Архивын 19 төрлийн лавлагааг гэрээсээ онлайнаар захиалах боломжтой
“Төрийн үйлчилгээний Цахим шилжилт” төслийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжиж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд нийслэлийн Архивын газрын Лавлагаа, үйлчилгээний хэлтсийн Лавлагаа мэдээлэл хариуцсан мэргэжилтэн С.Дөлгөөнтэй ярилцлаа.
-“Төрийн үйлчилгээний цахим шилжилт” төслийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжиж байгаа талаар мэдээлэл өгөөч?
Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулж, чирэгдэлгүй, ил тод, түргэн шуурхай үйлчилгээг иргэдэд хүргэх зорилтын хүрээнд Нийслэлийн нутгийн захиргааны таван байгууллагын 47 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, нэгдсэн системд оруулах ажлууд хийгдсэн. Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн eService.ulaanbaatar.mn портал нэвтэрснээр иргэд төрийн үйлчилгээг цахимаар авах нөхцөл бүрдэж байгаа бөгөөд иргэд аж ахуй, нэгжүүд авах үйлчилгээнийхээ шийдвэрлэлтийн явцад хяналт тавих, үйлчилгээний хоног хугацаа, шат дамжлага багасах, онлайнаар төлбөр, хураамжаа төлөх зэрэг олон талын ач холбогдолтой болсон юм.
- Нийслэлийн Архивын газрын зүгээс цахим системээр хэдэн төрлийн үйлчилгээ үзүүлж байгаа вэ?
-Манай байгууллагаас иргэн хуулийн этгээдэд 19 нэр төрлийн лавлагааны үйлчилгээг үзүүлж байна. eService.ulaanbaatar.mn цахим систем нэвтэрсэнтэй холбогдуулан Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл, Драгон, Оргил салбаруудаас үйлчилгээ авахад үйлчилгээний төлбөрийг банкны карт уншуулан төлөх боломжтой болсон.
-Цахим системээр үйлчилгээ үзүүлэхийн давуу тал болон иргэдийн хандалт хэр байна вэ?
-Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн портал нь Архивын лавлгааны нэгдсэн системтэй мэдээлэл солилцож ажилладаг учраас үйлчилгээний хүсэлтийн шийдвэрлэлтийн явцын хяналтыг тавих боломжтой болсон. Мөн иргэд үйлчилгээний төлбөрийг онлайн төлбөрийн эрхтэй карт ашиглан гэрээсээ төлөх бололцоотой юм. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 1281 үйлчилгээ үзүүлснээс НҮНТ-өөр дамжуулан үйлчилгээ авсан байна.
-Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем ашиглан үйлчилгээний хүсэлт гаргагчаас зарим бичиг баримт шаардахгүй үйлчилж байгаа гэлээ энэ талаар?
-Үйлчилгээ авах иргэнээс иргэний үнэмлэх шаардахгүйгээр Төрийн мэдээлэл солилцооны ХУР системээс мэдээлэл авч иргэдэд чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлж байна.
-Архивын лавлагаа авах үйлчилгээг цахимаар авах хүсэлтэй иргэд юуг анхаарах шаардлагатай вэ?
Иргэн, аж ахуйн нэгж eService.ulaanbaatar.mn цахим системд нэвтрэхдээ Үндэсний танилт нэвтрэлтийн нэгдсэн ДАН системд хандаж өөрийгөө цахим орчинд нотолсны дараа манай үйлчилгээг авах хүсэлтээ гаргана. Хэрхэн нэвтрэх тухай видео гарын авлага үндсэн хуудаст байдаг. Харин цахим систем ашиглах боломжгүй иргэд маань үйлчилгээний нэгдсэн төвүүдэд хандаж хүсэлтээ гаргаж боломжтой.
Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.
-Баярлалаа.
НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР