ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: НИЙСЛЭЛ

2019 оны 6 сарын 15

Arslan.mn

Энэ долоо хоногт /2019.06.09-2019.06.15/ болсон Нийслэлтэй холбоотой онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.

Нийслэлийн төсвийн орлогын төлөвлөгөөг тасалдуулсан байгууллагуудын орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 

Arslan.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийсэн бөгөөд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд 2019 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, үйл ажиллагааны үр дүнгээ дүгнэх, тайлан мэдээгээ Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/335 дугаар захирамжийн дагуу НЗДТГ-т болон дээд шатны байгууллагуудад хугацаанд нь хүргүүлэхэд анхаарч ажиллах”-ыг нийслэлийн нутгийн  захиргааны байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо. Мөн Нийслэлийн төсвийн орлогын төлөвлөгөөг тасалдуулсан байгууллагууд орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлж, орлогын тасалдлыг энэ сардаа багтаан нөхөн төвлөрүүлэх ажиллах, “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2019” форум зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангах зэрэг үүрэг даалгаврыг холбогдох албан тушаалтнуудад өгч төлөвлөсөн хугацаанд хариуцлагатай хийж хэрэгжүүлэхийг үүрэг болгосон юм.

Хотын захирагч Азийн Хөгжлийн банкны удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа

Arslan.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өчигдөр Азийн Хөгжлийн банкны удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх захирал Кшатрапати Шиважигаар ахлуулсан тус банкны удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр нийслэл хотод хэрэгжиж байгаа “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр” /BRT/ төслийн талаар, цаашид энэ төслийг санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрт заагдсан зорилго, чиглэлийнх нь дагуу хэрэгжүүлж, төслийн ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллах талаар хоёр тал санал солилцлоо. Мөн “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”, “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал болон энэ хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлын явц, үр дүн, цаашид шинээр хийж хэрэгжүүлэх төслүүдийн талаар ярилцсан юм.

Наадамчдын зам дагуух тохижилтын ажил энэ сарын 25-нд дуусна

Arslan.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Хан-Уул дүүргийн 4, 5, 6, 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Наадамчдын зам дагуу хийгдэж байгаа ногоон байгууламж, зүлэгжүүлэлтийн ажилтай газар дээр нь очиж танилцлаа.

“Наадамчдын замын урд хэсгийн 6.5 км замд энэ жил Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тохижилт, ногоон байгууламж, зүлэгжүүлэлтэд 90.000 ширхэг хайлаас, 4300 ширхэг гоёлын мод, бут тарьсан. Одоо 2 га газарт зүлэгжүүлэлтийн ажил хийгдэж байна. Энэ ажил зургаадугаар сарын 25 гэхэд дуусна. Ажлыг 11 аж ахуйн нэгж хариуцан гүйцэтгэж байгаа. Хийсэн тохижилт болон ногоон байгууламжийнхаа арчилгааг аж ахуйн нэгжүүд арваннэгдүгээр сар хүртэл хариуцаад хийнэ” гэдгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр энэ үеэр танилцуулсан юм.

Наадамчдын замын урд талд тохижилт, ногоон байгууламж, зүлэгжүүлэлтийн ажил явагдаж байхад замын ард талд дулааны шугам сүлжээ нэрээр газар ухсан, эргээд хучилтаа хийгээгүй, орчны ногоон байгууламжийн ажлыг сүйтгэсэн байв. Уг ажилтай танилцсан Хотын захирагчийн зүгээс ажлыг гүйцэтгэж буй холбогдох байгууллагад яаралтай мэдэгдэн, орчин тойрноо бохирдуулсан ийм зүй зохисгүй ажил хийж болохгүй, энэ асуудлыг холбогдох хууль дүрмийн дагуу шийдэх шаардлагатай гэдгийг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт үүрэг болгосон юм. Мөн зам дагуух ногоон байгууламж, зүлэгжүүлэлтийн ажлыг стандартын дагуу тохижуулах, тэр орчимд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд ногоон байгууламжийн ажилд саад учруулахгүй байх, хамтарч тохижилтын ажилд оролцох шаардлага хүргүүлэх, дүүрэг, нийслэлийн холбогдох байгууллагууд хамтраад энд хяналтаа тавиад явахыг энэ үеэр холбогдох албаныханд үүрэг чиглэл болгов.

“Улаанбаатар хотын банк” ХХК-ий газар эзэмших эрхийг цуцаллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Улаанбаатар” зочид буудлын урд талд байрлах цэцэрлэгт хүрээлэн болон, Монгол Улсын их сургуулийн хичээлийн хоёрдугаар байрны урд талд байрлах нийтийн эдэлбэр газруудын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийг энэ долоо хоногт гаргалаа.

Захирамжид “Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байгаа “Улаанбаатар” зочид буудлын урд талд байрлах 10800 м квадрат талбай, МУИС-ын хичээлийн хоёрдугаар байрны 1200 метр квадрат оюутны талбай, цэцэрлэгт хүрээлэн, тохижилт бүхий газруудад эзэмшил ашиглалтад олгохыг хориглосон байршилд газар эзэмшүүлж эрхийн гэрчилгээг олгосон, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй,газар эзэмшигч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй учраас “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай” гэжээ.

“Хот төлөвлөлт судалгааны институт” байгуулахыг дэмжлээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 6-р сарын 11-ний өдрийн хуралдаанаар “Хот төлөвлөлт судалгааны институт” ОНӨТҮГ байгуулах талаар хэлэлцсэн юм.  “Зураг төслийн хүрээлэн” ОНӨҮГ нь анх 1964 онд “Барилга засвар шугам сүлжээний зураг төсвийн групп” гэсэн нэрээр байгуулагдаж түүнээс хойш 50 гаруй жил аж ахуйн тооцоон дээр үйл ажиллагаа явуулж өнөөдрийг хүрчээ. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 20 дугаар тогтоолоор “Нийслэлийн зураг төслийн хүрээлэн” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын зорилт, үйл ажиллагааны үндсэн чиглэл, бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах замаар “Хот төлөвлөлт судалгааны институт байгуулах” талаар холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд төсөл боловруулагдсан байна.

“Хот төлөвлөлт судалгааны институт” ОНӨААТҮГ болсноор хот байгуулалтын суурь судалгаа хийх зургаан дэд чиг үүрэг, Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах есөн дэд чиг үүрэгтэй болж өөрчлөгдөх аж.

Үүнээс гадна “Улаанбаатар хотын телехяналтын нэгдсэн системийг төлөвлөх, зохион байгуулах, мэдээллийг ашиглах журам” батлах тухай хэлэлцэж, Зургаан дүүргийн 30 байршлыг “Нийтийн эдэлбэр” газарт хамруулан тогтоохоор болсон юм.

“Татвараа төлөөгүй ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ тусгай төхөөрөмж ашиглан илрүүлнэ“

Arslan.mnАвтотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөр хураамжийг хугацаандаа төлөөгүй автотээврийн хэрэгсэл эзэмшигчдэд энэ сарын 10-ны өдрөөс эхлэн хяналтын үзлэг, шалгалт хийх болсонтой холбогдуулан нийслэлийн Татварын газар, Тээврийн Цагдаагийн албанаас хамтран хэвлэлийн хурал хийсэн юм.

Энэ үеэр Нийслэлийн Татварын газрын дарга Д.Мөнх-Учрал “Татвар төлөгч цахим орчноор төлөх бололцоог хангаж ажиллаж байна. Хуучин татвар төлснийг гэрчилдэг байсан бол энэ удаад тээврийн хэрэгслийн гэрчилгээг QR кодтой болгож шинэчилсэн. Иймд тухайн тээврийн хэрэгслийг замын цагдаа нар газар дээр нь татвар төлсөн, төлөөгүйг нь мэдэх бүрэн боломжтой. Жолоочид уг гэрчилгээгээ хэвлэж аван, өөртөө авч явсан тохиолдолд татвар төлснийг нь батлах юм. Хяналт шалгалтын үеэр татвараа хугацаанд нь төлөөгүй тээврийн хэрэгслийн эзэмшигчдэд хуулийн дагуу хариуцлага ногдуулна. Харин өнөөдөр маргаашийн дотор сайн дураараа Автотээврийн үндэсний төвийн татвар хураадаг цэгүүдэд болон E-tax.mta.mn цахим хаягаар төлсөн тохиолдолд асуудал үүсэхгүй" хэмээлээ.

Л.Эрдэнэчулуун: Иргэд гүний ус хэмээн андуурч, хөрсний нян вактертай усыг ихээр хэрэглэж байна

Arslan.mn

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын даргын зөвлөл өнгөрсөн 13-ны өдөр  хуралдаж, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд хийсэн хяналт шалгалтын дүнг танилцууллаа. 

Энэ үеэр НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун " Энэ оны төлөвлөгөөт шалгалтыг Улаанбаатар хотын ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн, үйлдвэрлэлд НМХГ-аас 34 байцаагч  хийсэн. Нийт шалгалтын дүнгээс харахад үнэхээр шаардлагын хэмжээнд хүрээгүй байна. Улаанбаатар хотод хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилт, иргэдийн хүнсний эрүүл байдлыг хангах нь хүнсний үйлдвэрлэл эрхэлж буй байгууллагын гол чиг үүрэг. Гэтэл манай үйлдвэрүүд наад зах нь өөрийн дотоод хяналт байхгүй дээрээс нь мэргэжлийн эрүүл ахуйчгүйгээр үйлдвэрлэл явуулж байна. Орчны эрүүл ахуйн арчдасын шинжилгээ авахаар бараг 97 хувь нь нянгийн бохирдолтой гарч байна.

Наад зах нь гүний худгийн стандарт нь зөрчилтэй. Уг нь гүний худгийн стандарт 60-130 метр гүн байдаг. Гэтэл гүний худаг гаргасан нэртэй зарим хүмүүс 27-30 метр газар ухаж, Улаанбаатар хотын хөрсний бохирдолтой усыг ашиглаад байдаг. Энэ чинь нянгийн бохирдлын эх суурь гэдгийг ойлго. Эндээс харахад шалгалтаар маш их эрсдэлтэй нь илэрсэн газрууддаа ямар ч хариуцлага ногдуулаагүй байна. Өнөөдрийн шийдвэр дээр албан тушаалтных нь нэрийг нь бичээд хариуцлага тооц. Тэгш бус байдал бий болгож болохгүй. Шударга л байх ёстой" гэв.

Хөдөлмөрийн нийгмийн хяналтын тухай хуулийг дээрх дүүргүүдийн 20 аж ахуйн нэгж байгууллагаас нийт 44 зөрчил илрүүлж 86.3 хувийг арилгажээ. 

Нийслэлийн төрийн албан хаагчдын үйл ажиллагааг сайжруулах зорилготой хяналтын картын тогтолцоог нэвтрүүллээ

“Төрийн үйлчилгээний цахим шилжилт” төслийн хүрээнд нийслэлийн дотоод удирдлагын нэгдсэн систем “erp.ulaanbaatar.mn” болон цахим үйлчилгээний нэгдсэн портал “eservice.ulaanbaatar.mn” системүүд хэрэглээнд нэвтэрсэн билээ. Тэгвэл Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд дотоод үйл ажиллагааны удирдлагын системд хяналтын картын тогтолцоог нэвтрүүлж эхэллээ.Байгууллагын дотоод үйл ажиллагаанд хяналтын картыг нэвтрүүлэх, Төрийн үйлчилгээний цахим системүүдийг үйл ажиллагаандаа хэрхэн ашиглах тухай сургалтыг энэ долоо хоногт зохион байгууллаа.  

БГД ХХҮХ: Гарааны бизнесийг дэмжих зорилготой “START UP” хөтөлбөрт шалгарсан төсөлд 10 сая төгрөг олгоно

Arslan.mnМонгол улсад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэр тусмаа гарааны бизнес эрхлэх залуучуудад чиглэсэн шинэ хөтөлбөр болох залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр амжилттай хэрэгжиж олон залууст үр өгөөжөө өгч эхлээд байна. Тэгвэл Баянгол дүүргийн залуусын “Гарааны бизнес”-ийг дэмжих хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа энэ долоо хоногт боллоо. Нээлтэнд  Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Г.Ганзориг, Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга Г.Энхбаяр, Монголын үндэсний маркетингийн холбооны удирдах зөвлөлийн дарга Старт ап маркетинг төвийн захирал Ж.Золзаяа болон хөтөлбөрт оролцож буй 60 гаруй залуус  оролцсон юм.Залуучууд болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдийг аж ахуй, бизнес эрхлэх ур чадвар, шинэлэг санаанд тулгуурлан гарааны болон санхүүгийн дэмжлэг олгох, бизнесээ тогтвортой эрхлэхийг дэмжих арга хэмжээнд хамруулж байнгын ажлын байртай болгох замаар тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд уг хөтөлбөрийн зорилго орших юм.

НИЙТИЙН ТЭЭВРЭЭР зорчигчдын СТАТИСТИК мэдээллийг гаргадаг болно

Arslan.mn
Нийслэлийн иргэд нийтийн тээврээр зорчихдоо смарт карт ашиглаад багагүй хугацааг өнгөрөөж байна. Ингэснээр нийтийн тээврээр зорчигчдын хэчнээн нь ахмад настан, оюутан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд болох мөн хаанаас хаашаа, аль чиглэлд илүү зорчдог зэрэг мэдээллийн бааз бий болдог. Тухайлбал, Улаанбаатар хотод өдөр бүр 700-900 мянган иргэн смарт карт ашиглан нийтийн тээврээр зорчдог аж. Эдгээр болон бусад Big data ашиглаж шинэ мэдээ гаргах, тэдгээрийг албажуулж статистик мэдээллийн төрлийг нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байна.

Тус ажлын хүрээнд Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа, “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Мөнхболор, Үйл ажиллагааны хэлтсийн дарга Ц.Түвшинжаргал нарыг хүлээн авч уулзлаа

Ажил хайж буй хэн бүхэнд “ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨВ“-ийн үүд хаалга нээлттэй

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар “НЭГ ӨРХ-НЭГ АЖЛЫН БАЙР” дэд хөтөлбөрийн үндсэн зорилтын хүрээнд иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээг нэг дороос үзүүлэх зорилготойгоор “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-ийг байгуулан ажиллаж байна.

Тус төв нь ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагуудаас ажлын байрны захиалга авах, ажил хайгч иргэнийг бүртгэх, ажилд зуучлах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээллээр хангах, сургалт, арга хэмжээ, төсөл хөтөлбөрт хамруулах, дохионы хэлмэрч зэрэг үйлчилгээг нэг дороос үзүүлж, залуучууд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, албан бус эдийн засгийн салбарт хөдөлмөр эрхлэгчдийг дэмжин ажиллахаас гадна холбогдох стандарт, шаардлагад нийцсэн үйлчилгээний таатай орчныг бүрдүүлснээрээ онцлог юм.

Сүхбаатар дүүргийн ХХҮХ иргэдийн оролцоотойгоор төсөл хөтөлбөрүүдээ шалгарууллаа

Arslan.mn

Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийн 2019 оны материалуудыг өнгөрсөн дөрвөн сард авсан бөгөөд энэ долоо хоногт дээрх төслүүдийг шалгаруулах ажлыг зохион байгууллаа. Төсөл шалгаруулалтын хувьд энэ жилээс эхлэн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр тэдний үнэлгээг харгалзан нээлттэй, иргэдийн оролцоотойгоор шалгаруулсанаараа онцлогтой боллоо.

Энэ жилийн хувьд ажлын байрыг дэмжих хөтөлбөрт  87, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрт 50, Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөрт 51 иргэн тус тус материалаа ирүүлсэн бөгөөд үүнээс нийт 50 орчим төслийг шалгаруулсан аж.  

Нийслэлийн Засаг даргын явуулын оффис Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт ажиллав

Arslan.mn

Нийслэлийн Засаг даргын явуулын оффис энэ сарын 10-ы өдөр Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа. Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөрийн газар, Нийгмийн халамжийн газар, Цагдаагийн газар, Боловсролын газар, Бүртгэлийн газар, Эрүүл мэндийн газрын холбогдох албан тушаалтан мэргэжилтнүүд явуулын оффист ажиллаж, иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч мэдээлэл зөвлөгөө өгч ажилласан байна. 

Харин 12-ны өдөр Нийслэлийн ЗДТГ-ын Явуулын байр “Нарантуул” олон улсын худалдааны төвд  ажиллаж, нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Нийгмийн халамжийн газар, Цагдаагийн газар, Боловсролын газар, Эрүүл мэндийн газар,  Бүртгэлийн  газрын холбогдох албаныхан иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч, мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллажээ.

Төв талбайн урд хэсэгт газар доор хоёр давхар авто зогсоолтой, усан оргилуур бүхий ногоон байгууламжийн төсөл шалгарлаа

Arslan.mn

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/439 дугаартай захирамжийн дагуу Д.Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газрын тохижилтыг мэргэжлийн байгууллага, иргэд, олон нийтийн оролцоотой шинэчлэх, шинэ санаа, шилдэг шийдлийг тодорхойлох зорилгоор зураг төсөл боловсруулах уралдааныг өнгөрсөн сарын 15-29-ний өдрийн хооронд явууллаа. Уралдаанд нийт 16 баг оролцож, шинэлэг, бүтээлч олон санааг дэвшүүлсэн бүтээл ирүүлжээ.   

Тэргүүн байранд “Төвшингүүд Констракшн” ХХК багийн төсөл шалгарч өргөмжлөл, 20 сая төгрөгөөр шагнуулсан байна. Тэргүүн байранд шалгарсан багийн гол үзэл санаа нь 2.5 га талбайд төлөвлөж буй тохижилтыг Улаанбаатар хотын ногоон байгууламжийн босоо тэнхлэгийн гол үзэл санааг үргэлжлүүлж, одоо байгаа хашаа хайс бүхий хайрцагласан, тэгш өнцөгт огтлолцсон явган зам бүхий орчинг задлах, нийтийн нээлттэй орон зайг нэмэгдүүлэх, иргэдийн амрах зугаалах, жилийн дөрвөн улирлын онцлог байдалд тохируулан зохистойгоор ашиглах, нэн шаардлагатай автомашины дулаан зогсоол, агаар орчны хуурайшилт, бохирдол, явган болон автомашины хөдөлгөөний түгжрэл, аюултай бөгөөд төвөгтэй байдлын олон асуудлыг шийдсэн, таатай орчинг хотын төв цэгтээ бий болгохыг зорьсон байна.

Цэрэг эх оронч үзэл төлөвшүүлэх сургалт зохион байгууллаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, Монгол Цэргийн нэгдсэн холбоотой хамтран ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн эрэгтэй сурагчдад зориулсан сургалт, лекц зохион байгууллаа. Баянзүрх, Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын ахлах ангийн 400 эрэгтэй сурагч хамрагдсан энэхүү сургалт Монгол эр хүний үүрэг хариуцлага, хүмүүжил төлөвшлийн сэдвээр нийслэлийн Иргэний танхимд болсон юм.

Энэ удаагийн сургалт, лекцээр дамжуулан сурагчдад цэрэг эх оронч, үндэсний бахархалт үзлийг төлөвшүүлэх зорилготой гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа.

Яармагийн хуучин гүүрийг өнөөдрөөс хаалаа 

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

БНХАУ-ын засгийн газрын урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн хүрээнд  хуучин гүүрний дам нуруу буюу доод хэсгийг засварлахаар болжээ.

Яармагийн хуучин гүүрний хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн 25-ны өдрийг хүртэл хааж, дөрвөн эгнээ шинэ гүүрийг эсрэг урсгалтайгаар зохион байгуулах аж. Тус чиглэлд зорчих иргэдийг хөдөлгөөний эрчим, замын ачааллыг тооцон хөдөлгөөнд оролцохыг нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра санууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604818
0 эможи

keyboard_arrow_up