Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажилтай Ерөнхий сайд танилцав
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон бусад албаны хүмүүс нийслэлийн Налайх дүүрэгт ажиллалаа.
Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн төслийн ажлын явцтай эхлээд танилцлаа. Уг төсөл нь өнгөрсөн дөрөвдүгээр сард ажил нь эхэлсэн бөгөөд энэ оны арваннэгдүгээр сард хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байгаа аж. Өнөөдрийн байдлаар ажлын явц 20 хувийн гүйцэтгэлтэй байгааг Улаанбаатар хотын Автозам, нийтийн тээвэр хариуцсан орлогч дарга Б.Отгонсүх хэлэв. Хоёр эгнээ тус автозамыг дөрвөн эгнээ 26 метрийн өргөн болгон өргөтгөж байгаа бөгөөд Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Синохайдро” ХХК ажиллаж байна. Харин туслан гүйцэтгэгчээр Монгол Улсын “Тэгшплант” ХХК, “Гашууны гол”ХХК, “Дарданговь” ХХК гэсэн гурван компани ажиллаж байгаа аж. Төслийн хүрээнд 20,9 км автозам, Хөлийн голын гүүр, нүхэн гарц, суурьшлын бүс дагуу явган хүний болон дугуйн зам, явган хүний гүүр, нийтийн тээврийн зогсоол, ус зайлуулах байгууламж, гэрэлтүүлгийн ажлуудыг хийж гүйцэтгэх юм байна.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|