“Улаанбаатар зам засвар ашиглалтын газар“ компани шар хайсыг бэхэлж амжаагүй байсан гэв
Зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор өнгөрсөн долоо хоногт хотын төв замаар үргэлжилсэн шар төмөр хайс байршуулсан билээ. Монголд хайс үйлдвэрлэдэг ч урд хөршөөс үнэ цохиж 700 сая гаруй төгрөг төсөвлөж авсан эд нь бороотой шөнийн ая даалгүй зарим газраараа салаад уначихсан.
Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөрийн “Жилийн баталгаатай, 10 жилийн эдэлгээтэй” гэж амласан хайс нь салхинд нурж замын хөдөлгөөнд оролцож явсан тээврийн хэрэгсэлд эвдрэл учруулсан юм.
Энэ талaар Улаанбаатар хотын захирагчийн албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяраас тодруулга авлаа.
-Өнгөрсөн амралтын өдөр шар хайс салхинд хийсэж унасан. Та бүхэн байршуулахдаа нэг жилийн баталгаатай, 10 жилийн эдэлгээтэй гэж мэдэгдэж байсан шүү дээ?
-Амралтын өдрүүдээр 24-28 метр секундийн хүчтэй салхи дэгдэж онц аюултай шуурга боллоо. Айл өрхийн дээвэр хуйлрахаас өгсүүлээд ургаа мод хүртэл унасан байсан. Энэ үеэр замтайгаа бэхэлж амжаагүй байсан шар хайснууд уналаа.
-Ослоос шалтгаалж эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хэдэн иргэн хохирсон бэ?
-Хашаа унасны улмаас нийт есөн машинд эвдрэл учирсан байна лээ. Өнөөдөр нийслэлийн Засаг дарга хариуцлага хаана алдсаныг олж тогтоохоор ажиллаж байна. Хариуцлага алдсан байгууллага, албан тушаалтан хохирлыг барагдуулна. Мөн хайсыг засварлаж байсан иргэн хөнгөн зэргийн гэмтэл авсан гэх мэдээлэл байгаа. Тухайн иргэн ажлаа хэвийн хийгээд явж байна.
-Шар хайсыг бэхэлж суурилуулах ажлыг ямар компани хариуцаж гүйцэтгэж байсан бэ?
-“Улаанбаатар зам засвар ашиглалтын газар” гэж компани нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу гүйцэтгээд явж байна.
-Суурилуулахдаа бэхлээд явдаггүй юм уу?
-Асуудал энэ дээр л хөндөгдөж байгаа юм. Хэн, хаана хариуцлага алдсаныг тогтоож иргэдийн хохирлыг барагдуулах ёстой. “Улаанбаатар зам засвар ашиглалтын газар” компани суурилуулсан даруйдаа бэхлээд явах ёстой байсан ч амжаагүй байсан юм билээ.
-Эвдэрсэн тээврийн хэрэгслүүдэд үнэлгээ хийгдсэн үү. Цаг тухайд нь бэхэлгээ хийгээгүй “Улаанбаатар зам засвар ашиглалтын газар”-аас хохирол барагдуулах уу?
-Хан-Уул дүүргийн замын цагдаагийн газраас үнэлгээг нь гаргана. Учирсан хохирлыг хариуцлага алдсан мэргэжилтэн, албан байгууллага барагдуулах ажлыг зохион байгуулна.
-700 гаруй сая төгрөг төсөвлөж авсан шар хайс зарим газар сууриараа хагарсан байна лээ. Баталгааны хугацааг нэг жил гэж мэдэгдсэн шүү дээ. Хайс оруулж ирсэн “Даян байгаль” компани хариуцлага хүлээх үү?
-“Даян байгаль” компани барьцааны хөрөнгөө үлдээсэн. Эвдрэл гэмтэл нь тухайн байгууллагын хариуцлагатай холбоотой байх юм бол эвдрэлийг компани хариуцна.
-Шар хайсны эвдрэлд нэмж мөнгө төсөвлөсөн үү. Цаашид яах вэ?
-Төсөв батлаагүй. Их хэмжээний эвдрэл гараагүй шүүдээ. Бэхэлгээг нь хийчихэд л хэвийн болно.
Монголд хайс хашаа үйлдвэрлэдэг газар олон бий. Гэсэн ч урд хөршөөс хашаа импортолсонд таагүй хандах аж ахуйн нэгж байгууллагууд олон байгаа. Энэ талаар Нийслэлийн захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдал удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Г.Билгүүнээс тодруулга авлаа.
-Манайд хайс үйлдвэрлэдэг компаниуд олон шүү дээ. Заавал урдаас импортлох хэрэг байсан юм уу?
-Манайд төмөр хийц нийлүүлдэг компаниуд байгаа. Монгол үйлдвэрлэгчдээсээ авъя гэхэд хэтэрхий үнэтэй байдаг юм. Ийм хэрнээ л “Биднийг дэмжсэнгүй гээд яриад ярьдаг. Өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд үнэ дээрээ уян хатан хандвал хэн хэндээ ашигтай.
Энэ шар хайсны цайран түрхлэгийг манайхан хийж чадах уу, зэврэлтээс хамгаалах будгийг нь хийж чадах болов уу гэдэг эргэлзээтэй. Манайхан хийсэн хашаагаа төмрийн будгаар л будчихсан байдаг шүү дээ.
-Та бүхэн тендерээ олон хүнд нээлттэй зарласан юм уу. Төдийлөн олонд хүрэхээргүй хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тавьсан нь нэлээд хардлага төрүүлж байгаа?
-Cap орчим хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан нээлттэй тендерт ганцхан компани хүсэлт ирүүлж, оролцохоо илэрхийлсэн. Ингээд уг компани тендерийг авч ажлаа гүйцэтгэсэн дээ. Манайхан өрсөлдөх чадвараа сайжруулаад энэ тендерт оролцох боломж нь нээлттэй байсан шүү дээ.
Тендерт оролцоогүй байж "Бид 200 саяар хийх байсан юм” гэх утгагүй.
-Хүсэлт ирүүлсэн компани нь дотооддоо үйлдвэрлэх боломжгүй байсан юм уу?
-Хүсэлт ирүүлсэн “Даян байгаль” компани шалгарсан. Шалгарсан компани дотооддоо үйлдвэрлэнэ үү, гадаадаас импортолно уу өөрсдийнх нь дур байдаг. Төсвөө өөрсдөө хийгээд, тэр компанид аль нь илүү боломжтой байна гэдэг талаа л харна гэсэн үг.
Хүмүүс үндэсний үйлдвэрлэлийг зориуд хаасан гэх мэтээр ташаа ойлгож байна. Бид нээлттэй тендер зарлаж үндэсний үйлдвэрлэгчдэд боломж олгосон. Компаниуд маань өөрсдөө асууж сураглаад оролцох эрх нь нээлттэй байсан. Өдөр тутмын зарим сонин болон цахимаар тендерийн зар нэг сарын турш явсан шүү дээ гэв.
Төмөр хийцийн үйлдвэр эрхлэгч Ч.Баасансүрэнтэй ярилцлаа.
-Манай төмөр хийц эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал, ур чадварыг олон улсад яаж үнэлдэг вэ. Хашаа хайс дотооддоо үйлдвэрлэх, боловсруулах боломжтой биз дээ?
-Ур чадвар бол дээгүүр үнэлэгддэг шүү. Манайхан хайс хашааг 1,000 гаруй төрлөөр хийж зах зээлд нийлүүлдэг. Чанар стандартын тухайд хаана ч гологдохгүй.
-Улаанбаатар хотын захирагчийн албанаас төв замаар тавих хайс хийх нээлттэй тендер зарлахад нэг л компани хүсэлт ирүүлсэн гэсэн?
-Нэг компани тэр их хэмжээний хайсыг нийлүүлэхэд хүчин чадал хүрэхгүй л дээ. Энд зах зээл жижигхэн болохоор тэр байх.
-Ийм хэмжээний хайсыг дотооддоо үйлдвэрлэх боломжгүй гэсэн үг үү?
-Манайд хөрөнгө санхүүгийн эх үүсвэр, төр засгийн итгэлцэл дутагдалтай байдаг. Дөрвөөс таван үйлдвэр хамтраад зүтгэхэд хэдэн жилдээ нураад уначихааргүй хайс хийх чадамж бий. Энэ төрлийн бизнес эрхлэгчдэд мөн том дэмжлэг болох байсан даа.
-Үнэ өртгийн тухайд өндөр байдаг гэх гомдол гардаг шүү дээ?
-Түүхий эд тээвэрлэлтийн зардал, ажилчдын цалин хөлс, хувьсах зардалд үндэслэж үнэ өртгөө бодож гаргадаг.
Эх сурвалж: Өдрийн сонин