Азийн Буддистуудын энх тайвны бага хурал Гандантэгчэнлин хийдэд эхэллээ
Азийн Буддистуудын энх тайвны бага хурлын XI ерөнхий чуулган өнөөдөр Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд эхэллээ.
“Сэргээе, урагшилъя” уриатайгаар зохион байгуулагдаж буй уг чуулганд таван улсын 30 гаруй эрдэмтэн судлаач хоёр өдрийн турш илтгэл хэлэлцүүлэх юм.
Азийн Буддистуудын холбооны үндсэн төвүүдээс 130 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирсэн аж. Чуулганы хүрээнд “XXI зууны Буддын өв соёл, үнэт зүйлс” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байгаагаараа онцлог.
Монгол Улсын хувьд Азийн Буддистуудын энх тайвны бага хурлаар дамжуулан гадаад улс орнуудад өөрсдийн өв соёл, уламжлалаа таниулах өндөр ач холбогдолтой гэдгийг нээлтийн үеэр зохион байгуулагчдын зүгээс онцолж хэллээ.
Нээлтийн үйл ажиллагаанд МБШТ Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон бусад албаны төлөөлөл, хүрэлцэн ирсэн Азийн орнуудын хамба лам нар болон Гандантэгчинлэн хийдийн лам, хуваргууд, сүсэгтэн олон оролцов.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
|