Хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээг НЭГ ЦЭГЭЭС үзүүлэх “ХӨДӨЛГӨӨНТ БИРЖ“ Сүхбаатар дүүрэгт ажиллалаа
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хүртээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, алслагдсан дүүрэг, хороодын иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох болон хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл, зөвлөгөө өгөх, зохистой хөдөлмөр эрхлэлтийн ойлголтыг нэмэгдүүлэх, ажилгүй иргэдийг бүртгэх, ажилд зуучлах зэрэг хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээг нэг цэгээс хүргэх зорилгоор “Хөдөлгөөнт бирж” үйл ажиллагааг хавар, намрын улиралд зохион байгуулахаар төлөвлөн энэ хаврын үйл ажиллагаа эхэлжээ.
“Хөдөлгөөнт бирж” үйл ажиллагааг дүүрэг болгоны Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэсүүдтэй хамтран хийж байгаа бөгөөд хүн амын нягтаршил, газар нутгийн онцлогийг харгалзан байршлуудыг сонгож байгаа аж.
Тэгвэл өчигдөр Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэстэй хамтран тус дүүргийн 11-р хороо BSB төвийн урд талбайд Хөдөлгөөнт бирж ажиллалаа.
Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажилд зуучлах үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ц.Тунгалаг:
Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн алба Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газартай хамтран “Иргэн төвтэй Сүхбаатар дүүрэг” аяны хүрээнд иргэдэд хүрч үйлчлэх зорилгоор "Хөдөлгөөнт бирж" үйл ажиллагааг 17-20-ны өдрүүдэд дөрвөн удаагийн өдөрлөгийг зохион байгуулж байна. Өнөөдрийн өдөрлөгийн үеэр 320 гаруй байгууллагын ажлын байрны захиалга ирсэн бөгөөд 50 гаруй хүнийг ажилд зуучилж, 200 гаруй иргэнд мэдээлэл хүргэж ажиллалаа. Харин өнгөрсөн гурван өдрийн хугацаанд 110 гаруй иргэдийг ажилд зуучлаад байна.
Үүнээс гадна Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагаар дамждаг төсөл хөтөлбөр, 2019-2020 онд хэрэгжих төсөл хөтөлбөрийн мэдээллийг гарын авлага хэлбэрээр хүргэж ажиллаж байна.
“Хөдөлгөөнт бирж” арга хэмжээ нь 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар нийслэлийн зургаан дүүргийн нийт 40 хорооны иргэдийг хамруулан 13 байршилд ажилласан бөгөөд энэ үеэр 2000 гаруй сул чөлөөтэй ажлын байрыг иргэдэд санал болгож, зуучлах ажлыг хийгээд байгаа аж.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|