Цэцэрлэгийн талбайг барилгын компанид өгөх шийдвэр гарчээ
Сүхбаатар дүүрэгт байрлах 160 дугаар цэцэрлэгийн ногоон талбайд “Өрхтий трейд” компани барилга барихаар төлөвлөжээ. Цэцэрлэгийн удирдлагууд өнгөрсөн хугацаанд газраа алдахгүйн төлөө нэлээд тэмцсэн ч мөнгөтэй компанийн өмнө хүчин мөхөсдсөн байна. Хуулийн байгууллагад хандаж, анхан шатны шүүх хурал өнгөрсөн тавдугаар сарын 27-нд болсон ч шүүх “Өрхтий трейд” компанид газрын эрхийг өгөх шийдвэр гаргасан байдаг. Тиймээс цэцэрлэгийн захирал Ч.Одгэрэл болон эцэг эхийн төлөөлөл давж заалдахаар болжээ.
Уг газрын маргаан 2007 оноос эхлэлтэй. “Өрхтий трейд” компани Төрийн өмчит 160 дугаар цэцэрлэгийн урд талбайг хууль бусаар захирамж гаргуулан ашиглах болсон байна. Тус захирамжийг 2015 онд хүчингүй болгож, 2017 онд цэцэрлэгийн нэр дээр бүрэн шилжүүлсэн байдаг. Гэвч 2018 оны хоёрдугаар сарын 14-нд “Өрхтий трейд” компани уг захирамжийг хүчингүй болгож өгөхийг шаардаж, хүүхдүүдийн ногоон байгууламж, цаашлаад цэцэрлэгийн өргөтгөл барихаар төлөвлөж байсан газрыг булаацалдан шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэлдээ “Манай компанийн газрыг 160 дугаар цэцэрлэг хууль бусаар авсан” гэсэн байна.
Сүхбаатар дүүргийн 160 дугаар цэцэрлэг 280 хүүхдийн хүчин чадалтай ч одоогоор 530 гаруй хүүхэд явж байна. Ачаалал хоёр дахин нэмэгдсэн учраас маргаантай байгаа 4484 ам.метр газарт энэ онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр өргөтгөл барихаар төлөвлөсөн байдаг.
Өргөтгөл баригдсанаар даац хэтэрсэн асуудлыг шийдэх, цаашлаад цэцэрлэгт явж чадахгүй байгаа хүүхдүүдийг хамруулах боломж бүрдэх байв. Гэвч “Өрхтий трейд” компани өөрсдийн эрх ашгийн төлөө гурван блок бүхий 15 давхар орон сууцны хороолол босгохоор ийн улайрч эхэлсэн байна.
Энэ асуудлаар бид Сүхбаатар дүүргийн 160 дугаар цэцэрлэгийн захирал Ч.Одгэрэлээс тодруулахад “Төрийн өмчит цэцэрлэгийн газар дээр барилга барихыг хориглосон Нийслэлийн Засаг даргын захирамж байдаг. Гэтэл шүүх байгууллага “Өрхтий трейд” компанийн талд үйлчилж байна. Өнгөрсөн тавдугаар сарын 27-нд болсон Захиргааны хэргийн анхан шатны шүүх хурлаар “Өрхтий трейд” компанид шилжүүлж өг гэсэн шийдвэр гарсан нь харамсалтай байна. Гэхдээ бид энэ асуудлаар дараагийн шатны шүүхэд хандаж болно” гэлээ.
Сүхбаатар дүүргийн III хорооны иргэн Д.Ганболд “Монгол Улсад шударгаар шийдвэрлэж байгаа зүйл үгүй болжээ.
Хэн нэгэн эрх мэдэлтэй, мөнгөтэй хүний талд шийдвэр гарч байна. Энгийн ард хохироод үлддэг болсон байна. Хэрэв цэцэрлэгийн газарт хотхон баригдвал хүүхдүүдийн тоглоомын талбай, чөлөөт орон зай багасна.
Автомашины хөдөлгөөн нэмэгдэж, хүүхэд аюулгүй зорчих нөхцөл алдагдах сөрөг үр дагавартай. Үр хүүхдүүдийн маань тоглож, наадах орчинг сүйтгэж байгаа энэ шударга бус явдлыг шүүх харсаар байж компанийн талд шийдвэр гаргасанд харамсч байна. Гэхдээ бид эцсээ хүртэл тэмцэнэ” хэмээв.
Мөн уг асуудлаар “Өрхтий трейд” компаниас тодруулахад “Шүүхийн шийдвэр бидэнд ирээгүй учраас тайлбар өгөх боломжгүй байна” гэлээ.
Б.Насанцацрал
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин