Орон сууцны дундах ногоон байгууламж бүхий талбайд олгосон газрын зөвшөөрлийг цуцаллаа

2019 оны 6 сарын 19

Arslan.mn

Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны иргэд болон тус хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны хороолол дундах ногоон байгууламж бүхий талбайд газрын зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжийн хооронд маргаан үүсээд байгаа аж. Уг газарт барилга барихаар болсныг иргэд эсэргүүцэн суулт хийж байгаа юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр тухайн газарт очин иргэдтэй уулзаж, хууль бусаар олгосон тус газрын зөвшөөрлийг цуцлах болно гэдгээ мэдэгдлээ.

Иргэд оршин суугчдын эсэргүүцэн тэмцэж буй уг газрын зөвшөөрлийг 2014 онд нийслэлийн Засаг даргын А/502 дугаар захирамжаар олгосон байна. “Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай” захирамжаар энэхүү 576 ам метр газрыг иргэн Э-д үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн аж. Иргэн Э-д олгосон газрын зориулалтыг 2018 оны зургаадугаар сарын 18-ны өдрийн А/546 дугаар захирамжаар үйлчилгээтэй орон сууц зориулалттай болгож өөрчилсөн байна.  

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Барилга байшин бариагүй зай талбай хангалттай газар бүтээн байгуулалт хийж болно. Харин орон сууцны хороолол дунд ард иргэдийн салхилах, хүүхэд багачуудын тоглох нийтийн эзэмшлийн ногоон байгууламжтай газарт иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг алдагдуулах барилга байшин бариулахгүй. Тиймээс энэ маргаан үүсгээд байгаа газрын эрхийг хүчингүй болгоно. Зөвхөн энэ газар ч биш, өөр олон байршилд орон сууцны хороололд хууль бус газрын эрхийн зөвшөөрлүүд олгосон байна. Цаашид энэ асуудлуудыг шат дараатай шийднэ” хэмээлээ.

Хотын Захирагч энэхүү орон сууцны хороолол дундах ногоон талбайд газар олгосон шийдвэрийг цуцласнаар нийтийн эзэмшлийн ногоон байгууламж хэвээр нь үлдэхээр болов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604987
2 эможи

keyboard_arrow_up