буудал– МУБИС” чиглэлд их багтаамжийн гурван автобус 27 минут тутамд үйлчилж эхэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605115
0 эможи

keyboard_arrow_up