2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Япон улсын Кобе Их Сургуулийн харьяа Эдийн засгийн сургуулийн судалгааны баг болон  Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын хооронд “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгууллагдлаа.

Япон улсын Кобе Их Сургуулийн судалгааны баг нь Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага, Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны хөтөлбөрийг хэрэгжүүлэх Улаанбаатар хотын хүн амын амьдралын таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газраас хэрэгжүүлж буй “Дэд бүтцийн төв” төслийн үр нөлөөг судлах, төсөл хөтөлбөрт хамрагдсан айл өрхийн эдийн засгийн болон суурь судалгааг авч  нэгтгэн боловсруулах зорилгоор судалгааны ажлыг эхлүүлээд байгаа юм.

 

Тус санамж бичгийн хүрээнд Япон улсын академич, Кобэгийн их сургуулийн эдийн засгийн тэнхимийн профессор Кейжирү Оцүка,  дэд профессор Ямасаки Жуничи, дэд профессор Гото Жун, хамтарсан судлаач Ш.Болор нар Улаанбаатар хотод хүрэлцэн ирж, санамж бичигт заасан зорилгын хүрээнд цаашид хамтран ажиллах зохих шатны төрийн байгууллагын төлөөлөл, албан тушаалтнуудтай уулзалт хийлээ.

Судалгааны багийнхан “Хөгжиж буй орнуудын эдийн засгийн хөгжлийн бодлого дахь баримт нотолгооны ач холбогдол: Африк, Зүүн өмнөд Азийн орнуудын судалгааны туршлагаас” болон “Улаанбаатар хотын гэр хороолол дахь дэд бүтцийн төвийн үр нөлөөг хэмжих судалгааны тойм” сэдвүүдээр илтгэл тавин холбогдох ажилтнуудаар хэлэлцүүлэг явуулав.

Мөн Кобе Их Сургуулийн төлөөлөгчид Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Дэд бүтцийн төвийн ажлын явц болон дахин төлөвлөлтийн ажилтай танилцаж, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, хандлагаа тодорхойлох, дэд бүтцийн асуудлыг судалж буй инженер, эдийн засгийн судлаачдад зөвлөмж өгөх, хамтын ажиллагаагаа илүү өргөн хүрээнд нэмэгдүүлэхээр харилцан тохиролцсон үр дүнтэй уулзалт боллоо.